"Байгаль нуурын 50 хувийг бүрдүүлэгч Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь Монгол, Орос хоёр улсад их чухал"
2024.09.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"Байгаль нуурын 50 хувийг бүрдүүлэгч Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь Монгол, Орос хоёр улсад их чухал"

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.  

Айлчлалын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв.  Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Хэлэлцээрийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлсэн юм.

Санамж бичгийг үзэглэсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаас зарим асуултад хариулт авлаа.

-Хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээрийн үр дүнд олон жил яригдсан “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барьж байгуулах ажил гараанаас гарлаа гэж ойлгож болох уу?

-Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичиг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлттэй хөрш улсууд хамтран тэмцэх томоохон алхам юм.  Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн гол зүйл ус, усны нөөц болж байгаа тохиолдолд дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлэгч Байгаль нуур түүний 50 хувийг бүрдүүлэгч Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь Монгол, Орос хоёр улсын амин чухал асуудал. Хүн төрөлхтний цэнгэг усны нөөцийг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар Байгаль орчин, уур амьсгалын сайд миний бие ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловта хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан нь  жишиг болохуйц томоохон алхам боллоо. 

-Хоёр улсын төрийн тэргүүний хувьд “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих асуудлыг байгаль орчны асуудлыг эхэнд эрэмбэллээ. Ач холбогдлын талаар...

-Хамтарсан санамж бичигт “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлснээр Байгаль нуурт учрах нөлөөг судлах, хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулах ач холбогдолтой. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, дасан зохицох арга эрж хайх боломж олгож байгаагаараа давуу талтай юм.  

-Та ажлын хэсгийг ахалж ажиллахаар болж байна?

-Засгийн газраас тэр дундаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд энэхүү хамтарсан ажлын хэсгийн Монгол талыг ахалж ажиллахаар болсон. Байгаль орчны үнэлгээг хийж байж ажил эхлэх тул миний бие БОҮ-г хурдан гаргуулахаар ажиллана. Үнэлгээ гарсны дараа Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яамныхан үргэлжлүүлээд ажиллана.  

Монгол, ОХУ 1995 онд Хилийн усны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд хоёр улс амжилттай хамтран ажиллаж байгаа. Цаашид усны асуудлаарх харилцаагаа улам нягт болгож, олсон амжилтаа бататгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтарсан хамгааллын арга хэмжээнүүд авах, шаардлагатай тохиолдолд усны барилга байгууламж барьж байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд энэхүү хамтын ажиллагааны зорилго оршино.

ШИНЭ МЭДЭЭ