Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд “Хүний эрхийн үнэлгээ” сэдэвт салбар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг үдээс хойш “Хүний эрхийн үнэлгээ” салбар хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд товч танилцуулга хийв. Танилцуулгадаа, Улсын Их Хурлаас батлан гаргаж буй бүх хууль тогтоомж нь ямар нэг хэмжээгээр хүний эрхийг хангаж, хамгаалах чиг үүргийг агуулж байдаг. Тэдгээрээс хүний эрхийг хангах, хамгаалах тогтолцоо, механизм, чиг үүрэг, эрх хэмжээний хуваарилалт тогтоох зэргээр тухайн харилцааг шууд зохицуулсан 51 хууль байна гээд Монгол Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдал, хууль тогтоох үйл явц дахь хүний эрхийн хамаарал гэсэн агуулгын хүрээнд хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо, Улсын Их Хурал дахь хүний эрхийн механизм, хууль, тогтоолын төсөл боловсруулах процессыг танилцуулж, үүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн 13.2.5-д хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох заалт туссаныг онцлов.
Тэрбээр, мөн дараах дүгнэлтийг хэлсэн. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн суурь гэрээ, тэдгээрийн нэмэлт протоколуудад нийцүүлэн хүний эрхийг хамгаалах үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлж, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүний бүрдэл хэсэг, механизм, институцүүдийг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд хүний эрхийг хангах, хамгаалах тодорхой зорилтуудыг дэвшүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
Монгол Улсын Их Хурлаас 2000 онд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага болох Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Тус комисс нь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх үндэсний илтгэлүүд, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулдаг бөгөөд тус байнгын хорооны дэргэд хүний эрхийн асуудлыг дагнан эрхэлдэг Хүний эрхийн дэд хороо ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх Парисын зарчимд нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, гишүүдийн томилгоог улс төрөөс ангид байлгах чиглэлд дорвитой өөрчлөлт хийхийг НҮБ-аас Монгол Улсад зөвлөсний дагуу 2021 онд тус хуулийг шинэчлэн найруулж баталсан.
Улсын Их Хурлаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж буй хууль тогтоомжид үнэлгээ, дүгнэлт хийх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зэргээр учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, арилгах механизм бүрдүүлэх зорилгоор холбогдох журам, аргачлалуудыг батлан мөрдүүлж байна гэж товч дүгнэлтдээ дурдлаа.
Түүнчлэн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулахдаа, хүний эрхийн тогтолцооны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжийг нэмэгдүүлэх, төсөв санхүү, хүний нөөцөөр хангах шаардлагатай. Хууль тогтоомжийн тухай хуулиар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд хэрэгцээ шаардлагыг тандан судалж, үнэлэх, ингэхдээ хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох шаардлагыг тавьдаг. Үнэлгээний журам, аргачлалыг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газраас батлан гаргасан ч үнэлгээ, дүн шинжилгээ хийх чадавхийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай.
Улсын Их Хурлын гишүүд асуулга, асуулт тавих, эрх бүхий байгууллагаас тайлбар, тодруулга авах, үндэсний тайлан, илтгэл хэлэлцэх, хяналтын сонсгол хийх, тухайлсан асуудлаар хяналт шалгалт хийх, НҮБ-ын тусгай илтгэгч, төлөөлөгчид болон шүгэл үлээгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх зэрэг хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийг хамгаалах механизмд оролцдог. Цаашид Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, Дэд, Түр хороодын хүний эрхийн механизмд оролцох оролцоог идэвхжүүлэх замаар хуулийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн батлах үйл явцыг төгөлдөржүүлэх шаардлагатай.
Мөн Улсын Их Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөнд Улсын Их хурлын хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх зорилтуудыг тусгаж, үүнд шаардагдах нөхцөл, дэд бүтцийг сайжруулах байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгынхаа төгсгөлд найм дахь удаагийн буюу энэ удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн цахим парламент болж хөгжиж буйг онцолсон юм.
Танилцуулгын дараа сэдвийн дагуу оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан чиглүүллээ. Оролцогчид хүний эрхийг дээдэлсэн дэвшилтэт хууль тогтоомж баталж чадаж буй эсэх, хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлт хийдэг эсэх талаар тодруулж, санал, байр сууриа хуваалцсан.
Оролцогчдын асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг болон Улсын Их Хурлын Тамгын газрын газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан нар хариулт өгөхдөө хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоомжийг батлах чиглэлд ахиц дэвшил гарч буй талаар, өөрөөр хэлбэл байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн хугацаанд урд өмнөхөөсөө илүү ахиц дэвшил гаргасан. Төсөвлөлтийг хүний эрхийн мэдрэмжтэй болгоход төсөвлөлтийг сайжруулах тодорхой арга аргачлалтай болох талаар хэллээ.
Төгсгөлд нь чиглүүлэгч, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан салбар хэлэлцүүлгийн хүрээнд хөндсөн асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар саналыг томъёолон танилцуулснаар өндөрлөлөө.
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийг зохион байгуулахад Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.