МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ
2024.01.10
Хууль, эрх зүй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Ажлын дэд хэсэг 4, ажлын хэсэг 1 удаа тус тус хуралдан Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг өөрчлөн тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон. Ингэхдээ гэрээний үүргийг үндэслэн мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагаас үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэхээр заасан. Харин ажлын хэсгээс дараах шаардлагаас үүссэн маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж нэмж оруулахаар томьёолсон байна. Үүнд хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулахтай холбоотой мөнгөн хөрөнгө гаргуулах; төсөлд заасан мөнгө хөрөнгийн үнийн дүнгийн доод хэмжээнээс үл хамаарах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол; ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл зэргийг нэмж тусгажээ.

Түүнчлэн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзэж, холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийг урьд ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй боловч уг шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилтан ажилдаа орж, хөдөлмөр эрхлэх, цалин хөлс олж авах эрх нь зөрчигдсөнтэй холбоотой үүсдэг маргаан байдаг. Энэ төрлийн маргаан практикт ихэнхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч ажилтныг тодорхой бус зарим шалтгаанаар ажилд нь эгүүлэн авахаас ажил олгогч цааргалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулдагтай холбоотой байдаг. Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй ажилд эгүүлэн томилох үр дагавар нэгэнт бий болсон маргаан байх тул энэ төрлийн маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэхэд төдийлөн хүндрэлтэй бус гэж үзэн нэмж тусгасан байна.

Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан. Гэвч барьцааны шаардлага бүхий нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамаарах шаардлага гэх агуулгаар өөр хэсэгт оруулан томьёолох саналыг ажлын хэсгээс оруулжээ. Шүүхэд гарч буй нэхэмжлэлийг өргөн хүрээнд мөнгөн хөрөнгө гаргуулах болон хөрөнгийн шаардлага гэж хоёр ангилна. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах шаардлага нь хөрөнгийн шаардлагад хамаарах бөгөөд анхдагч үүрэг буй зээлийн маргаан гэх мэт мөнгөн хөрөнгө гаргуулах өөр шаардлагыг хангасны үндсэн дээр шийдвэрлэгддэг маргаан байдаг. Барьцааны шаардлагыг хангана гэдэг нь тодорхой хөрөнгийг худалдан борлуулж үнийн дүнгээс зээлийн болон анхдагч бусад шаардлагыг биелүүлэх, үлдсэн мөнгөн дүнг өмчлөгчид буцаан өгөх үр дагавартай. Энэ агуулгаар барьцааны шарадлагыг мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гэж үздэггүй тул үнийн дүнгээс үл хамаарах шаардлагад оруулан томьёолжээ.

Төсөлд бага үнийн дүн бүхий гэрээний үүргийг хангасан барьцааны шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ нь үндсэн үүрэг буюу анхдагч шаардлага нь үргэлж бага үнийн дүнтэй байхыг шаардах юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гэр бүлийн харилцаанаас үүсэх хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар тусгасан бөгөөд ажлын хэсгээс өв залгамжлалтай холбогдолтой маргааныг энэ төрөлд нэмж тусгасан. Өөрөөр хэлбэл, гэр бүл, өв залгамжлалтай холбоотой бүх төрлийн маргааныг үнийн дүнгээс үл хамааран ердийн журмаар хянан шийдвэрлэхээр байгаа юм. Хугацааг тодорхой тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзжээ. Ердийн журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай харьцуулахад тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны хувьд тодорхой, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг аль болох хойшлуулахгүйгээр нэг удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагтай. Иймд хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэхээр хугацааг тодорхой зохицуулахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Түүнчлэн талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор дээрх хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөр нэг удаа 14 хоногоор сунгах зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах журмыг нарийвчлан тодруулж өгсөн. Тухайлбал, шүүгч энэ хуулийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх хэргийн хуульд заасан шаардлага хангагдсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлбайхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргах юм байна.

Мөн хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг, хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаарх дэлгэрэнгүй тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзэх юм байна.

Түүнчлэн ажлын хэсгээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийг талаарх тайлбарын загварыг Улсын дээд шүүхээс батлах зохицуулалтыг нэмж тусгажээ.

Сөрөг нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш зарчмыг баримтлах зорилгоор хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах зохицуулалтыг нэмж тусгалаа. Ингэхдээ тодорхой шалгуур хугацааг тогтоожээ. Тухайлбал, зохигчоос гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн хэмжээ нь бага үнийн дүнгийн хязгаарт багтсан байх, хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргах, Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх зэрэг процесс ажиллагааг хугацаатайгаар оруулж өгсөн. Түүнчлэн тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдийг оролцуулахаар зохицуулжээ.

Гэрч мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, мэдүүлгээ нотариатаар баталгаажуулан мэдүүлсэн, мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай мэдүүлгээ гаргасныг шүүх хангалттай гэж үзвэл нотлох баримтаар үнэлж болох зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөлийг чангатгахаар холбогдох саналын томьёоллыг ажлын хэсэг бэлтгэжээ. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүсэлт гаргасан тохиолдолд ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлэхээр тусгасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах хийдэл үүсгэх магадлалтай гэж үзсэн байна. Иймд дараах хоёр нөхцөлд шүүгч ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлэх захирамж гаргахаар тусгасан байна. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлд хамаарахгүй; тухайн хэрэг нь эрх зүйн, шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзжээ.

Харин талуудын хүсэлтээр ердийн журамд хэзээд шилжиж болохоор хуулийн төсөлд тусгасан байсан зохицуулалтыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх ач холбогдлыг бууруулах, хэргийг хурдан шуурхай, хялбар шийдвэрлэх үндсэн зорилгод нийцэхгүй байх тул хассан байна.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийггардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бол давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах юм байна.

Мөнгөн торгууль оногдуулахтай холбоотой дараах зохицуулалтыг ажлын хэсэг оновчтой хэмээн үзсэн байна. Материаллаг хуулиар оногдуулах хариуцлагын арга хэмжээг процессын хуульд тусгасан байсныг хассан болно. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 7510.1.Энэ хуулийн 751.2-т заасныг зөрчсөн бол шүүгч шийтгэвэр гарган уг этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно.” гэж хариуцлагын санкцыг оруулсан байсныг хассан гэв.

Хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоосон болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн хуралдаанд танилцууллаа. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн хүний нөөц, чадавхыг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдэд хуулийг сурталчлах, цахим хэлбэрээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх техникийн боломжийг бий болгох зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх хугацааг тогтоосон байна.

Тухайлбал, Цахим хөгжлийн яамны мэдээллээр “и-монголиа” буюу иргэн хуулийн этгээдтэй харилцах төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийг 450-500 мянган хүн идэвхтэй ашигладаг, 1.7 сая хүн бүртгэлтэй, үүнээс 87 хувь нь гар утаснаас, 12 хувь нь компьютерээс, 1.2 хувь нь ТҮЦ машинаас ашигладаг байна. Мөн нэг жилийн дотор компани е-бизнесс профайлтай болохоор төлөвлөн ажиллаж байна. Иймд цахимаар мэдэгдэх хуудсын хүргүүлэх нь хугацаа хэмнэх боломжтой гэж үзэн мэдэгдэх хуудсыг цахимаар илгээснээс хойш 14 хоног өнгөрсөн бол хүлээн авснаар тооцоохоор тусгасныг өөрчлөн 7 хоног болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ