МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэй цэргийн албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох эсэхийг хуульд тусгана
2023.10.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Эмэгтэй цэргийн албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох эсэхийг хуульд тусгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгасан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа. 

Тус хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох, дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Мөн цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хуулийн хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг тусгахаар оруулжээ.

Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ