МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж байна
2024.04.12
Орон нутгийн хөгжил

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах гэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон Байнгын хорооны ажлын алба ХЭҮК-той хамтран Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас найман км-ын зайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан тус сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлд хяналт тавих, холбогдох зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага чиг үүргээ хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулахаар сумын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мөн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга орон нутагт ажиллах үеэрээ Баянхонгор, Өвөрхангай аймгийн шүүх, прокурор, цагдаагийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлах, хүний эрх хамгаалагчдын эрхийг хүндэтгэх, хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, чиглэлээр үүрэг өглөө.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2021 онд санаачлан батлуулсан. Тус хууль батлагдсанаар Монгол Улс нь Ази тивд хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар тэмцэж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон билээ хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, аливаа хувийн хэвшил, төрийн бүхий л үйл ажиллагаа хүний эрх дээр суурилах нь чухал хэмээгээд, хэдийгээр хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлүүдийг авсан ч тэр нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байвал уг асуудлыг цогцоор нь хөндөх ёстой. Тиймээс энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулж, Улсын Их Хурлаар Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцэх үеэр асуудлыг дэвшүүлж ажиллахаа сумын удирдлага, иргэдэд илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ