Д.Цэндсүрэн: Уршгийг нь тайлбарлавал хүүхдүүд нэгнээ гадуурхахаа больдог
2024.02.16
Хүний эрх

Д.Цэндсүрэн: Уршгийг нь тайлбарлавал хүүхдүүд нэгнээ гадуурхахаа больдог

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг сурагчдад ойлгуулах, хүний эрхийн мэдлэгтэй иргэн бэлтгэх нь ерөнхий боловсролын сургуулийн эрхэм зорилго. “Монголын эмнести интернешнл” байгууллагын санаачилгаар 2009 оноос ерөнхий боловсролын сургуулиудад “Хүний эрхэд ээлтэй” сургууль хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Улсын хэмжээнд 17 сургуульд энэ хөтөлбөр хэрэгждэг. Нийслэлийн 12, Дархан-Уул аймгийн хоёр, Орхон аймгийн гурван сургууль хүний эрхэд ээлтэй сургууль болохоор ажиллаж байна.

Хүний эрхэд ээлтэй сургууль гэдэг нь сургуулийн бүх орчинд хүний эрхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх юм. Тухайлбал

Боловсролын орчныг илүү нийтийг хамарсан, таатай болгох
Сурагчдын суралцах хандлагыг дээшлүүлэх
Ялгаварлах, дарамтыг зогсоох
Багш сургуулийн ажилтан, ажилчин, сурагчдын харилцааг сайжруулах
Сургуулийн бүх хамт олон харилцан нэгнээ хүндэтгэх
Сурагчдад эрх хариуцлагыг ухамсарлуулах юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль 2013 онд тус хөтөлбөрт хүсэлтээрээ нэгджээ. Арван жилийн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүн, сургуулийн орчин, багш сурагчдын хамтын ажиллагаатай, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра өнөөдөр танилцлаа. Сурагчид биднийг найрсгаар мэндчилэн угтаж, сургуулийн хамт олон хөтөлбөрийн хэрэгжилт, давуу тал, үр дүн, тулгамддаг асуудлаа хуваалцлаа.

118 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Цэндсүрэн “Багш нар хүүхдийг хичээл, дугуйланд тэгш оролцоотой хамруулах, эрх чөлөөг хангуулах, хуулиар олгосон эрхийг хэрхэн эдлэхийг сурагч нэг бүрд ойлгуулж, үүндээ эцэг эхийг татан оролцуулж хамтардаг.

Манай сургуульд нэг ангийг онцолж, хүний эрхийн тухай сургадаггүй. Анги бүрээс тэгш оролцоог хангуулан, хүүхэд бүрд хүрч ажилладгаараа давуу. Өнөөгийн нийгэмд тод илэрч байгаа сөрөг үйлдэл бол хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, дарамтлах, гадуурхах юм. Үүнээс урьдчилан сэргийлж дээрх үйлдлийн уршгийг бага ангиас нь таниулж, ямар тохиолдолд сурагч нэгэндээ, эцэг эх хүүхдэд, багш хүүхдэд нөлөөлөх вэ гэсэн нөлөөллийн арга зүйг баримталдаг. Үр дүнд манай сургуулийн орчинд өсвөр насныхны харилцаа эерэгжсэн. Уршгийг нь тайлбарлавал хүүхдүүд нэгнээ гадуурхахаа больдог.

Мөн тусгайлан хүний эрхийн тухай хөтөлбөр боловсруулж хичээллэдэггүй. Багш үндсэн хичээлийнхээ хачир болгож, энэ талаарх мэдлэгийг өгдөг. Тухайлбал математикийн хичээлээр бодсон тооны хариу 0,7 гарлаа гэхэд Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу 0.07 га газар эзэмших эрхтэй гэх мэт. Тиймээс багш нарт ч хүндрэл үүсдэггүй. Харин тухайн багшийн заах арга зүй сайжирдаг” гэв.

“Сургуулийн орчинд хүүхдүүд нэгэндээ элгэмсэг, найрсаг ханддаг. Өглөө хичээлд ирэхэд “Сайхан амарсан уу? Тавтай морилно уу гээд олуулаа зэрэг мэндчилэхэд сайхан байдаг. Энэ нь сургуулийн орчинд нэгнээ хүндэлдгийн жишээ. Хүний эрхийн тухай мэдээллээр хангадаг ч, зарим багш нарын харилцаанаас шалтгаалж сурагчид түүнтэй ойлголцохгүй байх, таагүй харилцаа үүсдэг. Багш бүрийн төлөв байдал адилгүйгээс хамаардаг байх. Гэхдээ ихэнх нь эерэг харилцаатай” хэмээн тус сургуулийн сурагчид ярилаа.

“Монголын эмнести интернэшнл”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг “Энэ хөтөлбөр манай улсад 2009 оноос хэрэгжсэн. Урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлсэн сургуулиудад үр дүн гарсан нь харагдаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдээс 118 дугаар сургууль жишиг сургууль юм. Сургуулийн удирдлага солигдохгүй байвал хөтөлбөр тогтвортой хэрэгждэгийг анзаарсан. Өөрөөр хэлбэл сургуулийн удирдлага ойрхон солигдоход бодлого нь дагаад өөрчлөгдчихдөг. Арван жилийн хугацаанд нэг удаа л удирдлага солигдсон 118-р сургуульд нэгэнт хүндлэлийн орчин бий болжээ. Сургуулиуд өөрийн хүсэлтээр хөтөлбөрт хамрагдаж боломжтой” гэлээ.

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра “Сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь хүнийг дээдэлдэг, эерэг соёлыг төлөвшүүлэхэд ач холбогдолтойг харлаа. Өмнө очсон сургууль дунд өнөөдрийнх шиг хүндэтгэл үзүүлж, нэгэндээ өндөр дуугаар найрсаг, хүндлэлтэй хандаж байгааг үзээгүй учраас надад гүн сэтгэгдэл үлдлээ.

Энэ сургуулийн хүүхдүүдийн 70-аас илүү хувь нь гэр хорооллын бүсээс ирж суралцдаг гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч тэдний дунд мөр зэрэгцэн суралцаж байна. Гэхдээ хүүхдүүд нэгэндээ үнэхээр хүндэтгэлтэй, эерэг дулаан уур амьсгал бүрдүүлжээ.

Үгээрээ манайх хүний эрхийг дээдэлдэг сургууль гэж хэлэхээс илүү, өдөр тутмын үйл ажиллагаандаа, амьдралынхаа хэв маяг болгосон нь таатай байна. Сургуулийн удирдлага хүний эрхийг дээдэлдэг сургууль байхаар зорилт тавьжээ. Багш нар нь нэгдмэл, хүүхдүүд сурснаа амьдралд үйл хэрэг болгож байгааг харахад зорилгынхоо төлөө хичээдэг нь харагдаж байна.

Мөн сургуулийн удирдлага хүүхэд хамгааллыг онцолж, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа гэлээ. Иймд хүүхэд хүний эрхийн тухай мэдлэгтэй болж, эрх нь зөрчигдөхөд, өөрийгөө хамгаалж тэмцэх эерэг арга барилд суралцах хэрэгцээ, шаардлага байна.

Хүний эрхийг сургуулийн орчинд хэрхэн, яаж хангаж, нэвтрүүлэхийг жишиг болгон бусдад сурталчлан, хуваалцвал үр дүнтэй гэж бодлоо. Өөр нэг олзуурхууштай зүйл нь зөвхөн багш, удирдлагууд зааж, тушаахгүй, сурагч өөрөө удирдах оролцооны бүлгэм үүсгээд шийдвэр гаргалтад нөлөөлж, идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ ажлыг илүү сайн төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр тэд эрхээ хамгаалуулахаар баттай зогсож, салбарын тогтолцоонд жишиг болговол хүний эрхийг бүрэн хангасан орчин болж хувирна” гэлээ.

Боловсролын тогтолцоонд хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжих боломж бүрдтэл, зөвлөх арга зүйн илүү олон судалгаа, жишиг бий болгохын төлөө ажиллахаа хөтөлбөр санаачлагчид онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ

ТА АРАЙ? 2024.02.16