Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоодог болов
2024.02.20
Хууль, эрх зүй

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоодог болов

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа.

Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.

ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхийшинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.

Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд анх удаа энэ төрлийн шинжилгээг хийх эрх зүйн зохицуулалттай болж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болжээ.

ШИНЭ МЭДЭЭ