2023.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Өнөөдөр бид бүхэн маш чухал хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. Эмэгтэй гишүүд бид, иргэдийнхээ тэр дундаа хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс чихрийн агууламж орсон, хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ундаанд онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулсан байгаа. Тэгэхээр энэ, чихрийн хэрэглээ хэтэрч, хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллага,судлаачид маш сайн тогтоогоод байгаа. Тэгэхээр энэ судалгаагаар сургуулийн сурагчдын 80,9% нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг, эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байгаа. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр зүрх судасны өвчлөл, таргалалт, шүдний цоорол, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байгаа. Жишээ нь, манай улсын 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96% нь шүд цоорсон буюу 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна гэсэн ийм судалгаа байгааг энэ цаг үед, энэ чухал хуулийг хэлэлцэж байна. Тийм учраас та бүхнийг хуулийн төслийг дэмжих өгөхийг уриалж байна.