МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
2023.11.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2023.11.20) Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн төрөөс хэрэгжүүлж ирсэн татварын нэгдсэн бодлого болон өмнөх онуудад санаачлан эхлүүлсэн багц өөрчлөлтийн хүрээнд мэдээлэл өгөв. Тэрбээр, татварын суурь орчныг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх явцад салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлохоос гадна татвар нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй эдийн засгийг дэмжих хөшүүрэг байх учиртайг тодотголоо.

Аж ахуй нэгжүүдийн төлөөллийн хувьд, татварын бааз суурийг өргөтгөх нь чухал ач холбогдолтойг дурдаад, хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновтой зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлэхийн сацуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар зэрэг тухайлсан зохицуулалтуудын хүрээнд шийдэл дэвшүүлцгээсэн юм. Уулзалтад оролцогчдын зүгээс, ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг онцлогтой тул малдчын дунд татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг таниулах шаардлагатай байгааг хэлцгээлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, татварын шаталсан тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах замаар голлох салбаруудын нийт бүтээмжийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжийг бэхжүүлэхийг зорьж, энэ мэтчилэн салбарынхны санал, шийдлийг хамтдаа хэлэлцэх нь зүйтэй хэмээв. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ