2017.04.06
Эдийн засаг, Худалдаа

Ч.Улаан: Мах, сүү, атарын аяныг үр ашигтай байлгахад ямар арга хэмжээ авч байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн ОУВС-гийн хөтөлбөрт орж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсвийн тодотголын талаар хэд хэдэн асуулт тавьлаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

НэгдүгээртЕрөнхий сайдаас асууя. Төсвийн тодотголыг батлахдаа төсвийн үр ашгийн үзүүлэлт, төсвийн тэнцлийг сайжруулах зарчмаар ажиллавал хүлээж авах уу? Төсвийн тодотголыг боловсруулсан зарчмыг 4 зүйлээр тодорхойлсон байгаа. Гэхдээ энэ дотор төсвийн үр ашгийг сайжруулах үзүүлэлт байхгүй байна. Тиймээс төсвийн үр ашгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр ажиллавал болох уу? Эсвэл ОУВС зөвшөөрч буй учир оруулж ирсэн төслөөр нь баталчихъя гэж асуудалд хандах уу?

Хоёрдугаарт, сангийн сайдаас асууя. Төсвийн тодотголд байгаа олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд өгөх дэмжлэг буюу төсвийн төслийн 5-р хавсралтанд Сүхбаатар аймагт 36,7 сая төгрөгний дэмжлэг үзүүлнэ гэжээ. Энэ нь аймгуудын дундаж үзүүлэлтээс 10 дахин бага. Өмнөговь аймагт хуваарилагдсан төсвөөс 300 дахин бага үзүүлэлт байна. Энийг ахин хянаж, аймгуудын дундаж түвшинд хүргэх арга хэмжээг авч үзнэ үү.

Гуравдугаарт, Цогцэцэг сайдаас асууя. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 260 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гарцаагүй шаардлага байхыг би үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийгээ нарийвчлалтай авч үзэх хэрэгтэй. Төсвийн төсөл дотор бичсэнээр өмнөх онд хийсэн ажлынхаа санхүүжилтийг аваагүй хөрөнгийг төсөвт тусгалаа гэсэн байна. Зөвхөн нэг объект дээр жишээ авахад түлэнхийн төвийн барилга дээр 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай объектод 500 сая төгрөгийг төсөвлөхөөр тавьжээ. Энэ нь төсвийн бодлого дотор байгаа өмнөх онд хийгээд санхүүжилтээ авч чадаагүй байгаа гүйцэтгэгч нарын саналыг барагдуулах хэмжээний хөрөнгө туссан уу?

Дөрөвдүгээрт, сангийн сайдаас асууя. Мах, сүү, атарын аяны урсгал зардалд 15 тэрбум төгрөг , хөрөнгө оруулалтад 25 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүний үр дүнг нарийвчилж тооцоог нь үзсэн гэж бодож байна. Гэтэл өмнө нь Атарын гуравдугаар аяныг хэрэгжүүлэх явцад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 30 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж зарлага гаргаад, эргээд үр дүнг нь тооцоогүй, өр шир үүссэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас жил дарааллан гаргаж байгаа. Энэ мэтчилэн үр дүнгүй ашиглагдах вий. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Тавдугаарт, мөн сангийн сайдаас асууя. Төсвийн нэгдмэл байдлыг би дэмжиж байгаа. Одоо концессийн асуудлыг энэ хүрээнд авч үзээд, сангийн яамандаа үүнийг хамруулахгүй юм уу?

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Сүхбаатар аймагт өгөх татаасын тухайд дэлхийн банкнаас өнгөрсөн 2016 онд судалгаагаар тооцож суулгасан. Судалгааны үр дүнг танд нарийвчилж тодруулга өгнө. “Мах сүүний анхдугаар аян”, “Атарын гуравдугаар аян” –ыг үргэлжлүүлэхэд 35 тэрбум төгрөг суулгасныг та мэдэж байгаа. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, тариалан эрхлэн сангуудын орлого, зарлагыг 50 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тодотголд нэмж оруулж ирсэн.

Дэлхийн банкны төслөөр “Тогтвортой амьжиргаа 3” гэсэн төсөл хэрэгжээд эхэлсэн. Өнгөрсөн онд дэлхийн банкнаас хөндлөнгийн бие даасан 2 зөвлөх компанийг сонгон шалгаруулсж нийт сумдад үнэлгээ хийсэн. Нийт багцад 300 багцад хуваагаад 330 суманд очиж 1-2 сарын хугацаатайгаар үнэлгээ хийсан. Бүх сумыг үнэлэхэд Сүхбаатар аймгийн төсөв ийм бага гарсан. Бид энэ үнэлгээг дахин нягталж үзсэн. Нийт шалгуур үзүүлэлтийг үнэлэхдээ Сүхбаатар аймгийн дүн гарсан. Энэ үнэлгээг буцаж засч засруулах боломжгүй. Энэ оны сүүлээр дэлхийн банкнаас бүх суманд дахин үнэлгээ хийгднэ

УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Бид төсөл хөтөлбөрийг зогсоохгүйн тулд олон талын арга хэмжээ авч байгаа. Тэр утгаараа 500 сая төгрөг тавьсан. Гэхдээ Кувейтын сангийн 8 сая доллар сая зөвшөөрөгдөж түлэнхийн төв дээр тавигдсан. Тиймээс энэ 2017 ондоо багтаад түлэнхийн төвийн барилгыг хүлээлгэн өгнө.

Нийт төсөв 26 тэрбум байгаагаас 4,7 тэрбумыг төлсөн. Энэ төсөвт өртөгтэй ажлуудыг санхүүжүүлэх бүрэн боломж байгаа. Гагцхүү бид хариуцлагатай ажиллах ёстой. Гүйцэтгэл нь ямархуу түвшинд явж байгааг барилгын хөгжлийн төв, Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг гаргаж, ажлын гүйцэтгэлийг шалгаж байгаа. Үүний биелэлтийг бид тодорхой хэмжээний санхүүжилт ирэхэд өгөөд явах боломжтой.

УИХ-н гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр өөрчлөлт хийх мэдээж бололцоотой. Гэхдээ дээшлүүлж байна гээд үндэслэлгүйгээр орлого нэмэгдүүлж болохгүй. Өмч хувьчлалын орлого нэрийн дор төрийн өмчийг худалдах асуудлыг ойрын хэдэн жилдээ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.  Эдийн засаг хүнд байгаа үед өмч хувьчлалын асуудал гаргах нь төрийн өмчийг бодит биш өртгөөр худалдах нөхцөл байдал үүсэн магадлалтай. Харин хадгалж байгаад өмчийнхөө үр ашгийг хүртээд явах нь зөв гэж үзэж байна.

Төсвийн нэгдмэл байдлыг хангах тал дээр тайлбар хийх хэрэгтэй.

Ирээдүйд сангийн яамны зөвшөөрөлгүйгээр ямар ч концессийн төсөл шийдэгдэхгүй.

Засгийн газрын баримталж буй бодлого нь тухайн салбарт зарлаж буй концессийг эхлээд яам нь тодорхойлно. Дараа нь сангийн яамнаас зөвшөөрөл авна. Дараа нь хөгжлийн бодлогын газар дээр ирээд , засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрээ гаргана. 

ШИНЭ МЭДЭЭ