МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Бид байнга намаа, тойргоо бодож ирсэн. Одоо улсаа бүхэлд нь харах цаг болсон
2023.12.18
Улстөр

Н.Энхболд: Бид байнга намаа, тойргоо бодож ирсэн. Одоо улсаа бүхэлд нь харах цаг болсон

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой бүсчилсэн тойргийн талаар ярилцлаа.

-УИХ ирэх жилийн сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоохоор ярьж байна. УИХ-ын дарга Төрийн байгуулалтын байнгын хороо судлаад танилцуулах чиглэл өгсөн. Ямар байдлаар судалгаа хийж байгаа вэ?

-Асуултад хариулахын өмнө товчхон тайлбар эхэлье гэж бодож байна. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн баталсан. Товчхон хэлэхэд энэ бүхний эцсийн зорилго улс орны хөгжлийг бүхэлд нь урагшлуулахад төрийн байгуулалтын хувьд ямар бүтэцтэй, ямар зохион байгуулалттай байхыг шийдэх юм. Гэхдээ үүнийг зөвхөн энэ удаагийн Их хурал яриад шийдчихсэн, баталчихсан юм биш. Гурав, дөрвөн Их хурал дамжин хэлэлцэж, энэ парламентад нөхцөл нь бүрдэж дээрх хуулиудыг баталсан. Энэ бүхний эцсийн зорилго бол том хөгжил, улс төрийн намуудын төлөвшил, Монгол Улс залгамж чанартай бодлоготой ажилладаг болох юм.

Одоо бид чухал өөрчлөлтийнхөө үр дүнг гаргах ёстой. 126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоотой болчихоод хуучин маягаараа сонгууль явуулаад ажиллаж, амьдарна гэвэл утгагүй болчихож байгаа юм. Яах гэж бид энэ өөрчлөлтүүдийг хийсэн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс тойргоо аль болох томсгоё, бүсчилж хөгжүүлье, хот хөдөөгийн ялгааг арилгая, төвлөрлийг сааруулъя, бодлогоо тогтвортой байлгаж, Үндсэн хуульд заасан зорилтуудаа хэрэгжүүлэх Их хуралтай болох үүднээс сонгуулийн тойргоо хийвэл яах вэ гэдэг ярианууд ид явж байна.

Хэрвээ ингээд шийдэгдчихвэл ганцхан жишээ хэлэхэд улсын төсвийг боловсруулдаг байдал өөрчлөгдөнө. Одоо бол Засгийн газар урт хугацааны бодлогоо бодоод Их хуралд төсвөө оруулаад ирдэг. Их хурал дээр яг үнэндээ сүүлийн 30 жил жижиг тойргууд руу хөрөнгөө хувааж зарцуулж ирсэн. Яах вэ үүний үр ашиг тодорхой хэмжээгээр гарсан гэж боддог. Намайг анх сонгогдож байхад хөдөө орон нутаг, аймаг, сумууд ямар байсан. Харин одоо ямар түвшинд очсон билээ гээд харахаар том өөрчлөлтүүд гарсан. Энэ бол жижиг тойргоор явж байсны эерэг талуудын нэг.

Гэхдээ одоо цаашаа ингэж явахад хэцүү болчихлоо. Орчин нөхцөл өөрчлөгдөж байна. Цахилгаан, шатахуун, хүнс гээд тулгамдсан асуудлууд байна. Тиймээс бодлогоор, нөөцөө бөөгнөрүүлж зарцуулж шийдэхгүй бол гаднаас хамааралтай амаргүй нөхцөлд улс орон маань байна. Тиймээс бүсчилж тойрог байгуулах тухай асуудлыг ярьсан. Улсын хэмжээнд ажлаа төлөвлөчхөөд энэ бүсүүдэд ийм зорилт тавина гээд бүсүүдэд тодорхой эрхүүдийг нь өгнө. Бүсүүд ямар үйлдвэр, ямар замаа тавих саналаа гаргаад Их хурал, Засгийн газар дээр хэлэлцэгддэг зохион байгуулалт руу орно гэсэн үг.

-Ямар, ямар хувилбар яригдаж байгаа вэ. 21 аймгийг долоон тойрог, Улаанбаатарыг долоон тойрогт хуваана гэсэн мэдээлэл байна?

-Одоогийн байдлаар зөвшилцөж байна. Яг хуваагаад тавьчихсан юм бол алга. УИХ-ын дарга энэ чиглэлээр асуудлыг судалж үзэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсний дагуу янз бүрийн л хувилбар ярьж байна. 126 жижиг тойрог байх уу, одоогийнх шигээ аймаг аймгаар нь нэг тойрог үлдээх үү, улсаараа нэг тойрог байвал яах вэ гэх мэтээр ярьж байна. Ярианы түвшинд байгаа учраас тэр бүст тэр аймаг, энэ бүст энэ аймаг байна гэж ярьж боломгүй байна.

Бүх намыг ижил гараан дээр очихыг хүлээнэ гэвэл дахиад хэдэн жил болох вэ. Гэхдээ бид дан намаа, тойргоо бодсоор байгаад ийм байдалд хүрлээ. Одоо улс орныхоо асуудлыг бүхэлд нь харъя гэдэг байр суурин дээр манай нам байгаа. Тэгэхээр үүнийг зөвхөн МАН-д зориулсан хувилбар гэж харахгүй байна.

-Эрх барьж байгаа нам сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох байр суурьтай байна. Гол нь ямархуу байдлаар бүсчлэх вэ гэдэг нь чухал байна л даа. Булган, Хөвсгөл, Эрдэнэтийг нэг бүс болгоно гэж яриад байна. Гэтэл Булган аймаг хамгийн бага сонгогчдтой буюу 40 мянган хүн санал өгнө. Тэгэхээр бага сонгогчтой аймгуудын төлөөлөл сонгогдохгүй хөгжлөөс хаягдчих юм биш биз дээ?

-Бүсчлээд хуваагаад ирэхээр иймэрхүү асуудлууд гарна л даа. Олон хүн амтай аймгуудыг жижигтэй харьцуулчихвал жижиг, цөөн хүн амтай аймгуудаас хүн сонгогдохгүй гэдэг асуудал яах аргагүй гарна. Гэхдээ үүнийг эцэслэж шийдээгүй учраас ийм, тийм гэж хэлж болохгүй байна. Хуулиараа нэг тойрог болж байгаа бүсийн аймгууд хилээрээ заавал холбогдсон байх ёстой. Энэ тэнд хийчхэж болохгүй. Гэхдээ хүн амын тоо харьцангуй жигд байхыг бодох хэрэгтэй.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж ярьж байхад улсыг дөрөв, таван бүс болгоод хангайгаас говио оруулсан босоо бүсүүд байвал тохиромжтой гэж ярьж байсан ч хувилбар бий. Бидний ярьж байгаа хувилбаруудын хувьд тэнцвэртэй байдлыг аль болохоор хангахыг бодсон. Гэхдээ Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл гэсэн зарчмаа хамгийн түрүүнд тавьсан. Хоёрт, хөгжлийн зорилтууд ямар байх вэ гээд олон талаас нь ярьж байгаад шийднэ.

-Мэдээж улс орны хөгжлийг томоор харах нь зөв. Тиймээс ч сонгуулийн холимог тогтолцоо хамгийн зөв гээд хуульдаа оруулсан. Гэтэл яагаад тойргоо дахин бүсчилж байгаа юм бэ. Эрх баригч нам ялахын тулд тойргоо томруулж байна гэж харж байгаа хүмүүс ч байна?

-Бид улс орны хөгжлийг ахиулъя, томоор төлөвлөж явахгүй бол болохгүй байна гэдэг өнцгөөс харж байгаа. Түүнээс ингэвэл МАН ялах гээд байна гэж харахгүй байгаа гэдгийг хэлье. Харин ч Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Намуудын тухай хуулийн өөрчлөлт яригдаад эхэлж байхад МАН-ын хувьд эрсдэлтэй хувилбар биш үү гэж ярьж байна. Гэхдээ бид дан намаа, тойргоо бодсоор байгаад ийм байдалд хүрлээ. Одоо улс орныхоо асуудлыг бүхэлд нь харъя гэдэг байр суурин дээр манай нам байгаа. Тэгэхээр үүнийг зөвхөн МАН-д зориулсан хувилбар гэж харахгүй байна.

-Бусад улс төрийн намууд МАН шиг бүтэцтэй, хөлтэй байвал болох байх. Тойргоо томсгочихоор бусад улс төрийн намууд, нэр дэвшигчид олон аймаг дамжижсурталчилгаагаа хийж чадах уу. Нэг үгээр хэлбэл, улс төрийн намууд нэг гараанаас гарахад тохиромжтой хувилбар мөн үү?

-Бүх намыг ижил гараан дээр очихыг хүлээнэ гэвэл дахиад хэдэн жил болох вэ. 30 жил хүлээх үү. Тухайн улс төрийн нөхцөл байдалд ямар ч сонгууль явна шүү дээ. Улс төрийн намууд сонгууль хүртэл хэр бэлдэж чадсан тэр хэмжээндээ орно. Ер нь Үндсэн хуульд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам улсын хэмжээнд бодлого боловсруулах чадавхтай байх ёстой гэж заасан. Хэдийгээр богино хугацаа үлдэж байгаа ч улс төрийн намууд өөрсдийгөө зохион байгуулах, хүмүүсийг татах л асуудал шүү дээ.

-Төрийн байгуулалтын байнгын хороо хэзээ саналаа Их хуралд танилцуулах вэ?

-Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-н гэхэд сонгуулийнхаа тойрог, товыг тогтоочихсон байх ёстой. Гэхдээ аль болохоор хурдан шийдвэл сайн. Эртхэн асуудал ойлгомжтой болбол том нь ч жижиг нь ч бэлтгэлээ хангахад хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ