2023.11.08
Эрүүл мэнд
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2023.11.07/ хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудал танилцуулсны дараа Хянан шалгагчийг томилох тухай Түр хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж, баталлаа. Хянан шалгах түр хорооноос нийт дөрвөн хянан шалгагч томилсон байна.
Ташрамд дурдахад, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд нотлох баримт гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн юм.
Хянан шалгах түр хорооны дараагийн хуралдаанаар шинжээч томилох болон хянан шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.