Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
2016.11.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулиудын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2016.11.22/ үдээс өмнө хуралдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгийн гишүүдээс санал авч хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар Сонгинохайрхан дүүргийн хороодын нийгмийн ажилтан, цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай уулзалт хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилтыг танилцуулахын зэрэгцээ шинэчилсэн найруулгын төсөлд санал авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон хэрэг бүртгэгдсэн л бол энэ хэргийг эвлэрүүлэх замаар хаах бус шүүхээр шийдвэрлүүлдэг тогтолцоо руу шилжүүлэхээр ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, өнөөдрийн статистикийн судалгаагаар архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэлийн хамрах хүрээ хэт хол давсан байгаа. Иймд Ажлын хэсгийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн хуулийг яаралтай хэлэлцүүлэн 2017.01.01-нд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор оруулж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан хэдий ч энэ хуулийн зохицуулалт оновчтой бус байгаа тул Ажлын хэсэг газар дээр нь ажиллах, та бүхний саналыг тусгах, энэ хуулийг бүх талаас нь дэнслээд шинэчилсэн байдлаар оруулж ирж байна гэв.

Мөн энэ үеэр СХД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ажилтан Э.Энхтуул илтгэл тавьж, 19-р хорооны нийгмийн ажилтан С.Алдармаа тус хуулийн “Гэр бүлийн хүчирхийлэлийн хэлбэр” гэсэн зүйлд “Үл хайхрах хүчирхийлэлийн хэлбэр”-ийг тусгаж өгөх санал ирүүлж байсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгагдсан аж. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж,  гэмт хэрэгт тооцож ял шийтгэх  зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь  даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна  хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ