Ц.Гарамжав: Өнөөдөр ашигт малтмал олборлож байгаа том МАСС үүсчихээд байна
2017.12.22

Ц.Гарамжав: Өнөөдөр ашигт малтмал олборлож байгаа том МАСС үүсчихээд байна

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтанд орсон байсан.

Гэсэн ч гишүүд энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь салбарын сайд хүндэтгэх шалтгаантай ирээгүй байгаа нөгөө талаасаа зөвхөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг дангаар оруулж ирэхээс илүү цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тиймээс салбарын яамтай хамтарсан бодлого орж ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Өнөөдөр ашигт малтмал олборлож байгаа том МАСС үүсчхээд байна

Бидний маргаан бол уул уурхайн салбарт мэргэжлийн бус, хариуцлагагүй байдал байдал хавтгайрснаас үүсээд байгаа. Үнэхээр уул уурхайг хариуцлагатай явуулъя гэж дуу хоолойгоо хүргэж байгаа гишүүдийн зөв. Би ч мөн энэ салбараа нэр хүндтэй, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг гишүүн.

Сүүлийн үед юу болж байгааг харъя. 3600 лицензтэй. Үүнээс гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын 330 сум дээр сум бүрийн Засаг дарга 50 га олгох эрх мэдэлтэй. Тэнд ямар ч ашигт малтмал, ямар ч газар өгч болно. Үүний дараа бичил уурхай бас өөрийн журмаар олборлох эрхтэй. Үүний дараа үүсмэл ордыхон ашиглаж байгаа. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр даяар өнгөт чулуу ашиглалт  хууль бусаар асар их хийгдэж байгаа. Бас нөхөн сэргээлт нэрээр уул уурхайн ашиглалт мэргэжлийн бус хүмүүс хийж байна.

Ингээд түгээмэл, нүүрснийхэн, бичлийнхэн, хууль бусынхан, үүсмэл ордныхон, өнгөт чулууныхан, нөхөн сэргээлт нэрээр гээд...ерөөсөө газрын хэвлий, ашигт малтмал олборлож байгаа МАСС үүсчхээд байна.

Ганцхан бичил уурхай эрхлэгчид бус.

Манай Т.Аюурсайхан гишүүн эдгээр хүмүүст ажлын байрыг бий болгоё, нийгмийн зүй зохистой амьдралын хэв маяг уруу оруулъя гэдэг санаачлага нь зөв. Гэхдээ ганцхан бичил уурхай эрхлэгч дээр шийдэх боломжгүй, үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ.

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа