МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.БАТШУГАР: Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна
2024.04.28
Улстөр

Э.БАТШУГАР: Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна

Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугараас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог  уян хатан болгох хэрэгтэй гэдэгт байр сууриа илэрхийлж ажилладаг.  Ямар жишгүүдийг бий болгосноор илүү үр дүн гарна гэж үзэж байна вэ?

                             -Манай улсын Зээлийн  мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсан.   Үүнээс хойш манай улсын банк санхүүгийн систем хэд дахин тэлсэн. Тийм учраас санхүүгийн харилцааг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүний тулд бусад улс орнуудын санхүүгийн зөв практикийг Монгол Улсад нутагшуулах хэрэгтэй.  Манай улсын банк санхүүгийн  системд  хэд хэдэн асуудал тулгардаг. Жишээлбэл,  иргэд, хэрэглээ,  гар утасны зээл аваад зээлийн 1000 төгрөгний үлдэгдэлтэй байсан ч муу зээл, эргэлзээтэй зээлийн ангилалд оруулдаг. Ингэснээр иргэдийг  зургаан жил банк санхүүгийн байгууллагаар харилцах эрхийг нь хааж, боомилдог.   Хэрэглээний зээл авсан иргэдийг Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл  авсан хэрэглэгчидтэй ижил санхүүгийн ял үүрүүлж байгаа нь буруу.  Тиймээс  хэрэглээний зээл авсан иргэдийг зээлээ төлснөөс нь хойш  Зээлийн мэдээллийн сангаас хасдаг уян хатан тогтолцоо руу шилжих хэрэгтэй.  Харин Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сан, Боловсролын зээлийн сангаас  авсан зээлээ төлөхгүй байгаа иргэд, аж, ахуй,  нэгжүүдийг хар жагсаалтад оруулах систем бий болгох хэрэгтэй гэж харж байна.

-Дэлхийн жишигт нийцсэн ямар практикийг  банк санхүүгийн  системд нэвтрүүлэх шаардлага байна вэ?

                             -Зээлдэгчийн  онооны системийг нэвтрүүлэх нь чухал юм. Зээлдэгчдэд  оноо өгнө гэсэн үг. Ингэснээр хариуцлагатай зээлдэгчийн оноо нэмэгдэж, үүнийг дагаад  зээлийн хүү, барьцаа хөрөнгийн  шаардлага багасах боломжтой. Харин  зээлээ төлөхгүй ямар нэгэн доголдол үүсээд, эргэж төлсөн бол онооноос нь хасдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар  санхүүгийн байгууллагатай харилцах харилцааг зургаан жилээр хаахгүй гэсэн үг.   Энэ нь  иргэд банк санхүүгийн байгууллагатай харилцах хүртээмжийг нэмэгдүүлнэ.  Мөн эдийн засгийг дэмжиж,  банкууд  шинээр зээл олгохдоо  богино хугацаанд  хүртээмжтэй  болох  тогтолцоог нээж өгнө. Зөвхөн банк санхүүгийн байгууллага гэлтгүй эдийн засгийг тэлэх боломжийг нээх юм.  Тэгэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Монголбанк 100 жилийн ойгоо тохиолдуулан зарим иргэд, аж ахуй нэгжүүдэд  өршөөл үзүүлж,  Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтаас  гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

                             -Монголбанкнаас энэ удаа өршөөл  үзүүлж байгаа нь зөв.  Харин цаашдаа  банк санхүүгийн салбарын систем тогтолцоогоо өөрчлөх нь чухал.  Үүний тулд дэлхийн чиг хандлагыг нэвтрүүлж, зээлдэгчийн оноо өгдөг,  зөв үнэлдэг, тодорхой хэмжээнд уян  хатан байдлаар ханддаг тогтолцоонд шилжих  нь  зөв гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ