Эрдэнэ.С 2016.11.04 | Телевиз: Парламентын суваг

С.Эрдэнэ: Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад бүх байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүл

С.Эрдэнэ: Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад бүх байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүл
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар /2016.11.03/ Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын өргөн барьсан дээр дурдсан хууль болон тогтоолын төслүүдэд ажлын хэсэг гарган ажилласны дүнд гаргасан саналаа УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулсан юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ. Түүний УИХ-ын чуулганы индэрээс хийсэн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

"УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ! УИХ-ын ээлжит сонгуульд МАН “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ард түмнийхээ итгэлийг авсан. МАН-ын байгуулсан УИХ, Засгийн газар сонгогдсон цагаасаа өнөөдрийг хүртэлх 3 сарын хугацаанд амлалтаасаа умартсан, хөгжил дэвшлийг чөдөрлөсөн алхмуудыг хийж ирлээ.

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль болон дагалдах бүх хуулиуд нь мөрийн хөтөлбөртэй зөрчилдсөн, ард түмэнд өгсөн амлалтаасаа буцсан төсөл болжээ.

2016-2017 онуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан хэдий ч АН эрх барьж байсан хугацаандаа нийгмийн халамж, цалин тэтгэмжийг бууруулаагүй, ажлын байрыг цөөлөөгүй, ард түмний амьдралд хамгийн ойр “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэнийг Монголын ард түмэн мэднэ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг УИХ дахь АН-ын бүлэг судлан үзэж, дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж чадах төсөв, мөнгөний зөв бодлого баримталж, хэрэгжүүлэх нь Монгол Улсын эрх ашиг юм. УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсаа хөгжүүлэхэд МАН, АН-ын зам гэж тэс өөр зүйл байх ёсгүй. Зөвхөн зөв арга зам байх ёстой. Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, бодлого, шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг мөн” гэсэн.

Та бүхэн төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа улс үндэснийхээ эрх ашгийг бодож, сувьектив бус бодит байдалд тулгуулаж, бидний саналыг анхааран үзнэ гэдэгт найдаж байна.

Засгийн газар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнвцэржүүлсэн орлогыг 5 их наяд 974,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22,8 хувь байхаар нэгдсэн төсвийн нийт зарлагыг 8 их наяд 564 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32,7 хувь байхаар, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2 их наяд 589,2 төгрөг буюу ДНБ-ий 9,9 хувь байхаар тооцсон байна. Мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байх үед төсвийг өндөр алдагдалтай батлах нь эдийн засгийг ирэх 2 жилд зогсонги байдалд оруулах бодит эрсдэл тулгарахыг ойлгох хэрэгтэй.

Төсвийн орлогын бүхий л боломжийг дайчилж, тэвчиж болох зардлуудыг танаж чадвал алдагдлыг 6 хувьд оруулж ирэх бодит боломж байгаа гэдгийг энд цохон дурдаж байна. Алдагдлыг бууруулж байж, төв банкны бодлогын хүүг 15 хувиас бууруулж, мөнгөний бодлогыг сулруулах нөхцөл бүрдүүлнэ. Ард иргэд, ААН-үүдийн зээлийн хүү буурч, зээл авах боломж мөн өснө.

Нийт орлогын 82,1 хувь буюу 4 их наяд 905,8 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 17,9 хувь буюу 1 их наяд 69,2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр,  нийт зардлын 81 хувь буюу 6 их наяд 944 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 17,4 хувь буюу 1 их наяд 500 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд зарцуулахаар тусгасныг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулан дүгнэхэд,

Шинэ Засгийн газар татварын орлогыг өнгөрсөн оноос 8,8 хувиар нэмэгдүүлж, төсвийн орлогын 82,1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн нь иргэд, ААН-үүдэд татварын дарамт болохоор байна.

Ирэх жилүүдэд хүн амын амьжиргааны түвшин, дундаж орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн өмнөх Засгийн газрын баримталж байсан бодлого, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг хүчингүй болгох, өөрчлөх, хэрэгжих хугацааг хойшлуулах замаар иргэд, өрхийн амьдралд шууд нөлөөлөх, тэдэнд зориулах ёстой зардлуудыг 159 тэрбум төгрөгөөр хасч, иргэдийнхээ халаасанд гар дүрсэн бодлогыг оруулж иржээ.

Иргэдээсээ харамласан хирнээ урсгал зардал, цалин хөлсөө өмнөх оны түвшнээс 33,1 хувь буюу 222 тэрбум төгрөгөөр нэмж, бодит хөрөнгө оруулалтыг 856 тэрбум төгрөгөөр хассан нь төрийн албыг цомхон, чадварлаг бүтцээр ажиллуулах бус тансаглалаа нэмж, сөрөг хүчин байхдаа шаарддаг байсан дэд сайдгүй байх, улс төр, намын томилгоог үгүй болгох зэрэг зарчмын шаардлагуудаа ор тас мартсан байгааг одоогийн сөрөг хүчин та бүхэнд сануулж байна.

Ард иргэддээ шууд хүргэдэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 60 гаруй тэрбум төгрөгөөр хасчээ. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлсэн бодлогын ач холбогдол, ирээдүйн сайн үр нөлөөг сайтар тооцоолоогүй, ойлгохыг хүсэлгүй, хөнгөн хуумгай хандаж, төсөв хүрэлцэхгүй байна гэсэн ганцхан шалтгаар хаалт хийж, өр зээл, алдагдлын том тоог абсолют дүнгээр илэрхийлж, ард түмнээ айлгах зорилгоор зарлаж байгаа нь туйлын хариуцлагагүй бөгөөд эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр дараа дараагийн авах дотоод, гадаад арга хэмжээнийхээ үр дүн, боломжуудыг хаасан болчимгүй үйлдлүүд болж байгааг хатуу анхааруулж байна.

Эдийн засгаа өсгөх нь бодлогын амин чухал хэсэг байх ёстой. Ирэх жилүүдэд өсөлттэй байхын тулд үүнд хүргэх суурь алхмуудыг өнөөдрөөс тавьсан байх учиртай. Иргэдээ дэмжсэн, жил бүр буурч буй бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх онцгой хөтөлбөр үгүйлэгдсээр 100 хонож байна.

Том төслүүдээ хэзээ эхлүүлэх, өрхийн орлогыг бууралтыг хэрхэн зогсоох, ажилгүйдлийн өсөж буй хувь хэмжээг яаж бууруулах бодлого 2017 оны төсвийн бодлогод огт тусгагдсангүй. ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих нэмэлт хөрөнгө оруулалт харагдахгүй байна. Ирээдүйд эдийн засгийн чухал түлхэц болсон тэргүүлэх чиглэлүүдэд оруулах төсвийн болон бусад эх үүсвэрийн санхүүжилтийг үндсэндээ зогсоосон төсөв болжээ. Эдгээрийг санхүүжүүлэх эх үүсвэрээ хаанаас олох төсвийн бодлогоо яаралтай тодорхойлж, Засгийн газар шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Бодлогын томоохон арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шийдэмгий авч хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах ирээдүй бүрхэг байгаад ард иргэд бухимдаж байна. Иргэд та бүхэнд найдаж энэ удаад сонголтоо хийсэн. Шийдлээ түргэн гаргаж, эрчимтэй ажиллахыг сөрөг хүчний зүгээс та бүхэнд дахин анхааруулж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад төр, засгийн бусад бүх байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2015 оны эцсийн түвшинд хүргэж царцаах, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 20 хувь хүртэл хувиар бууруулах, хэрэггүй орон тоог цомхотгох, төсөвт байгууллагын контор, албан газрыг барихад зориулж улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт хийхийг энэ жилдээ тэвчиж зогсоох, цаашлаад сургууль, цэцэрлэг боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр, тэднийг дэмжсэн зохицуулалтын шинэ арга замаар шийдвэрлэж чадвал төсвийн ачааллыг эрс бууруулах боломж байна.

Орлогыг төлөвлөхдөө зөвхөн өнөөдрийн байгаа байдалд эргэлдэх биш ирээдүйд экспортын орлогыг нэмэгдүүлэх, үр өгөөжтэй салбараа дэмжих замаар алсаа харж төлөвлөх зарчим руу шилжих нь зүйтэй.

Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтийг ирээдүйн тэргүүлэх чиглэлийн салбарууддаа түлхүү хуваарилах, оновчтой зохицуулалт хийх шаардлага байна. 2017 онд хүнд үйлдвэр, боловсруулах салбарт 350 тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжилт хийхээр тусгасан нь та бүхний экспортын орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд барьж байгаа, хийж буй ажил ямар зөрүүтэй байгааг харуулсан тод жишээ юм.

Төрийн өмчийн томоохон обьектуудыг хувьчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй. Өнгөрсөн УИХ-аар баталсан хувьчлах жагсаалтад орсон ААН-үүдийг амжилттай хувьчлах талаар дорвитой арга хэмжээ авахын оронд шинээр амархан хувьчилж болох банк, биржүүдийг яаран сандран хувьчлахаар оруулж ирэхийг харахад төсөвт мөнгө оруулах нэрийн дор МАН, түүний эргэн тойрны хүрээлэгчид халаасаа зузаатгах хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн болохыг үгүйсгэх аргагүй гэж цохон дурдаж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх 4 тусгай шаардлагад тулгаж, орлогыг зөвхөн нэг салбараас хамааралтай, тухайлбал уул уурхайн салбарын 4-5 төслийг эхлүүлснээс олно гэж хэт өөдрөг байдлаар хэрэгжихгүй байх өндөр эрсдэлтэй орлогоос хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс харахад тухайн онд төсөв төвлөрөхгүй байх эрсдэлтэй тусгасан зэрэг нь төсвийн тэнцлийг алдагдуулахаар байна.

Засгийн газрын үнэт цаасны хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд 5,4 их наяд төгрөгийн үнэт цаас арилжихаар төлөвлөсөн нь улсын өрийн хэмжээг нэмж, Монгол Улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үлдээх бодит нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна.

Засгийн газар дээрх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх дөрвөн жилд барьж байсан бодлого, сонгогчдод амлаж байсан амлалтаасаа ухарч буй бодит алхам болж байна.

МАН сөрөг хүчин байхдаа 2014 онд Засгийн газрын зарим тусгай зориулалтын сангуудыг үр ашиггүй, байх шаардлагагүй гэж үзэж байсан мөртлөө зарим сангуудыг хуульд өөрчлөлт оруулах замаар хасч байсан хэдий ч эрх мэдлийг гартаа авангуутаа өмнөх байр сууринаасаа 100 хувь буцаж, эдгээр сангуудыг дахин сэргээж, ой санамжаа алдаж, манарч байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 1300 төгрөг байна гэж тооцоолсон нь эрүүл ухаанд багтамгүй төсөөлөл болжээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2410 төгрөг болсон байна. Эрх баригч хүчин бодит амьдралаас хол тасарсныг энэ жишээ харуулж байна. Төгрөгийн худалдан авах чадвар болон иргэдийн орлого урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр унаж, ажилгүйдлийн түвшин 10 хувиас давсан үзүүлэлттэй байхад 2017 оны төсвийн төслийг боловруулахдаа туйлын хариуцлагагүй хандаж, олон хуулиудад өөрчлөлт оруулах замаар иргэдийн тэтгэмж, урамшууллын хэмжээг өмнө нь авч байсан түвшнээс огцом бууруулсныг эрс эсэргүүцэж байна.

Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарах үедээ авдаг байсан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг бууруулж, 36 хүртэл сарын дундаж цалинтай тэнцэхээр оруулах гэж байгаагаа ард иргэддээ үнэнээр нь хэлж, хууран мэхлэх арга замаа зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн төрийн албаны гэлтгүй Эрүүл мэндийн даатгалын тухай, Төрийн албаны тухай, Авлигын эсрэг, Байгаль орчныг хамгаалах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудын холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эдгээр хуулийн төслийг боловсруулах гэхээс илүү дээрх хуулиудыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн завсарласан гэдэх хилсдэхгүй юм.

УИХ дахь МАН-ын бүлэг нэмж, хасч, өөрчлөх гэж байгаа хуулийн заалтуудад 2016 оны 7 дугаар сарын 21, 9 дүгээр сарын 9-ний өдрүүдэд нэмэлт, өөрчлөлт хийж баталсан. Гэтэл өнөөдөр хоёр сар ч бололгүй өөрсдийн хийсэн өөрчлөлтийг дахин засварлахаар оруулж ирсэн нь хууль тогтвортой байх зарчмыг алдагдуулж байна.

Хууль гэдэг дураа хүрэхээр засч, нэмж, өөрчилж намын эрх ашигт нийцүүлж байдаг баримт бичиг биш юм. Энэ үйлдлээрээ МАН нийтийн эрх ашиг гэхээсээ илүү нам, олигархиудын эрх ашгийг дээгүүрт тавьж, аливаа асуудалд ямар ч судалгаагүй хандаж байдгийг бодитоор харуулж байна.

Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж. Нийгмийн зүгээс хуульд тавих нэн тэргүүний шаардлага бол хууль тогтвортой хийгээд тодорхой байх, хууль хэдий чинээ тогтвортой байна, иргэд төдий чинээ эрх зүйн хэм хэмжээг төлөвших нөхцөл бүрддэг.

Харамсалтай нь Монголын парламент хууль тогтоомжуудыг тогтвортой мөрдөж чадахгүй, дураараа өөрчилж ирсэн. Зөвхөн өнгөрсөн найм, есдүгээр сард төсвийн тодотгол хийхдээ Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, оюутны тэтгэлгийг хасах, эмч, багш нарт өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож байсан тэтгэмжийг 1-12 сар хүртэл болгон бууруулж, татварыг ямар ч үндэслэлгүйгээр нэмэх санал оруулж ирсэн нь УИХ-ын сонгуулиар ард түмэндээ амлаж байсан амлалтаасаа няцаж, иргэд сонгогчдоо хуурч байсныг ард түмэн мартаагүй байна.

Тэд УИХ дахь АН-ын бүлгийн шаардлага, олон түмний эсэргүүцэлтэй тулгарч, 2017 оны төсвийн тухай хуулийг дагалдаж оруулж ирсэн бусад хуулийн төслүүдэд дахин засвар хийхдээ хууран мэхлэх башир арга хэрэглэж байна.

Эмч, багш нар тэтгэвэрт гарахад нь хуулиар олгож байсан 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох эрхийг Засгийн газарт шилжүүлж, хуулийг засварлан өргөн барьжээ. Эмч, багш нар уг хуулийн төслийг хараад 36 сарын тэтгэврээ сэргээх нь гэж баярлаж суугаа байх. Гэвч УИХ-аас баталж, хуулиар олгож байсан мөнгийг Засгийн газрын мэдэлд шилжүүлнэ гэдэг нь энэ тэтгэмжийг Засгийн газарт 1 сараар ч олгох эрх мэдлийг өгч байна гэсэн үг.

Энэ бол 1-12 сар хүртэл олгох өмнөх ухарсан заалтаа улам дордуулж, цаг наргүй, хамгийн хүнд хүчир ажлыг хамгийн бага цалинтай хийдэг боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг мэхэлж буй хэрэг юм. Ийм маягаар ард түмнээ хуурч болохгүй гэдгийг хатуу сануулж, хэлэлцүүлгийн явцад эрхэм гишүүдийг анхаарал хандуулахыг хүсч байна.

Өнгөрсөн парламент олон жил ярьж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хуулийн мөн чанар нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн албан хаасан бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр/нөхөр ханийхаа авч байсан тэтгэврийн тодорхой хувийг үргэлжлүүлэн хүртэх боломжийг олгосон хамгийн энэрэнгүй, ахмадуудын сэтгэлд нийцсэн хууль байсан юм.

Үүнийг МАН-ын өмнөх парламентад хамтран баталсан гишүүд мэдэж байгаа. Харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн ээлжит бус чуулганаар олонхиороо кноп дарж, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Үүний оронд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд ахмадуудыг 70, 80, 90-ээс дээш насны гэж ялгаварлаж, 100-300 мянган төгрөгийг жилд 2 удаа “Насны жишиг” хэлбэрээр олгохоор оруулж ирснийг дэндүү бүдүүлэг, Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэсэн, ахмад настнуудаа насаар нь ялгаварлан доромжилсон үйлдэл болж байгаа гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1,1, 14 дүгээр зүйлийн 14,1,2, 14,1,3 дахь хэсэгт Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхах хориглож, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах, хүүхдийн эрхийг талаар хууль тогтоомжид хяналт тавих эрхийг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байдаг.

Засгийн газар нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг зөрчин, хүүхдийг нийгмийн байдлаар нь ялгаварлан Хүүхдийн мөнгө олгох тогтоол гаргаж, түүнийгээ нөхөн олгох нэрийдлээр халхавчлан, үл биелэгдэх тогтоол гаргах гэж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Монгол Улсад цэцэрлэгийн хангамж хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж АН Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан баталж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр улсын хэмжээнд уг үйлчилгээнд нийт 5995 хүүхэд, 591 төвд хамрагдаж 1206 иргэн Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл аван ажиллаж байна. Эдгээр 5995 хүүхдийн 297 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Асар богино хугацаанд ийм олон төв байгуулагдсан нь энэ хэлбэрийн цэцэрлэгийн хэрэгцээ ямар их байгаа, цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр тулгамдсан асуудал болсныг баталсан тоо баримт юм.

Хүүхэд харах үйлчилгээний үйлчлэх хугацааг хуучнаар нь үлдээж, хуулийн төслийг АН-ын бүлгийн гишүүд санаачлан өргөн барихаар төлөвлөж байна. Та бүхэн Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудыг өөрсдийн хүүхдийн нэгэн адилаар хайрлаж, бидэнтэй санал нэгдэж, шаардагдах хөрөнгийг 2017 оны төсөвт тусгах УИХ дахь АН-ын бүлгийн санал санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд өгч буй АН-ын бүлгийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсч байна."