МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"И-Баримт”-ын  цаасгүй, шууд бүтгэгдэх системд сүлжээ дэлгүүрүүд нэгдэж байна
2023.10.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

"И-Баримт”-ын цаасгүй, шууд бүтгэгдэх системд сүлжээ дэлгүүрүүд нэгдэж байна

Худалдан авагч НӨАТ-ын цаасан баримтыг уншуулдаг, гараар шивдэг төвөгтэй процессийг халж цахимаар шууд бүртгэгддэг хялбар шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар өнгөрсөн жил санаачлага гаргаж байлаа.

Энэ хүрээнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгч үүрэгжүүлсэн юм. Өнөөдөр тус ажлын явцтай танилцахаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын удирдлагуудтай уулзлаа.

"И-Баримт”-ын хялбар бүртгэлийн гэрээнд өнөөдрийн байдлаар 54 компани нэгджээ. Харилцаа холбооны компаниуд энэхүү ажлыг манлайлан эхлүүлж байсан бол хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болоод байна.

2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг энэхүү хялбар горимоор бүртгэжээ. Тус системд “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд шинээр нэгдэж байгаа сайхан мэдээ байна.

НӨАТ-ын баримт бүртгэлийн хялбар шийдэл нь цаасны зардлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй болох, цаг хугацаа хэмнэх, буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумьж татварын бүрдүүлэлтийг өргөтгөх зэрэг олон ач холбогдолтой.
Цаашид компаниудын тоог нэмэгдүүлэх, мөн Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран банкны карт, аппликэйшн зэрэг төлбөр тооцооны системд тулгуурлан илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ