МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзла
2023.11.01
Гадаад харилцаа

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзла

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өнөөдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв.

Тэрбээр үргэжлүүлэн, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийнхээ хүрээнд олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байх зорилтыг бүс нутагтаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэхийн сацуу эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний нөөц боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, ажиглалтад үндэслэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч буйгаа тэмдэглэв.

Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, цаашид бүх түвшинд тэдний оролцоо, манлайллыг сайжруулахад чухал түлхэц болно гэж дурдлаа. Ноён Томаш Здеховскийн хэлснээр, Европын Парламентын нийт бүтцэд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь давамгайлдаг төдийгүй шийдвэр гаргах болон удирдах албан тушаалтнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, нийгмийн уламжлалт хандлагад суурилсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг хүйлсийн ялгаварлалгүйгээр жигд тогтоох гэхчилэн эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх шатны албан тушаалд дэмжихийн тулд цогц шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

Түүнчлэн Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, шинэ үеийн Монгол залуус мэдлэг, хандлагаараа манлайлж буйг сайшаагаад, цаашид төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, тэгш оролцоог дэмжихэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар харилцан санал солилцов

ШИНЭ МЭДЭЭ