МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдлаа
2023.12.06
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Инновац, цахим бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь төслийг батлахыг дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Инновац, цахим бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ.

Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу дээрх төслүүдээс холбогдох хуулийн төслүүдийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2023 оны зургадугаар сарын 9, 15-ны өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас дээрх хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т заасан Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 38 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар явуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг Н.Учрал гишүүн танилцууллаа. хуулийн төслүүдэд “бичгээр” гэсний дараа “эсхүл цахим хэлбэрээр” гэж нийтлэг байдлаар тусгахаар байгаа нь цаашид хууль хэрэглээний явцад тодорхойгүй нөхцөл үүсгэж болзошгүй тул хуулийн төсөл бүрийн харилцааг нарийвчлан судалж, тухайн хуулиар зохицуулсан харилцааны онцлог, шинж чанарыг харгалзан холбогдох өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэжээ.

Хууль хэрэглээний явцад үүсэж болзошгүй эрх зүйн үр дагаврыг тооцож, төрийн байгууллага хооронд болон төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй; иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллагатай; иргэд хоорондын харилцааг тус бүрээр нь ангилж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтан хоорондоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэн тус хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем болон албаны цахим шууданг ашиглах өөрчлөлтийг тусгасан байна.

Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтантай харилцах харилцаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан системүүд болон эрх зүйн үр дагавраас хамаарч Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг, тоон гарын үсгийг тус тус хэрэглэх нь оновчтой гэж үзсэн байна.

Эрх зүйн үр дагавар багатай, эсхүл тухайн салбарын хууль тогтоомжоор баталгааждаг, хуульд амаар гүйцэтгэж болохоор тусгасан харилцаанд аливаа хэлбэр заахгүй байхаар тусгасан аж.

Инновац цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Инновац цахим бодлогын байнгын хороо 2023 оны 3 дугаар тогтоолоороо төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ажлын хэсгийг ахал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг нар ажиллажээ. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 5 удаа хуралдаж хуулийн төслүүдтэй нэгбүрчлэн танилцсан байна. Мөн хуулийн төслүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгууллага, албан тушаалтнуудаас нийтдээ 184 саналыг авч нэгтгэн судалж, төсөлд тусгах, холбогдох саналуудыг бэлтгэжээ. Ажлын хэсгээс 81 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүэй 53, найруулгын 1 саналыг бэлтгэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Байнгын хороо хуулийн төсөл бүрийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ