МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ-ны дарга, гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг урьж уулзав
2024.09.09
Хүний эрх

НББХ-ны дарга, гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг урьж уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2024.09.06) НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг урьж уулзан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг ярилцлаа.Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, түүний үр дүнд бүрдсэн парламентын бүтэц, бүрэлдэхүүний талаар дурдаж, 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, батлагдсан хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх тус Байнгын хорооны баримталж байгаа бодлого, чиглэлийг товч танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Монгол Улс нийгмийн салбарт багагүй ахиц гаргасныг цохон тэмдэглээд, өнгөрөгч 2023 онд тус сангаас Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Нийгмийн түүвэр судалгаа”-ны дүнг танилцуулав. Тус судалгаагаар Монгол Улсын 0-5 насны хүүхдийн эндэгдэл, мөн насны хүүхдүүдийн хоол тэжээлийн цочмог дутагдал болон таргалалт, 15-24 насны залуучуудын боловсрол эзэмшсэн байдал, бага насны хүүхдүүдийн бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байдал зэрэг үзүүлэлтүүд тааруу гарсныг мэдээллээ.

Сурагчдын хоол тэжээлийн сайжруулах хүрээнд хэрэгжүүлэх сургуулийг хүүхэд, гэр бүлд ойртуулах зорилго бүхий “Нэг баг-нэг сургууль” туршилтын төслийнхөө талаар тэрбээр танилцуулж, бага, өсвөр насныхны дэлгэцийн хамаарлыг багасгах, цахим халдлагад өртөх явдлыг бууруулах асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор агаар, ус, хөрсний бохирдол анхаарал татах хэмжээнд хүрсэн, хүнсний шимт бодисын агууламж ихээхэн өөрчлөгдсөн байгааг анхааруулж, сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад байгааг ярив. Вакцинжуулалтад 10-12 насны охид, хөвгүүдийг хамруулахын зэрэгцээ ирэх 10 дугаар сарын 15-наас 50 000 эмэгтэйг шинжилгээнд хамруулна гэлээ. Энэхүү умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хөтөлбөрийг дэмжих лобби бүлгийг Улсын Их Хуралд байгуулж өгөхийг хүслээ.

Улсын Их Хурлын лобби бүлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байгаагаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өгүүлж, тус сангийн Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаанд талархалтай байдгаа илэрхийлээд, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, эх, нялхсын эндэгдлийг бууруулах, боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах талаар цаашид улам идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтад тус байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, М.Сарнай нар оролцсон юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, хорт хавдрын эсрэг дархлаажуулалтыг сайжруулах талаар манай улс эрх зүйн түвшинд тодорхой ахиц гаргасныг дурдаад, заавал хийх дархлаажуулалтын жагсаалтад хүний папиллома вирусын эсрэг сэргийлэх тарилгыг оруулсан учир нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах зэрэгт хамтан ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв. Тэрбээр тус сангийн төлөвлөж буй “Нэг баг-Нэг сургууль” төслийг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх үүднээс сайтар судалж ажиллахыг зөвлөв

ШИНЭ МЭДЭЭ