МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг
2023.10.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Э.Батшугар: Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-2024 оны төсвийг ярихаас өмнө Хятадын эдийн засгийн төлөв байдлын талаар асууя. Хятадын нүүрс зэсийн хэрэглээ, эдийн засгийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Хятадын эдийн засагт дүн шинжилгээ хийвэл, сарын өмнөхтэй харьцуулахад хамаагүй тогтворжсон гэж хэлж болно. Гуравдугаар улирлын эдийн засгийн ДНБ-ий өсөлт нь 4.9 хувиар өссөн. Шинжээчид 4.4 хувиар өснө гэсэн хүлээлт байсан. Үүнээс 0.5 хувиар давж өссөн нь эерэг мессэж. Үүнтэй холбогдуулан хятад улс төв засгийн газраасаа эдийн засгийг идэвхжүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан. Өнөөдөр л гэхэд нэг их наяд юанийн гадаад бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ нь 140 тэрбум ам.доллар болно.

Мөн хятадын Засгийн газар төсвийн алдагдлаа гурван хувьд барьдаг байсан. Тэгвэл 3.8 руу өсгөсөн шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Хятадын төв засгийн болон нийт мужуудынх нь төсвийн алдагдлыг тооцвол 7.6 хувьд хүрсэн байна. Энэ бүхэн нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж, түүгээрээ дамжуулж эдийн засгийн нийт эрэлтээ нэмэгдүүлээд эдийн засгийн өсөлтөө тав орчим хувьд барих бодлого өргөжиж байна гэсэн үг. Үүнийг дагаад түүхий эдийн эрэлт нь нэмэгдэж байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь манай улсын экспортын 92 хувийг хятад улс дангаараа эзэлдэг. Тэр дундаа манай гадаад валютын дийлэнх хувийг зэс, нүүрс эзэлдэг. Макро эдийн засгийн түвшинд БНХАУ өнгөрсөн жил дөрвөн тэрбум 300 сая тонн нүүрс ашигласан. Энгийнээр зүйрлэж хэлбэл, манай Таван толгойн ордыг жилд ашиглаж байгаатай адил гэсэн үг.

Эхний гуравдугаар улиралд эдийн засгийн тэлэлтийн бодлоготой шууд хамаарч БНХАУ-ын нийт нүүрсний хэрэглээ нь 3.5 хувиар өссөн. Үүнийг тонноор бодвол 150 сая тонн болно. БНХАУ-ын 2023 оны нүүрсний хэрэглээ нь 150 сая тонноор нэмэгдсэн гэж ойлгож болно. БНХАУ-д манай улсаас гадна Индонез, Орос, Австрали улсаас нүүрс импортолдог. Нүүрсний эрэлт нь хэвээр байгаа. Гол нь нийлүүлэлтээ тогтвортой хангаж чадах нь чухал болчихоод байгаа юм. Монгол Улсын 2024 оны төсвийн төсөөлөлд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон. Үүнийг бодитой гэж харж байгаа. Учир нь эрэлт байна.

Нүүрсний эрэлттэй холбогдуулан хятадын ган хайлуулалт нь гурван хувиар нэмэгдсэн. Хятад улс дунджаар нэг тэрбум тонн ган хайлуулдаг

Ганг байшин, гүүр гэх мэт дэд бүтцийн бүх зүйлд ашигладаг. Энэ нь дагаад нэмэгдэнэ. Нэг тонн ган хайлуулахад ойролцоогоор 770 килограмм коксожсон нүүрс ашиглагддаг. Өнөөдрийн технологийг харвал коксожсон нүүрснээс өөр хямд ган хайлуулах технологи байхгүй байна. Volvo компани туршилтаар газаар хайлуулж байгаа. Үүнийгээ нүүрс хүчилгүй ган гэж мэдээлдэг. Энэ нь маш үнэтэй. Тиймээс ойрын 10, 20 жилдээ коксожсон нүүрс ашиглаж хайлуулах нь ойлгомжтой. Ган хайлуулалт нь өсч байгаатай холбоотойгоор манай коксожсон нүүрсний эрэлт Хятадад байж л байна.

Зэс бол хамгийн их хэрэглэгдэж байгаа металлуудын нэг. Цахилгаан машины үйлдвэрлэлт дэлхийд огцом нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт зарагдаж байгаа машины хоёр хувь нь цахилгаан машин байна. Хятад улсад нийт зарагдаж байгаа машины 20 хувь нь цахилгаан машин болсон. Тэр дундаа BYD гэдэг машины үйлдвэрийн компани цахилгаан машины номер нэг үйлдвэрлэгч болсон. Хоёрдугаарт нь Tesla орж байгаа. Дэлхийн тренд Хятадтай адил 20 хувь руу орох нь ойлгомжтой. Аажимдаа орно байх. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд дунджаар 80 килограмм зэс утас хэрэгтэй байдаг. Энгийн дизель болон бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхэд 10-20 килограмм зэс ашигладаг. Дийлэнх нь электронд зориулагддаг. Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор дунд хугацаанд дэлхийд зэсийн хэрэглээ огцом нэмэгдэх төлөвтэй байгаа.

Мөн сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн тренд болж байна. Нүүрс хүчлийн хэрэглээнээс дэлхий дахин татгалзана гэсэн зорилго тавьсан байгаа шүү дээ. Сэргээгдэх эрчим хүч, салхины турбин болон наран панелуудад зэс утсыг хэрэглэдэг. Тиймээс эрэлт их байна. Манай гадаад валютыг бүрдүүлж байгаа бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой болон өсөлттэй байна. Иймээс 2024 онд Монголын эдийн засаг ашигтай байна гэж харж байгаа. Үүнийг дагаад Монголын ДНБ долоон хувиар өснө гэсэн прогноз гарч байна.

-АНУ болон Европын холбооноос БНХАУ-д тавьсан Chip act манайд хэр нөлөөлөх бол?

-Хагас дамжуулагчийн хоригийг Дональд Трамп ерөнхийлөгчийн үед тавьсан. Тиймээс БНХАУ энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж сүүлийн үед өөрсдөө долоон нанометрийн чип үйлдвэрлэдэг болчихоод байна. Энэ хориг нь түр зуурын үр дүнтэй хориг байсан гэдэг нь батлагдаж байгаа юм.

Зөрүүлээд хятадууд газрын ховор элементийн экспортын квот тавьсан. Газрын ховор элементийг нарийн технологи, нанотехнологи, батлан хамгаалах салбарт болон чипэнд хамгийн их ашиглагддаг. Нэг ёсондоо технологийн дайн яваад байгаа нь ойлгомжтой. Энэ дайн Монголд ашигтай нөлөөлөх боломж нээгдэж байгаа юм. Учир нь газрын ховор элемент дээр. Газрын ховор элемент 17 элементээс бүрддэг. Олборлох болон боловсруулахад маш өндөр технологи ашиглагддаг. 17 элемент нь үнэтэйд тооцогддог. 17 элементийн хамгийн хямдхан нь нэг килограмм нь 5000 ам.доллар. Хамгийн үнэтэй буюу роди элемент нь нэг килограмм нь 250 мянган ам.доллараар зарагддаг. Алтнаас ч үнэтэй зүйл л дээ. Тиймээс Ерөнхий сайд газрын ховор элементтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр БНХАУ зах зээлийн газрын ховор элементүүдийн 90-ээс дээш хувийг эзэлдэг. ӨМӨЗО-ны Баян-Овоо нэртэй уурхай байдаг. Энэ нь дэлхийн газрын ховор элемент нийлүүлэлтийн 90 хувийг, боловсруулалтын 100 хувийг эзэлдэг. Учир нь газрын ховор элемент боловсруулахад өндөр технологи ашиглагддаг. Бусад улс оронд хаа ч байхгүй. Мьянмар болон АНУ газрын ховор элемент олборлодог. Гэхдээ боловсруулж чаддаггүй. Ганцхан БНХАУ боловсруулдаг.

-Тэгвэл та 2024 оны төсвийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна. Сонгууль угтсан хөөсөрсөн төсөв боллоо хэмээх шүүмжлэл их байгаа шүү дээ?

-Дотооддоо бид ямар тохируулга хийх, юу нь чухал вэ гэдгийг харах нь зүйтэй. Уул уурхайгаас орж ирж байгаа их хэмжээний орлогоо иргэдэд яаж жигд хуваарилах, зургаа, долоон хувийн өсөлтийг яаж жигд хуваарилж хүртээмжийг нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан төсөв дээр хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрх нь хөдөөгийн сэргэлт.

Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг. Цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг. Хөрөнгө оруулалт нь 20 хувьд ч хүрдэггүй. Үүний 70 хувь нь хот, хөдөөгийн сэргэлтэд зориулагдаж байна. Монгол Улс бүсчилсэн хөгжил хэрэгтэй. Эдийн засгийн 70 хувь нь Улаанбаатар хотод байж болохгүй. Энэ нь нэгдүгээрт, стратегийн хувьд эрсдэлтэй. Хоёрдугаарт, орчны бохирдол, агаарын бохирдол, түгжрэл гэхчлэн олон асуудал гарч байна. Тиймээс хөдөөгийн бүсчилсэн хөгжил гэдэг чухал. Иймээс ч төсөв яг үүн рүү чиглэж байна. Мянганы замын нэгдүгээр үе шат дуусч, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон.

Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох Мянганы замын 2.0 сэргэлтийн бодлого явж байна. Үүнд 260-аад тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Монголын иргэд гадаад улс руу эмчлүүлэхээр явахад албан тоогоор 300 сая ам.доллар гадагшаа гарч байна. Албан бус тоогоор энэ тоо хамаагүй их байх нь ойлгомжтой. Үүнийг сааруулахын тулд Монгол Улсад шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхийн тулд Эд эс шилжүүлэн суулгах эмнэлгийг барих 160 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан.

Гэхчлэнгээр хөгжлийн том зорилгуудтай төсөв гэж ойлгож болно.Төсвийн бодлого нь тодорхой хөгжлийг онилбол үр дүнд хүрдгийг энэ жил харсан. 2022 онд төсөв баталж байхад боомтын сэргэлтийн төсвийг суулгасан. Үүний үр дүнд манай улсын экспорт огцом нэмэгдэж, худалдааны тэнцэл 4.8 тэрбум ам.доллаар эерэг ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл 500-аад сая ам.долларын ашигтай гарсан. Урсгал тэнцэл 1998 оноос хойш анх удаа эерэг ашигтай гарсан. Үр дүнд нь гадаад валютын хямралаас Монгол Улс өөрсдийгөө сэргийлсэн.

2.6 тэрбум ам.долларын албан нөөцтэй байснаа 4.1 тэрбум төгрөгийн нөөцтэй болсон. Аж үйлдвэрийн өсөлт 50 хувиас дээш үзүүлэлттэй гарсан. Энэ мэтчилэн том эерэг хандлагууд гарч байна. Хамгийн гол нь энэ хандлагуудаа барьж эдийн засгийн праметруудээ алдахгүй үргэлжлүүлэх нь чухал. Боомтын сэргэлтийн хувьд Гашуунсухайт, Замын-Үүд, Алтанбулагийн боомтоор том бүтээн байгуулалт явж байна. Ирэх жилээс төмөр замын холболт хийгдэж эхэлнэ. Ингэхээр Монголын экспорт тодорхой хувиар ахиц гарна. Нүүрсийг 60 сая тонноос ч илүү экспорт гарах боломжтой гэж харж байна.

-Ирэх жилийн төсөвт цалингийн нэмэгдэлд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэхчлэнгээр инфляцийг өдөөх зүйл олон бий. Гэтэл инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?

-Инфляцийн дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Хэрэглээний импорт харьцангуй буурсан. Тээвэр ложистикийн үнэ буурсан. Дээрээс нь гадаад орчны нийлүүлэлт харьцангуй гайгүй болсон. Дотоодын хүнсний инфляци дийлэнхийг нь эзэлж байна. Тодруулбал, мах гурилан болон сүүн бүтээгдэхүүн. Энд нийлүүлэлтийн чанартай механизм ажиллахгүй байна. Үүнийг дараагийн түвшинд авч ирэх бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг нь харагдаж байна. Тэр дундаа махан дээр. Жил бүр нөөцийн мах бүрдүүлдэг ч хавар болохоор махны үнэ өсдөг. Нийлүүлэлт талдаа хомсдолд ордог. Гэсэн хэрнээ 70 гаруй сая малтай.

Тиймээс би нөөцийн махны механизм ажиллахгүй байна гэдгийг их ярьдаг л даа. Илүү бүсчилсэн хабууд байгуулаад хаана нь эрэлт нийлүүлэлтийн гачигдал гарч байна. Тийшээ нь чиглэсэн нийлүүлэлтээ бүсчилж явуулаад, хаана нь зуд багатай мал тарган байна тэр бүсээс татах нь зүйтэй. Үүнийг зах зээлийн горим руу илүү чиглүүлж хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр нөөцийн мах бүрдүүлэх механизм хийхгүйгээр хувийн салбарт тодорхой хэмжээний дэмжлэг өгч зах зээлийн механизмыг хувийн салбарт нь өгөөд хувийн салбар бүсчилсэн хабууд байгуулж боловсруулах үйлдвэрүүд болон худалдаж авах цэгүүдээ үүсгэж явах нь зөв. Үүнийг гэхдээ заавал ченжийн тогтолцоо гэж харж болохгүй. Ченжийн тогтолцоо Улаанбаатар хотын махны нийлүүлэлтэд байдаг. Энэ нь доголдол үүсгэж байгааг бид мэдэрч, харж байна шүү дээ.

-Тэгэхээр инфляцийг яаж барих вэ?

-Инфляцийг барихдаа нэг талдаа нийлүүлэлтийг харах хэрэгтэй. Нийлүүлэлтээ хангалттай өгөх ёстой. Мөнгөний бодлого, төсвийн талдаа бол мөнгөний бодлогоо уламжлалт бус шинэ хэрэгслийг харж инфляциа барих нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү, банкуудад заавал байх ёстой нөөц гэсэн механизмыг ашиглаж байна. Энэ нь 2012 оноос хойш шинэчлэгдээгүй. Өөрөөр Төв банкны эдийн засагт шууд нөлөөлж болох механизмуудыг судалж Монгол Улсад нэвтрүүлэх нь зүйтэй.

Монголын эдийн засаг Америк, Хятад, Европын холбооны улсуудтай харьцуулахад харьцангуй жижиг. Тиймээс өөрчлөлт хийж цаг хугацаанд нь тохируулга хийх нь чухал. Төсвийн бодлого заавал зарлага талаасаа биш бодлого руу чиглүүлэх нь зүйтэй. Тэгж явж байна. Тэр дундаа боомтын сэргэлт болон шинэ сэргэлтийн хүрээнд амжилттай явсан гэж ойлгож болно. Боомтын сэргэлт бол байгаа оносон амжилтад хүрсэн гэж хэлж болно. Хот хөдөөгийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлснээр тухай бүсчилсэн махны нийлүүлэлт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь хүн ам суурьшсан бүсийг дагаад зах зээлийн эдийн засаг идэвхэждэг.

-Хэдийгээр эдийн засаг өсөлттэй гарна гэж байгаа ч сонгуулийн дараа ам.долларын ханш өснө гэсэн яриа нийгэмд их байна. Ам.долларын ханшийг цаашид тогтвортой барихын тулд яах ёстой вэ?

-Үүнийг макро эдийн засгийн болон төлбөрийн тэнцлийг харсан зүйл.

Ам.долларын ханшийг хүчээр барих, эсвэл буулгах механизм ашиглах нь буруу гэж боддог. Учир нь зах зээлийн механизм болон зах зээлийн эдийн засгийн хуулиар, мөн ам.доллар орж ирж байгаа орлогоор шууд явуулах нь зөв гэж боддог. Монгол Улс худалдааны тэнцэл нь ашигтай гарсан хэрнээ төлбөрийн тэнцэл нь алдагдалтай байдлаар олон жил явж ирлээ.

2023 оноос эхлэн төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэлж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал зардлыг харвал эерэг гарсан. Энэ нь 1998 оноос хойш анх удаа ашигтай гарсан гэж ойлгож болно. Энэ трендээр явбал төлбөрийн тэнцэл ашигтай гарч үүний үр дүнд Монголд орж ирж байгаа гадаад валют нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч ам.долларын ханш сулрах суурь нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ам.долларын ханш Монголын бодлогоос гадна АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээс шууд хамаардаг.

Бодлогын хүү Жеррими Паул Жером Пауэлл гэж АНУ-ын Төв банкны ерөнхийлөгчийн өгсөн ярилцлагыг харахад Америкийн эдийн засгийн инфляци харьцангуй тогтворжиж байгаа тренд харуулж байна. Тэгэхээр заавал бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай юу үгүй юу гэдгийг ахиж ярилцах ёстой. Өмнөх хурлууд дээр бодлогын хүүгээ өсгөнө гэсэн мессежийг өгч байсан. Одоогийн хүлээлт харьцангуй өсгөхгүй байх нөхцөл бүрдэж байна гэж ойлгохоор ам.доллар гадаад орчиндоо өсөхгүй гэсэн хүлээлт үүсгэж чадлаа. Монголын эдийн засагт нэг чухал зүйл байгаа юм.

Тэр нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байгаа том аж ахуйн нэгжүүд болох Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэхчлэн компаниуд гадаад валютын орлогоо төгрөг болгохдоо шууд Төв банк дээр очоод солиулдаг. Банкны салбарын систем рүү оруулахгүй байгаа юм. Энэ нь сөрөг болон эерэг талтай. Эерэг тал нь Төв банкны албан нөөц шууд нэмэгдэнэ. Гэхдээ бусад банк санхүүгийн салбарт хангалттай ам.доллар нийлүүлж чадахгүй байна гэсэн үг. Энэ процессоо больж банкууд руу ам.доллар нийлүүлэх үе шаттайгаар процесс хэрэгтэй гэж боддог.

Нөгөө сөрөг тал нь өмнөх гашуун туршлагыг харахад тоотой хэдэн банкууд их хэмжээний ам.доллар цуглуулж суугаад зориуд төгрөгийн ханшийг сулруулсан. Ингэснийхээ дараа буцаж ам.долларыг зах зээлд зарж ханшным зөрүүгээс ашиг олж байсан. Үүнийг Монголбанк анхааралдаа авч хянах ёстой. Тодорхой хэмжээний зохистой харьцаа актив дээр нь тогтоох ёстой. Активынх нь ам.долларын төгрөгийн коэффициент дээр нь тогтоож барих нь зүйтэй. Учир нь зах зээлийн монивцлаци ханш дээр хийх нь Монголын эдийн засагт хортой үр дагавартай. Эерэг тал нь банкууд болон бусад аж ахуйн нэгжүүд гадаад валют авах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

ШИНЭ МЭДЭЭ