2024.10.03
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Хөрөнгө оруулагчдын итгэлийг цаашид хэрхэн хадгалж, хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримталж байна
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Хүнс болон махны нийлүүлэлт тал дээр ямар бодлого баримтлах вэ. Мөн болзошгүй махны хомсдол, зудын эрсдэл үүсэхэд нийлүүлэлтийн гаралтай инфляцаа хэрхэн зөв зохицуулах вэ?
Нэгдүгээрт, нийтдээ таван төрийн өмчит компанийг хувьчлах болон үүгээр дамжуулан 1,5 ихнаяд төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн төсөөлөл байна. Үүнтэй холбоотойгоор ямар байдлаар тухайн компаниа дүгнэх юм.
Хоёрдугаарт, шинээр хувьцаагаа гаргаж зарах юм уу эсвэл одоо байгаа хувьцаагаа зараад төрийн өмчийн хороо болон бусад хувьцаа эзэмшигчид нь аваад мөнгөө зарцуулах юм уу?
Гуравдугаарт, нийслэлийн түгжрэл нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Үүнийг хялбар шийдэж болох арга нь ухаалаг гэрлэн дохио болон камержуулалт. Үүнтэй холбоотойгоор 1500 ширхэг ухаалаг гэрлэн дохио, 500 ширхэг камер нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөө байгаа юм байна. Үүнийг ямар хөрөнгөөр худалдан авах гэж байна. Мөн үүний үр дүнд түгжрэл хэдэн хувиар буурах дүн байна. ОХУ, БНХАУ гэсэн улс орны жишгээс харахад 15-20 хувиар боломжтой гэх судалгаа бий.
Дөрөвдүгээрт, ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт 15 хувиар нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөл байна. Өнөөдөр байгаа хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хэрхэн цаашид хадгалж, ямар бодлогын дор хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэх ямар бодлого баримталж байна вэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 30 хувийг сэргээдэх эрчим хүчинд зарцуулна. Ингэснээрээ 250 мбт- ийг нэмэгдүүлнэ. Шинээр сэргээгдэх эрчим хүчний үүсвэр гаргана гэсэн төсөөлөл байна. Энэ нь бодитой юу?
Тавдугаарт, стратегийн түнш орнуудтайгаа 7 шинэ хэлэлцээр төлөвлөсөн байна. Үүний талаар мэдээлэл өгнө үү.
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.