Бат-Эрдэнэ.Б 2018.08.23 | Үндэсний Шуудан

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн олборлолтыг зогсоохгүй бол түүхийн аялал жуулчлалын бүс байгуулах нь утгагүй

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн олборлолтыг зогсоохгүй бол түүхийн аялал жуулчлалын бүс байгуулах нь утгагүй

Хэнтий аймагт өрнөж буй уул уурхайн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хэнтий аймгийн Батширээн, Биндэр сумын нутагт байрлах Гутайн даваанд уул уурхайн компаниуд олон жилийн олборлолт хийснээр Гутайн гол тасалдаж, ширгэхэд хүргэсэн. Тиймээс зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг өмнөх Засгийн газар гаргаж байсан. Одоо Гутайн даваанд нөхцөл байдал ямар байна вэ. Та очсон уу?

-Би Гутайн даваанд хоёр сард нэг удаа очиж байгаа. Уул уурхайн үйл ажиллагааг харах, сум орон нутгийн иргэдтэй уулзах, багийн ИТХ-д оролцох зэргээр ажилласан. Тэнд хоёр ч компани үйл ажиллагаа явуулж, Гутайн голд шороон ордны алт олборлож байна лээ. Тэдний энэ үйлдэл зөвхөн нэг, хоёр жилээр тогтохгүй, сүүлийн 20 орчим жил үргэлжлэж байна.

Тиймээс бид эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд маш шаргуу ажиллаж байгаа. 2017 оны би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа асуудлыг хуралд оруулж, “Ю энд би” компанид олгосон лицензийг цуцлуулсан. Саяхан газар дээр нь очиж үзэхэд тус компани үйл ажиллагаагаа зогсоож байна. Харин наад талд нь н.Дамба гэж хүний “Айвуун тэс” гэдэг компани олборлолт хийж байна.

-Тэгэхээр асуудал цэгцрээгүй гэсэн үг үү? Тэнд олборлолт хийж байгаа компаниудад хуулийн хүрээнд шаардлага хүргүүлсэн үү?

-2012-2016 оны үед засгийн эрх барьж байсан нөхдүүд урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг маш богино хугацаан өөрчилсөн. Өмнөх журмын үйлчлэлээр он сан бүхий газар болон голын голдирлоос 500 метр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Гэтэл өөрчилж, 500 метрийг 50 метр болгон, компаниудын үйл ажиллагаа явуулах хугацаа өгч, дуусахаар нь нөхөн сэргээлт хийхээр болсон байгаа юм. Гэтэл үүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрч байхад компаниуд үйл ажиллагаагаа цэгцлээгүй. Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр үндсэн орд руу орсон байна лээ.

-Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж байгаа компаниудад ямар хариуцлага тооцох ёстой вэ. Та нарын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хууль журамд заасны дагуу холбогдох байгууллагууд нөхөн сэргээлт хийж байгаа үгүйг нь үзэх хэрэгтэй. Тэд нөхөн сэргээлт хийж байгаа гэж хэлчихээд харагдах хэсэгтээ шороон далан босгосон байсан. Харин шороон далангийн цаана дөрвөн давхар байшингийн өндөртэй дүйцэхүйц нүх ухсан байсан. Энэ жил нүхээ булсан байна лээ. Тэнд ямар хэмжээний газар ухаж, хэр орлого олсон, түүнээс улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлж байгаа нь ойлгомжгүй.

Гутайн голын голдиролд алт ухснаар байгаль сүйдэж буй дүр зураг.   Эх сурвалж: b.baterdene.officialpage

Ер нь, уул уурхайг цэгцэлж, хараа хяналттай, ил тод байлгах асуудал зүгшрээгүй байна. Хамгийн гол нь нийгэм, хүн, байгаль орчиндоо үзүүлэх хор нөлөө нь асар их байгаа юм. Тиймээс бид үүнийг цэгц, журамд оруулах ёстой. Батширээт сумын нутгийн баруун талд Хан Хэнтий дархан цаазат газар гэж тусгай хамгаалалттай газар бий. Зүүн талд нь Онон Балжийн цогцолбор газар байгаа. Харин энэ хоёрын дундах газрыг дархан цаазат нутагт хамруулаагүй.

1990-ээд онд хамтын нөхөрлөлийн орнуудын геологийн ангийнхан энд хайгуул хийсэн. Ингээд нууцын зэрэглэлтэй материалд тухайн бүс нутаг алтны нөөцтэй гэдгийг тогтоож, хамгаалалтад авалгүй үлдээсэн ч байж болох юм. Орон нутгийн удирдлагууд уул уурхайн компанид үйлчилж, тэдний талд шийдвэр гаргаж байгаа учир төрийн шийдвэр тухайн газрыг Хан-Хэнтийн дархан цаазат газарт авч, хамгаалах хэрэгтэй.

-Нутгийн удирдлагууд нь эдгээр компанийн үйл ажиллагааг эсэргүүцдэггүй юмуу?

Өмнө нь ОХУ-аас Монгол руу урсдаг Ашинга тэргүүтэй голын эхэнд оросууд олон арван жил уурхай ажиллуулж байсан юм билээ.Тэр голд уурхайн далан алдсанаас болж, Онон голын ус их хэмжээгээр бохирдсон. Тухайн үед Батширээт сум, Онон багийн иргэд их гомдол гаргаж байсан юм. Үүний дагуу бол Ашинга, Онон хоёр голын нийлж буй хэсгээс нь усны бохирдлын дээж авч байлаа. Улмаар ОХУ-ыг Элчин сайдын яаманд асуудал тавьж, Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Засгийн газарт нот бичиг илгээж, хоёр тал хэд хэдэн удаа уулзалт хийсэн.

Үүний дагуу ОХУ-ын тал хил дамнаж урсдаг голын голдиролд үйл ажиллагаа явуулж байсан уурхайг бүгдийг нь хааж байсан юм. Үүнээс хойш асуудал гарахаа больсон байсан. Гэтэл харамсалтай нь, Батширээт сумын удирдлагууд өөрсдөө нутагтаа алт ухуулж, Онон голын бохирдуулж байна.

Тэд Биндэр, Норовлин, Баян-Алдар, Дадлынхан бидэнд хамаагүй гэсэн өнцгөөр хандаж байгаа нь харамсалтай. Дэлгэрхаан сумын эгэл малчнаас эхлээд орон нутгийн удирдлагууд нэгдсэн байр суурьтайгаар нутгаа хамгаалж байсан. Харин Батширээт сумын удирдлагууд, компанийн талд үйлчилж, төвөгтэй байдал үүсгэж байна. Тиймээс би Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй хамтарч хоёр удаа очиж ажиллалаа.

-Уг нь өнгөрсөн хавар Онон голд олборлолт хийж буй компанийн удирдлагуудаас гадна нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан зөвлөгөөн хийж, нэгдсэн саналд хүрсэн гэж байсан дээ?

-Бид Улаанбаатар хотод “Онон гол ба уул уурхай” гэсэн сэдвээр зөвлөгөөнөөс бид уриалга гаргаж, төр засгийн байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Тэгэхээр компанийн удирдлагууд “Түүхийн өлгий нутаг учраас энд үйл ажиллагаа явуулахаа больё” гээд өөр газар зөвшөөрөл олгох талаас нь ярилцсан.

Гэтэл би 20 орчим хоногийн өмнө очиход компаниуд үйл ажиллагаагаа явуулж л байна. Цаад тал нь Гутайн давааны үндсэн ордыг ашиглах “Гутайн даваа” компанийн үйл ажиллагаагаа бүүр идэвхжүүлсэн байна лээ. Ийм байвал маш хүнд байдал руу орно.

Үндсэн ордод цианит натри ашиглаж, алтыг чулуунаас салгадаг. Циани натри бол химийн асар хүчтэй бодис. Ийм бодис ашиглаж, алт угааснаар ус бохирдож, хордсон бүс нутгууд байна. Дархан, Сэлэнгийнхний асуудал одоо ч намжаагүй байна. Энэ хорны үр дагаврыг бид хангалттай мэднэ.

Тиймээс Ононгийн эхэнд үндсэн ордыг ашиглаж эхэлбэл нутгийн иргэд их хүнд байдалд орно.

Харин компанийнхан иргэдэд хөнгөн, хийсвэр байдлаар асуудлыг танилцуулж байна лээ. Тухайлбал, “Бид баяжуулах үйлдвэр энд барихгүй. Багануурт барина” гэсэн. Гэтэл эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг үеэр хийсэн судалгаагаар тэндээс багаар бодоход 540 мянган тонн хүдрийн биет гарна гэсэн. Түүний 60 тоннын даацтай автомашинаар тээвэрлэвэл 10 мянга гаруй удаа зөөх юм байна лээ. Тэгэхээр хойд бүс нутаг Батширээт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандалын нутгийн хөрс шороо талхлагдана гэсэн үг. Тиймээс баяжуулах үйлдвэрийн өөр газар байгуулж, тээвэр хийнэ гэдэг хэцүү юм байна лээ.

Нөгөө талаас ТЭЗҮ дээр нь усны хэрэгцээгээ Гутайн голоос хангана гэж байгаа юм. Гэтэл 20-иод жил алт ухаж байгаа “Ю энд би”, “Айвуун тэс” компаниуд Гутайн голыг олон жил ашиглаж, голдирлыг нь өөрчилсөн. Тэр байтугай саяхан гаргасан Монголын газрын зураг дээг Гутайн голын тэмдэглэгээ байхгүй болсон байна лээ.

Ийм зөрчил, зөрүүтэй зүйлүүд л байна даа. Тиймээс бид газар нутгаа хамгаалах хэрэгтэй байна. Зөвхөн уул уурхай гэлтгүй, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, орчин үеийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, явуулах боломж их байна.

-Аялал жуулчлал хөгжих байх. Харин мал аж ахуй, орчин үеийн эрчимжүүлсэн аж ахуйг хэрхэн хөгжүүлэх юм бэ?

Жишээ хэлье. Батширээт суманд гурван сүүний компани өдөрт 20 мянган литр сүү иргэдээс авч байна. Тэр бүс нутагтаа өндөр үр ашигтай үйлдвэрийн үхрийг олон жилийн турш үржүүлсэн. Иргэд 20 мянган литр сүүг 500 төгрөгөөр худалдаж, өдөрт 10 сая төгрөг авч байна. Ингэхээр сард 300 орчим сая төгрөгийн орлого тус суманд эргэлдэж байна гэсэн үг. Энэ бол байгаль экологид ээлтэйгээр ашиг олж байгаа юм. Энэ зөвхөн нэг жишээ. Үүнийг хажуугаар байгалийн бэлэн бүтээгдэхүүн ашиглаж болно.

Батширээт сумын Онон багийн иргэдтэй уулзахад татварын байцаагч нь Сайхны голын орчимд “Алтай хангайн бүрд” гэдэг компани үйл ажиллагаа явуулсаар байгааг мэдээлсэн. Уг нь энэ компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой байсан. Мөн “Ю энд би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” компанийн дөрвөн лиценз Батширээт суманд бий. Эдгээр зөвшөөрлөөс сум орон нутагт нэг жилдээ дөрвөн сая төгрөг л орж байгаа гэсэн. Дэндүү бага. Гэтэл малчид сүү саалиа аваад сардаа 300 сая орчим төгрөгийн орлого олж, түүнийгээ эргэлдүүлж байна.

Дөрвөн лицензээс дөрөвхөн сая төгрөгийн орлоготой сууснаас сүүнээс гадна жимс, самар, бусад ойн нөөц баялаг, аялал жуулчлалаас ашиг олсон нь дээр.

Дөрвөн лицензээс дөрөвхөн сая төгрөгийн орлоготой сууснаас сүүнээс гадна жимс, самар, бусад ойн нөөц баялаг, аялал жуулчлалаас ашиг олсон нь дээр. Батширээтийн байгаль нь үнэхээр гайхамшигтай.

-Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосон. Аялал жуулчлалын бүс нь ямар маршруттай байх вэ?

-Ж.Эрдэнэбатын засгийн газар шийдвэр гаргаж, Хэнтий аймгийг Улаанбаатарын дараа орох түүхийн аялал жуулчлалын хоёр дахь бүс болгож зарласан. Олон аймаг өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн онцгойлон авч үзэж, хоёр дахь бүс болгосон нь энэ. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас аялал жуучлалын зориулалтаар авч байгаа хөрөнгөнөөс тодорхой хувийг уг ажилд зарцуулахаар тусгасан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын брэнд цогцолборуудыг барих ажил хийж байна. Аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх зам, цахилгаан станц барих чиглэлээр гаргасан төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа.

Ингэхдээ зөвхөн Чингис хааны төрсөн нутаг Дадал сум руу анхаарах биш Хэрлэнгийн хөдөө арлаас эхлэн Хар зүрхний хөх нуур, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Өндөр, Дадал, Норовлин, Батноров, аймгийн төв, Баянхутаг, Баянмөнх гэсэн чиглэлтэй тойрог хэлбэрийн замын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой юм.

Хэнтий аймаг бол километр бүртээ ариун нандин түүх хадгалаастай бүс нутаг. Энэ үүднээс төр засаг маш зөв бодлого гаргасан. Энэ бодлогыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд уул уухайд учир зүйтэй хандан нь зөв. Хэнтий нуруу, Онон, Хэрлэн, Туулын эхээр уул уурхайн үйл ажиллагаа явуулбал, энэ бүс нутгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгох нь утгагүй хэрэг.

-Хэнтий аймгийн иргэд Дэлгэрхаан сумын нутагт газрын тосны хайгуул хийхийг их эсэргүүцэж байсан. Харин одоо дахин хайгуул хийж магадгүй гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар та судалсан уу?

-Эхнээс нь ярья. Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө арал гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энд Их эзэнт гүрний анхны нийслэлийг байгуулж, Чингис хааныг Далай хаан цолоор өргөмжилж, хаан суудалд нь залсан түүхтэй. Мөн дараагийн Их хаадыг ч энэ газар өргөмжилж байсан гэдэг. Энэ үүднээс Дэлгэрхаан сум бол монголчуудын хамгийн ариун дагшин төрийн голомт нутаг юм. Гэтэл тэнд нүүрсний орд илэрсэн учраас уурхай байгуулах талаар нэг хэсэг асуудал мандсан. Үүнийг нутгийн иргэд бид арайхийн зогсоосон. Харин одоо “Нялга XIV талбай”-д газрын тосны хайгуул хийнэ гэсэн.

Уг нь 2008-2012 онд Дэлгэрхаан сумын иргэд, удирдлагууд нэгдэж, хатуу тэмцсэний үр дүнд “Нялга XIV талбай”-аас Дэлгэрхаан сумыг чөлөөлсөн юм. Тухайн үед үүнтэй тэмцэх хэмжээний газар нутгийн өөр аймгаас орлуулахаар болсон.

“Нялга XIV талбай” нь Хэнтий, Төв, Дундговь зэрэг аймгийн дамнасан газрын тосны талбай.

Гэтэл 2012-2016 оны Засгийн эр барьж байсан нөхдүүд 2014 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоол гаргаж, хилийн засгийг нь тогтоон, тохиролцсон гэж яриад байгаа юм. Тэр тохиролцоонд Хэрлэнгийн хөдөө арлыг бүхлээр нь чөлөөлсөн үү, эсвэл багасгаж оруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. Одоо орон нутгийн иргэд нилээд эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэхээс ч өөр аргагүй.

-Таныг уул уурхайтай тэмцэхээр ул орны эдийн засгийг хөгжүүлэх бодолгүй мэтээр шүүмжлэх юм. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Хүмүүс намайг болон хэнтийчүүдийг уул уурхайг үзэж чаддаггүй, уурхайн эсрэг байдаг гэж ойлгодог юм шиг байна лээ. Тийм биш. Бид хариуцлагатай, орчин үеийн техник технологитой, улс орон, ард иргэдийнхээ амьдралд дэм тустай, байгаль, нийгэмд ээлтэй уул уурхайг дэмждэг. Тодорхой бүс нутгийн уул уурхайг цэгцтэй, журамтай, ил тод явуулахыг дэмжинэ. Гэтэл уул уурхайг огт дэмждэггүй юм шиг ухуулга гаргаад байдаг юм.

Яагаад Монгол орны 46 дугаар өргөргөөс хойг хойш уул уурхайг хязгаарлая гээд байгаа вэ гэвэл Монгол орны өөрийн газарзүйн онцлогоос гадна байгалийн эрс тэс уур амьсгалтай холбоотой.

Мөн энэ нь дэлхийн усны хагалбар бүс нутаг учраас бид зөвхөн монголчуудын төдийгүй бусад хөрш орны иргэдийн өмнөөс хариуцлагатай байх ёстой. Энэ талаас нь бид тус бүс нутагт уул уурхайг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас монголчууд зөвхөн уул уурхайг шүтэж амьдарч болохгүй шүү дээ. Уул уурхай бол эдийн засгийн голлох тулгуур гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

Баялгаа ашиглаж, богино хугацаанд улс орны хөгжлийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ гэдэгтэй санал нэг байдаг. Гэхдээ зөвхөн уул уурхайг түшиглэж болохгүй. Энд тэндгүй уурхай босгож, буруу үйл ажиллагаа явуулснаар сүүлдээ өөрсдөө нутагтаа амьдрах аргагүй болбол монголчууд бид хаана очих вэ. Энэ талаас нь тэнцвэрийг хадгалах ёстой.

Хоёрдугаарт, Хэнтий аймаг өөрөө түүх, дурсгалын өлгий нутаг. Их Монголын эзэнт гүрэн, түүнээс цааш монгол үндэстний түүхийн өв, хүн төрөлхтний ариун нандин өв голомт энд байна. Тиймээс бид байгалиа хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш