МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын их хурлын гишүүд жолооч нартай уулзлаа
2017.06.19
Орон нутгийн хөгжил

Улсын их хурлын гишүүд жолооч нартай уулзлаа

Хотын амьдралыг нийтийн тээвэргүйгээр төсөөлөшгүй юм. Манай аймгийн хэмжээнд хот хоорондын нийтийн тээвэрт 30 том оврын автобус, 40 суудлын авто машин хүн тээвэрлэдэг бол хот дотор 40 гаруй суудлын тэрэг, 19 том оврын автобус иргэдэд үйлчилж байна. Тус салбарт тулгараад буй хамгийн том асуудал нь хулгайн тээвэр юм.

Иймд иргэдийг аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв, аймгийн ЦГ-ын холбогдох албан хаагчидтай хамтран хулгайн тээвэртэй тэмцэх ажлыг өрнүүлж байна.

Дээрх нийтийн тээврийн үйлчилгээний компанийн удирдлагууд, жолооч нартай 6 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар уузлаа

Энэ үеэр улс орны нийгэм, эдийн засгийн байдал, зам харилцаа, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээ, мэдээллийг өгч, жолооч нарын санал бодлыг сонслоо.

Нийтийн тээвэрчдийн зүгээс сүүлийн үед хийгдэж буй зам засварын ажлуудад талархаж буйгаа илэрхийлээд хулгайн тээвэртэй тэмцэх асуудал эн түрүүнд тугараад байна гэлээ.

Хот хоорондын нийтийн тээврийг хариуцсан “Шар зам” хоршоо нь суудлын авто машин, том оврын автобуснуудад бүрэн GPS-н төхөөрөмж суурьлуулсан бөгөөд хурдны хязгаарыг тогтоож өгчээ. Мөн өглөө бүр жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулж, даралт биеийн ерөнхий байдлыг үзэж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж ажилд нь гаргадаг байна. Иймд иргэдийг facebook-н зараар хулгайн тээвэрт сууж, аливаа эрсдэлд орохгүй байхыг жолооч нар уриалж байлаа.

Дархан Улаанбаатарын чиглэлд шинээр 4 урсгалтай авто зам тавихаар зураг төслийг хийж байгаа бөгөөд удахгүй шавыг нь тавих мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд өглөө.

Энэ жил манай аймгийн хэмжээнд Дархан сумын 3 дугаар багийн нутагт буюу Наадмын талбайгаас Хараа голын гүүр хүртэлх 1.38 км авто замын засвар шинэчлэлт, Дархан сумын 13 дугаар багийн 10 хороолол буюу “Эрдэнэс-плаза”-с Альфа хотхон хүртэлх 200м сайжруулсан шороон замын засварын ажил, 6,7,8 дугаар багийн нутаг дэвсгэрт хийгдсэн 1.020 км хатуу хучилттай авто зам тавих зэрэг хэд хэдэн томоохон замын төслүүд өрнөж, эхнээсээ ашиглалтад орж буй нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн эрсдлийг багасгаснаас гадна иргэдийн цаг хугацааг хэмнэж, тээврийн хэрэгслээр тав тухтай, түргэн шуурхай зорчих боломжийг бий болгож байгаа юм.

М.ГҮНЖИЛХАМ

ШИНЭ МЭДЭЭ