НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИТХ нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулгыг сонслоо
2024.02.24
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

НИТХ нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулгыг сонслоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга, мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хийлээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан. Улмаар уг хорооны хэрэгжүүлж байсан чиг үүргийг нийслэл рүү шилжүүлсэн юм. Тиймээс энэ чиглэлд нийслэлээс хийх ажил, арга хэмжээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх мэдээллийг Засаг даргын орлогч танилцуулав.

Нийслэлээс энэ онд усан халаалтын зууханд техникийн шинэчлэл хийх, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах, орчны агаарын чанарын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.Тухайлбал, Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 2024 онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ. Мөн энэ чиглэлээр иргэд, олон нийтэд сургалт, сурталчилгаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулагч хүчин зүйлүүдээс хамгийн хүнд хортой бодис ялгаруулдаг нь нийслэл хотод бүртгэлтэй 700 мянга орчим автомашин ялгаруулж буйг тодотголоо. Мөн Дулааны цахилгаан станцууд, 196 мянган гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаа болон нийслэлд байгаа нам даралтын 200 орчим зуухны асуудлыг танилцуулав.Нийслэлийн хөгжлийн хөтөлбөр болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд зураг төсөл, газар чөлөөлөлтийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Ингэхдээ нийслэлээс олон улсын бонд гаргаж санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах зорилгоор цонхонд нь шүүлтүүр хийх ажлыг энэ онд үргэлжлүүлэх юм. Тодруулбал, агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн цонхонд нийт 23 мянга гаруй шүүлтүүр суурилуулахаар төлөвлөжээ.

Мөн нийслэл ирэх дулааны улирлуудад эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийг шийдэхгүй бол ирэх өвөл бүтээн байгуулалтын болон бусад ажлыг дулаан, эрчим хүчээр хангах боломжгүй болно гэдгийг хэлсэн юм. Тиймээс энэ хүндрэлийг шийдэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргах шийдвэрээ удахгүй НИТХ-д танилцуулна гэлээ. Мөн хотод эрчим хүчний 4 хэсэгт станц барьж, дулаан хангамжийг дэмжих шаардлага үүснэ гэлээ. Энэ 4 эх үүсвэрийг барьсан ч дахин 500 МВт-ын эх үүсвэр дутна гэдгийг ч дурдлаа. Төлөөлөгчдийн хувьд агаарын чанарын асуудлаас гадна хөрсний бохирдол, ундны усны стандарт, нүхэн жорлонгийн асуудлаар тодруулж, хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ