Э.Батшугар: Төсөв тэлэхийн хэрээр төлбөрийн тэнцэлд дарамт учирна
УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.
-Өмнөх парламентын гишүүд төсвийн тогтвортой байдлын талаар маш их ярьсан. Шинэ бүрдсэн парламент төсөвт тодотгол оруулахаар хэлэлцэж байна. Төсвийг тэлж байгаа энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?
-Улсын төсвийн хамгийн чухал зүйл нь юунд оршдог вэ гэхээр томоохон мега буюу хөгжлийн төслүүдээ урагшаа явуулах. Эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт нь дууссан цагт Монгол Улсын эдийн засагт жил болгон өөрийнхөө зардлаасаа илүү их хэмжээний өгөөж авчрах, ажлын байр бий болгох, дээрээс нь нэмээд экспортод гарч байх ёстой. Өнөөдрийн хэлэлцэж байгаа төсвийн задаргааг харахад нийт дүнгийн өсөлтийг хэвийн хэмжээнд гэж дүгнэж болохоор байна. Учир нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хурдтай өсөж байна. Энд хэд хэдэн үзүүлэлтийг авч үзье. Нэгдүгээрт, ДНБ-д эзлэх төсвийн зардал 34 хувьтай байна. Өмнөх ч гэсэн 34 хувиас давж байгаагүй. Тэгэхээр нэгдсэн дүнгээрээ төсөв тэлсэн мэт боловч ДНБ- тэй харьцуулахад харьцаагаа бариад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ДНБ өсөж байгаатай адилхан улсын төсөв ч гэсэн өсөх ёстой. Харин ДНБ-ий хувь хэмжээ өсөөд байхад улсын төсөв нь өсөхгүй байвал “но”-той л гэсэн үг. Хоёрдугаарт, энэ удаагийн төсвийн тодотголд хэд хэдэн чухал заалтууд орсон. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх томооохон төсөл хөтөлбөрүүд тусгагдсан. Улаанбаатар хотын дүүргүүдийн замуудыг дунд нь холбох тойрог замтай болсон тохиолдолд түгжрэлийн асуудлыг шийднэ. Дэлхийн улс орнуудыг харахад бүгд тойрог замтай байдаг. Бээжин гэхэд зургаан тойрог замтай. Түүнчлэн Туул голын эргийг дагасан 33км хурдны замын ТЭЗҮ хийгдчихсэн байна. Энэ зам нийслэлчүүдийн амьдралд чухал үүрэгтэй зам болно. Цаашлаад Богд Хан уулын туннел баригдах нь. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд л гээд хавчигдсан байдаг учраас тэлж чадахгүй. Тэгвэл туннел байгуулснаар урагшаа тэлэх бололцоо нээгдэж байна. Хотын тэлэлтийг дагаад эдийн засаг илүү өсөх, газрын үр өгөөж нэмэгдэнэ гэх мэтчилэн олон эерэг үр дүнгийн талаар ярьж болно.
Энэ мэтчилэн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл хэрэгжчихвэл Монгол Улсын эдийн засгийн дархлааг сайжруулах, баталгаажуулахад маш том дэм болно. Энэ бол дан ганц өнөөдрийн төлөө биш ирээдүй хойчдоо хүртээмжтэй, ээлтэй нийгэм үлдээх, эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал шийдвэрүүд гэж харж байна.
–Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Тиймээс төрийн хамааралтай төсөв нэмэгдэх хэрээр гадаад валютын нөөц багасах, цаашлаад үнэ өсөхөд нөлөөлөх юм биш үү?
-Нэгдүгээрт, автоматаар төсөв тэлэхээр төлбөрийн тэнцэлд дарамт өгч эхэлдэг. Энэ үйл явц өнөөдрийн эдийн засагт илрээд эхэлчихсэн. Монгол Улсын урсгал данс 530 сая долларын алдагдалд орчихсон, төлбөрийн тэнцэл бол 50 сая долларын алдагдалдтай байна. Энэ өөрчлөлтийн дарамт шууд гадаад валютын нөөц дээр ирдэг.
Монгол банкны валютын албан нөөц оны эхэнд 5 тэрбум доллар байсан бол өнөөдөр 4,7 тэрбум доллар хүрч багассан гэж ойлгож болно. Монгол Улсын импорт бараг 23 хувиар өссөн байна. Энэ бол шууд улсын төсөвтэй хамааралтай л даа. Тиймээс энэ нөлөөллийг бууруулах хамгийн зөв шийдэл нь өнөөдрийн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалтыг татах юм.
Хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 мега төслийг монголчууд өөрсдөө 100 хувь хөрөнгө оруулалтаа гаргаад хийх ямар ч боломж байхгүй. Ямар ч баян улс шууд том том мега төслүүдээ өөрсдөө хэрэгжүүлдэггүй, заавал гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монгол Улсад орж ирж хөрөнгө оруулах тэр нөхцөлийг нь сайжруулмаар байна.Эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрхийг нь хамгаалсан байх, өмчийг нь хамгаалах ёстой. Мөн эрх зүйн болон бусад үйлчилгээ зөвлөгөө үзүүлдэг нэг цонхны үйлчилгээ байх ёстой. Бас нэг асуудал бол мөнгөний нийлүүлэлт. Өнөөдрийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 42 их наяд төгрөг байна. Монгол Улсын төсвийн зарлага 30 ихнаяд төгрөг байна. Тэгэхээр энэ хоёр тооны коэффицент их чухал. Одоогийн харьцаа 71 хувьтай байна. Эдийн засгийн онолоороо 25-30 хувьтай байх ёстой юм. Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт хэт халчихсан яваад байна. Энэ халалтыг инфляцаа нэг оронтой тоонд нам доор байлгаад, эдийн засгийнхаа нийт өсөлтийг 6-аас дээш хувьд барих хамгийн том тохируулгын бодлого хийж байна. Монголыэн төсвийн бодлого, мөнгөний бодлогоо гадаадын зах зээлийн индекстэй шууд хамааралтайгаар явах ёстой.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал байнга л өөрчлөгддөг учраас түүнд тохирсон зөв прогноз гаргаж тохируулга хийх ёстой. Асуудлыг урьдчилж харж, өнөөдрийн бодлогоо тодорхойлох нь ирээдүйдээ илүү их өгөөжтэй байна.
-Одоо хэрэгжүүлэхээр зорьж байгаа 14 мега төслүүдээс Эрдэнэбүрэн УЦС шиг 10-аас дээш жил яригдсан төслүүд яг хэд байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй асуудалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгсөн болов уу. Хамтраад засаг байгуулагдсан тохиолдолд зоригтой алхам хийдэг тийш жишиг байна уу?
-Хамтарсан Засгийн газар байна уу, дангаараа засгаа байгуулна уу тэр нь чухал зүйл биш. Хамгийн чухал зүйл нь бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлсон том том төслүүд урагшаа хөдөлгөх ёстой. Хэн нь хэрэгжүүлэх нь чухал биш. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцтай холбоотой суурь асуудлууд өнгөрсөн Засгийн газар, УИХ-аар шийдэгдсэн гэж ойлгож болно. Тухайлбал, иргэдийг нь нүүлгэн шилжүүлэхээс авхуулаад бусад шийдлүүд нь гарчихсан байгаа юм. Харин одоо санхүүжилтийг нь тавиад төслийн нэгж нь сайн ажиллаад хэрэгжүүлэх ёстой . Одоо хэрэгжих 14 мега төслүүдийг хэрэгэжүүлэхийн тулд маш сайн баг хэрэгтэй. Нэг төслийн ард олон хүмүүсийн нөлөө байдаг .Эрх зүйн, хуулийн баг хэрэгтэй. Яаж Монгол Улсын ашиг сонирхолыг хамгаалж, яаж ирээдүйдээ үлдээх өгөөжийг өндөр байлгах вэ, хэрэв төр хувийн хэвшилийн түншлэлээр хийх бол, энэ түншлэл нь Монгол Улсын иргэдэд яаж өгөөжтэй байх вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс төслийг бүтнээр нь хэрэгжүүлдэг нэгж хэрэгтэй.
–Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 километр автозамыг одоо ч бүрэн ашиглалтад оруулж дуусаагүй байна. Одоо хэрэгжүүлэхийг зорьж байгаа төслүүд элдэв шалтаг тооцож дахин үлгэр болох эрсдэл бодитойгоор байна уу?
-Дэлхийн хамгийн хүчтэй улс орнуудад бүтээн байгуулалт амжилттай хэрэгжүүлж чадсан компаниудыг оруулж ирэх ёстой л доо. Тэгж байж цаг алдахгүй. Өөрөөр хэлбэл, Дарханы замын түүхийг давтахгүй. Хоёрдугаарт, хэрэгжихгүй байх эрсдэл байгаа эсэх асуултад хариулахад мэдээж байгаа. Ямар ч том төсөл дандаа эрсдэл дагуулж байдаг. Гэхдээ эрсдэлтэй байна гээд хойшоо суух биш аль болохоор зөв менежмент хийгээд төслүүдээ урагш явуулахын тулд л тэмүүлэх нь хамгийн зөв шийдэл.
-Монгол Улс энэ онд олох орлогоо бодитой тооцоолж байж, зарлагын түвшнийг бол нэмэгдүүлсэн гэж харж байна. Он дуусахад 78 сая тонн нүүрс экспортолох боломжтой юу. Одоогоор нүүрсний үнэ буурсан, эрэлт багассан байна шүү дээ?
-Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Энэ хэрэглээний дийлэнхийг нь Орос, Индонез, Монгол хангадаг. Тиймээс Монгол Улс төмөр замуудын холболтоо хийчихвэл 78-100 сая тонн хүртэл нүүрс экспортлох бололцоотой. Хятад улсын хувьд нүүрс импортоор авах хамгийн ойрхон түнш нь Монгол Улс. Заавал Австралиас ,Индонезоос усан онгоцоор зөөх үү, хил залгаа Монгол Улсаас төмөр замаар авсан нь дээр байх уу. Хоёрдугаарт, нүүрсний үнийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад үнэ нь ижил түвшинд биш ч гэсэн харьцангуй гайгүй үзүүлэлттэй байна. Дэлхийн зах зээл дээр угаасан нүүрс нэг тонн нь 120 доллар байна. БНХАУ-ын хувьд ковидын дараах эдийн засгийн бодлогодоо аль болохоор дэд бүтцийн хөрөнгө оруулалт ихээр хийж байна. Дээрээс нь нэмээд үл хөдлөх хөрөнгийнхөө зах зээлийг дэмжих маш том алхмууд хийж байна. Өнөөдөр \2024.08.20 \гэхэд шинэ орон сууц болон хуучин орон сууцынхаа үнийг 14-18 хувиар буулгасан байна. Хамгийн том үл хөдлөх компаниудын ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй газрыг нь эргэж худалдаж авч байгаа юм. Үүний үр дүнд компани, ААН-үүдийг бэлэн мөнгөний хомсдолд оруулахгүй байж дампуурлаас сэргийлж байна. Гуравдугаарт, хятадын дотоодын ган төмрийн хэрэгцээ нь буурсан ч гэсэн ган төмрийн экспорт хэд дахин нэмэгдсэн. Хятадын дотоодын эдийн засгаас илүү дэлхийд гаргаж байгаа бүтээгдэхүүний урсгалд нь монголчууд нүүрсээр оролцож байна гэж ойлгож болох юм. Оны төгстгөлд тооцоолсон хувь хэмжээндээ нүүрсний экспорт хүрчих байх гэсэн хүлээлттэй байна.
-Зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байх шиг байна. Цаашид эрэлт нь өсч үнэ нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь хэр удаан үргэлжлэх процесс гэж харж байна?
-Монгол Улсын уул уурхайн экспортын голлох түүхий эд болох зэсийн тухайд нэг тонн нь 9500 доллар байна.Үнэ цаашид ч өснө. Учир нь дэлхийд нэг жилдээ 1-1,2 сая тонн цэвэр зэс хэрэглэдэг. Энэ хэрэгцээ жил явах тусам өсөх прогноз байна. Гэтэл нийлүүлэлт нь дагаад өсөх орон зай харагдахгүй байна. Учир нь ашиглалтад орох Оюутолгойтой ижил уурхай алга. Тиймээс нийлүүлэлт ингээд тогтвортой байх боловч хэрэглээ эрчимтэйгээр өсөх бололцоо нээгдэж байна. Тухайлбал, дэлхий дээр жилд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь л цахилгаан машин байгаа бол ойрын таван жилийн дотор энэ цахилгаан машины үйлдвэрлэлийг 40 хувьд хүргэх тооцоо гарсан. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд дунджаар 140кг зэс ашигладаг. Нэг энгийн машин үйлдвэрлэхэд 10-20кг л зэс ашигладаг. Тиймээс цахилгаан машин үйлдвэрлэхэд энгийн машинаас 120кг-аас илүү зэс зарцуулдаг байх нь. Мөн түүнчлэн дэлхий нийтээрээ сэргээх эрчим хүч рүү тэмүүлж байна. Тиймээс зэсийн эрэлт нь өндөр байвал үнэ өсөх нь эдийн засгийн зарчим юм.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад томоохон мега төслүүдээ урагшлуулахыг зорьж байгаа нь гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг шууд сонирхох шалтгаан мөн үү. Дэлхийн банк болон бусад гадны байгууллагуудаас төсвийн тэлэлтийг бууруулж, илүү орлого олвол хуримтлуулах талаар зөвлөмж өгсөн. Гэтэл үүний эсрэг л яваад байгаа харагдаж байна?
-Эсрэг бодлого явуулаад, мега төслүүдээ урагшлуулахгүй бол нөхцөл байдал хэвэндээ л байна. Тухайлбал, эрчим хүчний тусгаар тогтнол, төмөр замын холболт, зэс хайлуулах үйлдвэр гэх мэтчилэн том төслүүдээ зүйлээ зайлшгүй хөдөлгөх ёстой. Эдгээр төслүүдийг дангаараа хувийн хэвшил хийж чадахгүй учраас төрөөс дэд бүтцээр хангаж өгөх ёстой. Төрөөс хөрөнгө оруулалт орж ирэх дэд бүтцийг нь бэлдээд өгчихвөл тийшээ хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулна. Хоёрдугаарт, төсвийн тодотголыг дагаад хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Том мега төслүүдээ хөдөлгөхийн тулд гадаадын хамгийн сайн бүтээн байгуулалт хийдэг, хамгийн сайн инженерүүдтэй компаниудыг урья гэж байгаа. Тэд монголд ирэхдээ дангаараа ирэхгүй. Тэд банк, санхүүгийн байгууллагатайгаа, дээрээс нь нэмээд хуулийн багтайгаа, хүний чадварлаг нөөцтэйгөө ирдэг. Энэ бүхэн эргээд Монголд нутагшиж үлдэнэ.
–Томоохон мега төслүүд хэрэгжсэнээр ажилгүйдэл, ядуурлын түвшин, хэдэн хувиар буурах талаар тооцоолол танилцуулсан уу?
-Хараахан ийм тооцоолол гаргаж ирээгүй байна. Энэ бол маш нарийн эконометриксээр тооцдог тооцоолол л доо. Энэ бол маш нарийн мэргэжилтнүүдийн хийдэг ажил. Тэгэхгүйгээр шууд төсөөлөл, баримжаагаар тэдэн хувь багасна, тэгнэ ингэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл эдийн засаг гэдэг чинь өөрөө органик амьтай зүйл гэж ойлгож болно. Тэгэхээр бүх л зүйл үүнтэй хамаарна. Тэгэхээр энэ бүх зүйл өгөгдлүүдийг нь зөв өгч байж үзүүлэлтүүд нь зөв гарч ирнэ.