Үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаж, цуглана гэдэг эрх ямба, тансаглал биш ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ
Б.Алтантуяа, Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал
2024.08.06
Хүний эрх

Үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаж, цуглана гэдэг эрх ямба, тансаглал биш ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ

Улс орнууд зогсолтгүй хөгжиж, техник технологийн өөрчлөлт хүний төсөөллөөс ч давж, ШУ-ны салбар бүрт амжилт гарч хүн төрөлхтөн гайхамшигт улам ойртсон мэт. “Хүн төрөлхтний сайн сайхны төлөө” салбар бүр ийн амсхийх завгүй тэмүүлж, хөгжиж буй ч төв нь болсон хүний эрх, эрх чөлөө л ганцаараа нэг алхам урагшилж, хоёр алхам ухарсан байдалтай байгаа нь  харамсалтай. 

Дэлхий дахинд хүний эрхийг хангах чиглэлээр ахиц дэвшил гарч байгаагийн зэрэгцээ ухралт ч гарсаар байна. Гарч байгаа ухралт нь ахиц дэвшлээсээ илүү өргөн хүрээтэй байна. 

Палестины Хамас бүлэглэл Израйльд халдлага хийн олон мянган гэм зэмгүй иргэд гэмтэж бэртэхээс эхлээд амиа алдаж, хүүхдүүд өнчирч буй гэх өр өвтгөм мэдээлэл дэлхий даяар эдийн засгийн хямралаасаа түрүүлээд хүний эрхийн хямралын давалгаанд цохигдож байгаагийн харамсам жишээ. Засгийн газрууд улс төрийн өрсөлдөгчдөө нухчин дарах, улс төрийн өрсөлдөгчид хийгээд хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн идэвхитнүүдийг дур мэдэн баривчлах, үзэл бодлоо илэрхийлэг жагсагчдын эсрэг хууль бусаар цэрэг цагдаагийн хүчийг хэтрүүлэн хэрэглэх, цахим болон цахим бус орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг аль болох хумих алхамуудыг шат дараатайгаар хийсээр, ингэхдээ техник технологийн шинэчлэлийг зүй бусаар ашиглаж байгаа жишээ олон. 

Зөвхөн эдийн засгийн өсөлтийн араас хөөсөн, өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэх шунаг бодлогууд явуулж байгаа нь эргээд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, боловсрол, эрүүл мэнд гэхчлэн суурь эрхүүдийг зөрчиж буй.  Товчхондоо Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ихэнх зүйл заалтууд дэлхийн өнцөг булан бүрт, хором мөч бүрт зөрчигдсөөр байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой тохиож буй ч хүн төрөлхтөн энэ тунхаглалаа ор тас мартсан гэмээр үйл явдлууд өдөр бүр гарсаар байгаа нь харамсалтай. /НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш/

Монголчууд бид дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн өрсөлдөхүйцээр хөгжин цэцэглэж чадахгүй байгаа атлаа хүний эрхийн зөрчлөөрөө, эрх баригчдын гаргадаг хүнлэг бус, хүний эрхийг үл тоомсорлосон хууль, шийдвэрүүдээрээ харин мөр зэрэгцэг байгаа гэдгээ бид өдөр тутмын амьдралаараа мэдэрч, амсаж яваа. 

Б.Алтантуяа, Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал

Монгол Улсын Их хурлаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж,  тус хуулийг хэрэгжүүлэх механизмийг байгуулсан  нь Ази тивдээ анхдагч болж, Монгол улс хүний эрх хамгаалагчийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч түүхэнд тэмдэглэгдэх чухал дэвшил гаргасан. Мөн ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод, олон нийтийн оролцоотой болгож, нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийн, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмуудыг байгуулсан гээд хүний эрхийг хамгаалах тогтолцоонд томоохон ахиц ч гараад буй. 

Эрх баригч нам хүний эрхэд суурилсан бодлого хэрэгжүүлэхээ тунхаглаж, ЗГХЭГ-ын дэргэд Хүний эрхийг Хангах Үндэсний Хороо байгуулж, Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр 2023-2027 онд хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг баталсан зэрэг нааштай алхам олныг хийснийг дурдахгүй өнгөрч болохгүй.  

Хэдийгээр дээр дурдсан нааштай өөрчлөлтүүдийг хийсэн ч гаргасан алдаа, ухралт нь илүү их хор уршигтай байгааг ч нүдээ аниад, ам чихээ дараад өнгөрөх аргагүй. Жишээлбэл, 2015 онд Хууль тогтоомжийн чанар үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоох явцад иргэдийн оролцоог бататгах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан хэдий ч хэрэгжүүлэх нь бүү хэл дордуулсан өөрчлөлтүүд хийн “хуулийн хонгил” бий болгосон. Ингэснээр хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд ухралт болж иргэдийн оролцоо, иргэний орон зайг хумьсан нь хүний эрхэд халтай, ялгаварлал, тэгш бус байдлыг өөгшүүлсэн хуулиуд гаргахад хүргэсэн юм. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай (хожим хүчингүй болгосон), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Ашигт малтмалын тухай, Нийслэл улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиудыг батлан хэрэгжүүлэх болсон нь нэг гараараа толгой илж, нөгөө гараараа хацар алгадаж буйгаас ялгаагүй. 

2024 он сонгуулийн жил. Манай улсад сонгуулийн жилд сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө шүүх, цагдаад дуудах үзэгдэл олширч, гомдол нэхэмжлэлийн тоо нь огцом өсдөг, цахимд үзэл бодлоо нийтэлсэн иргэд, хүний эрхийн идэвхитнүүдийг болоод сэтгүүлчдийг хуулиар далайлган гомдол, нэхэмжлэлээ эрүүгийн журмаар давхар өгч залхаан цээрлүүлдэг жишиг тогтоод удаж буй. 

Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг бодитой хийхгүй, судалгаа, дүн шинжилгээний мэдээлэл нь бүрэн бус, хаалттай,  “улсын нууц” гэдгээр халхавчлан нууж хяналтгүй хэрэгжүүлж байгаа нь иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа билээ. Энэ талаарх мэдээлэл шаардсан иргэнийг хөгжлийн төсөл хөтөлбөрт саад учруулсан хэмээн үзэж эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг, хянадаг болсон нь хүний эрхийг хангах чиглэлд гарч буй ноцтой ухралт юм. 

Бид юу хийвэл ... 

Бид хүний эрх, эрх чөлөөгөө “хүний эрхийг хэтрүүлэн зүй бусаар хязгаарлах үр дагавартай хууль тогтоомжийн заалтуудыг хүчингүй болгож, шинээр батлахгүй байх, тийм хуулийн төслүүд өргөн баригдаж байгаад үнэлгээ шинжилгээ хийж, залруулах арга хэмжээг яаралтай авахаас гадна батласан хуулиудаа үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавихаа чухалчлах” замаар сэргээн засах боломжтой. Чамбай сайн хууль батлалаа ч тунхаг төдий болгох эсвэл практикт гуйвуулж хэрэглэвэл урагш биш хойш л алхана. Гэхдээ бидэнд энэ алдаагаа засч, хуулийн зохицуулалтыг улам бүр сайжруулах боломж нээлттэй байсаар... 

ШИНЭ МЭДЭЭ