2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Т.Аубакир: Импортын гурил, хивгийн гаалийн татвар, нөат-ын асуудлыг Засгийн хурал дээр яаралтай авч хэлэлцэнэ үү!
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Хөдөө орон нутагт, Улаанбаатар хоттой харьцуулах юм бол гурил болоод малын тэжээлийн үнэ үнэхээр харьцангуй байна. 1700 км газар өвлийн хүйтэнд тээвэрлээд очсон гурилаа хямдхан өгөх нь бизнес эрхлэгчдэд хэцүү зүйл. Х.Болорчулуун сайд аа! Та сая таатай мэдээ хэлж байна. Энэ өвлийн хүнд хэцүү цаг үед байдаг юм уу, ОХУ-ын талаас импортоор орж ирэх гурил, хивгийн үнэний гаалийн татвар, нөат-ынасуудлыг Засгийн хурал дээр яаралтай авч хэлэлцээч ээ. Улаанбаатар хотод 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа гурил чинь үндсэндээ алслагдсан аймгуудын бүр цаад талын сумдад 140, 150 мянган төгрөгт хүрсэн. 1700 км газар Улаанбаатар хотоос тээвэрлэж ирж байхаар тодорхой хэмжээний тохируулаг хийгээд цаад талын ойрхон 600, 650 км-т байдаг чиглэлээс бол 50, 60 мянган төгрөгт ороод ирэх бололцоо байгаа.
Засгийн газрын гишүүд ярилцаж байх шиг байна. Ш.Адьшаа гишүүн хэллээ. Холын орон нутгаас гарсан гишүүд бид нар чинь адилхан л зовлонтой байдаг юм. С.Бямбацогт гишүүн энэ асуудлыг удаа дараа ярьж байгаа. Тийм учраас энэ гурил, хивгийн импортын татвар болоод гааль, нөат-ыг хөнгөлөх асуудлыг засгийн газрын хуралдаан дээр яаралтай оруулж ирээд тодорхой хугацаанд тохируулаг хийгээд өгөөч ээ. Хоёрдугаарт, Алтанбулаг болоод бусад ОХУ-тай хэлэлдэг хилүүд маань Орос талаасаа иргэдэд нэг шуудай гурил, хоёр ширхэг есийн тос оруулж ирэх боломж өгдөг. Баян-Өлгий аймагтай хил залгадаг Кош-Агачийн хилийн нөхөдтэй яримаар байгаа юм. Өмнө нь бол хоёр гурван шуудайгаар нь оруулаад зөвшөөрөөд байдаг байсан бол Оросын тал таг хорьчихсон. Ганцхан манайхтай хил залгадаг нь Кош-Агачийн боомт. Боомтын сайд болон Х.Болорчулуун, С.Бямбацогт гишүүнээ энэ асуудлыг Засгийн хурал дээр яриад өгөөрэй.
Гурав дахь асуудал маань, махны экспорт чөлөөтэй болсон өнгөрсөн оны 11 сарын 24 ны өдрийн засгийн газрын тогтоолоор хонь, ямаа, адуу гурвыг квотгүй болгосон байж байгаа. Одоо ерөөсөө ганцхан шалтгаалж байгаа зүйл бол бизнес эрхлэгчид маань хүлээн авагч буюу импортлогч улсын талтайгаа хорио цээрийн асуудлыг тохирох юм бол Монгол талд бүх зүйл нээлттэй байгаа. Засгийн газар болоод төр засаг нь махаа экспортлохгүй байгаа юм шиг ойлгогдоод байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй, Өнгөрсөн оны 11 сард гаргасан тогтоолоор адуу, хонь, ямаа гурав бол квотгүй болчихсон ганцхан хүлээн авагч буюу импортлогч улсын хорио цээр дээр асуудал үүсэж байгаа. Энэ юуг харуулж байна гэхээр бид нар нэгэнт л хөрш зэргэлдээ улсуудынхаа хорио цээрийн стандартыг монголд нутагшуулах тухай асуудлыг яаралтай авч судлах хэрэгтэй.
Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.