Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулав
2023.12.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулав

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өнөөдөр (2023.12.26 ) Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр ялангуяа хөдөө орон нутагт спортын салбарын үйл ажиллагаа дутмаг, хүртээмж учир дутагдалтай байдаг талаар хөндөгдөж байлаа. Тиймээс хүртээмжтэй, уян хатан спортын үйлчилгээг хэвшүүлэх шаардлага байгаатай оролцогч талууд санал нэгдэж байв. Тухайлбал энэ зорилтын хүрээнд Монгол хүний онцлогт тохируулан сорилын төв байгуулж, уг төвд дасгал, хөдөлгөөн эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгдөг арга зүйч ажиллуулахаар төлөвлөж, хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан спорт, урлаг, хөдөлмөр зэрэг хичээлүүд нь хүүхдийн зан чанар хүмүүжилд хамгийн сайн нөлөө үзүүлдэг учраас сургалтын хөтөлбөрт багтаах цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь нийгмийн чухал асуудлуудын нэг болохыг дурдаад Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай хэмээн онцоллоо.

Үүнээс гадна улсын хэмжээний томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулахад нийцсэн спорт цогцолборуудыг орон нутагт бий болгох, аймгийн эрүүл мэндийн газруудад нийгийн эрүүл мэндийг хариуцсан арга зүйчээр спортын мэргэжлийн хүнийг ажиллуулах зэрэг саналуудыг оролцогчид хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ