2024.05.09
Орон нутгийн хөгжил
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2024.05.09) Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт оролцлоо.
Тус аймгийн эдийн засгийн тулгуур хөгжлийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хэмээн тодорхойлж, “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, нөхөн сэргээгдэж, ургаж, төлжиж байдаг энэхүү салбар бол хойд бүс нутгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч юм хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүргийг Засгийн газарт өгч, Монгол Улсын 2023 оны төсөвт 223 тэрбум төгрөг, 2024 оны төсөвт 123 тэрбум төгрөгийн санхүүжилт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт Хөвсгөл аймагт багагүй хэмжээнд хийгдэж байгааг дурдсан юм. Тухайлбал, тус аймагт “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлж иргэд, аж ахуй нэгж, хоршоодод хадлангийн нөөц бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах иж бүрдэл 6 ширхэг, төмс хүнсний ногоо тариалах иж бүрдэл 2 ширхэг, хүлэмж 121 ширхэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Төслийн үр дүнд 2023 онд өргөст хэмх 12 тн, улаан лооль 7,6 тн, чинжүү 6,1 тн, бусад төрлийн навчит ургамал 4,5 тн тус тус хураан авч, ажлын байр шинээр бий болж, аймгийн хэмжээнд төмсний хэрэгцээнийхээ 65 хувь, хүнсний ногооны 40 хувийг хангаж байгаа нь төмс, хүнсний ногоо тариалагчдийн уйгагүй хөдөлмөрийн үр шим юм хэмээн талархал илэрхийллээ.
Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэгт 150 гаруй төмс, хүнсний ногоо тариалагчид оролцож, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Банзрагч, доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл, доктор А.Сүхбат нар болон холбогдох албаны хүмүүс тариалангийн талбайн хөрс хамгаалал, бордоо хэрэглэх технологи, хүнсний ногооны үрийг тариалалтанд бэлтгэх, таримал ургамалын сортууд ба ургуулах технологи, органик тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн зохистой дадал болон органикийн ялгаа гэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Халамжаас хөдөлмөрт” Хойд бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын онол, практикийн хэлэлцүүлэг, уулзалт боллоо. Улсын Их Хурлаас 1995 онд Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг 2001 онд баталж, 2011 онд шинэчлэн найруулан баталсан. Халамжийг нийтлэг байдлаар олгох бус зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих төрийн бодлогыг хэрэгжүүлэгч хөдөлмөр халамжийн үйлчилгээний албан хаагчдын идэвх, оролцоо, шинэ төрлийн үйлчилгээний загварыг бий болгох, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх зэрэг санал, шинэлэг санаа, санаачилга чухал үүрэгтэй хэмээн үзэж “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлэг хоёр үе шаттайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аж.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “Халамжаас хөдөлмөрт” Хойд бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын онол, практикийн хэлэлцүүлэгт оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Иймд Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймгууд хамрагдаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 10,5 хувь буюу 307 мянга гаруй хүн уг бүсэд ажиллаж, амьдарч байна. Иймд хойд бүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн Хөвсгөл аймагт бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Бизнес хөгжлийн төв, Ахуй үйлчилгээний төвийг байгуулсан бөгөөд гарааны бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хямд түрээсийн үйлчилгээ үзүүлж, тогтмол ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дурдсан юм. Тэрбээр, Хойд бүсийн “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгээс шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, онол, практикийн хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22