2024.01.08

ЦЭНХЭРМАНДАЛД 130 МАЛЧИН ӨРХ 400 ГА-Д НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ, НЭГ ӨРХ 500-600 БООДОЛ ТЭЖЭЭЛ АВЧ, ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ БАЙНА

Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамлын төрөл зүйл багасаж, хөрс доройтож буй энэ үед Цэнхэрмандал сумын малчдын санаачилгад тулгуурласан сайн туршлага шинээр гарч ирлээ.

Одоогоос гурван жилийн өмнө Цэнхэрмандал сумын Согоот багийн малчдын бүлгээс тэжээлийн ургамал тариалах газар хүссэн өргөдөл сумандаа уламжилснаар малчдын бүлэг хоршоо эрчимжих сайн туршлагын үндэс суурь болсон юм.

Тухайн үед сумын ЗДТГ-аас газрын асуудлыг судалж, газрын нэмэгдэл санд бүртгэлтэй, 1990-ээд онд үр тариа тариалдаг байсан 1005 га атаршсан талбайг эргэлтэд оруулах шийдвэр гаргаж, 2021 онд сумын Засаг дарга аравт, малчдын бүлэгт ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулжээ.

Улмаар Цэнхэрмандал сумын Согоот багийн Хонгорын талд өргөдөл ирүүлсэн 50 өрхийг аравт, аравтаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж 150 га газрыг хашаалах ажлыг эхлүүлжээ. Тэд нийтдээ 4900 метр хашаа барьсан бөгөөд нэг аравтад 980 м барих ажил ноогдож, нэг өрхөөс 1,6 сая төгрөгийн зардал гаргаж, нийтдээ 80 сая төгрөгөөр 150 га газрыг 7 хоногийн хугацаанд хашаалжээ.

Эхний жилдээ техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас шалтгаалж тариалалт /7-р сарын 18-ныг хүртэл үргэлжилж/ оройтож хоёр аравт 60 га талбайгаас ургац авч, 90 га-д тариалсан тэжээл тааруу ургажээ.

Хоёр дахь /2022/ жилээс 5 аравтын 50 өрх туршлагажиж техник хэрэгслээ түрээслэн цаг хугацаандаа тариалалт хийснээр нийтдээ 30000 боодол ногоон тэжээл хураасан байна. Нэг өрхөд 500 боодол ноогдож, үлдсэн тэжээлээ сумын Аюулгүйн нөөцөд хандив болгон өгчээ.

Гурав дахь жилдээ Цэнхэрмандал сумаас Аравтын бүлгүүдэд ногоон тэжээл тариалах талбайг нэмэгдүүлж, Хужхан багт 90 га атаршсан талбайд 30 өрх, Согоот багийн Хонгорын талд 120 га талбайг 40 өрх, нийт 210 га талбайг хашаалж, шинээр тариалалт хийжээ.

Ингэснээр 2023 онд Цэнхэрмандал суманд нийтдээ 400 га талбайд 130 малчин өрх тэжээл тариалж, 1250 тонн буюу 50000 боодол, нэг өрх 600-700 боодол хүртэл хурааж авсан. Гурав дахь жилээсээ эхлэн малчид өөрсдийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй, тэжээлийнхээ тодорхой хувийг зах зээлд борлуулж өрхөөс гаргасан зардлаа нөхөж буйг “Шинэ Хөдөө” төслийн хэлэлцүүлгээр тодотгов.

Малчдаа дэмжих зорилгоор Цэнхэрмандал сумын ЗДТГ-аас малчдын 2022, 2023 оны татварын орлого 141,4 сая төгрөгөөр МТЗ-82,1 трактор борной, анжисны хамт, өвс хаман боогч, хадуур, тармуурыг шийдвэрлэсэн байна. Малчид борлуулалтын орлогоос газар бутлагч, үрлэгч 11 сая төгрөгөөр худалдан авчээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр бага оврын трактор, хадуур, тармуур, урулон боогчийн хамт шийдвэрлэн өгсөн нь тариаланд багагүй дэмжлэг үзүүлж буйг хэлэлцүүлгээр онцолж байв. Өөрсдийн техникээр тариалалт хийж, тэжээлээ хураан авахад зардлаа 50 хувь хэмнэж буйг сумын ХААТ-аас мэдээлэв.

Малчид тэжээлээ тариалж эхэлснээр богоо түлхүү зах зээлд нийлүүлж, бод, үхэр голдуу маллаж эхэлснээр бэлчээр сэргэж, ургахгүй он удсан ургамал 2-3 жилийн дотор эргээд сэргэж эхэлснийг хэлж байна.

Энэхүү сайн туршлагыг “Шинэ хөдөө” төслийн хүрээнд аймгийн хэмжээнд төлөвлөлт хийн хэрэгжүүлэхээр болоод байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn