Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт эхэллээ
2017.09.04
Эдийн засаг, Худалдаа

Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд үнэт цаасны “Фронтиер” компанитай хамтарч хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалтыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэх юм.

Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.

Тэрээр эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалт нэн чухлыг онцлов. Мөн сүүлийн 5-6 жилийн дотор нэг хувь болтлоо унасан эдийн засаг сэргэж энэ оны эхний хагас жилийн байдлаар 5,3 хувийн өсөлттэй, гадаад худалдаа, төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарсныг тэмдэглэв. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшлан “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэв.

Уул уурхайн томоохон ордыг түшиглэсэн цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж, хөдөө аж ахуй, үйлчмлгээ зэрэг бусад салбарт ч шинэ боломж нээгдэж байгаа нь Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхох бизнестэй, ирээдүйтэй заал зээлтэй орон хэвээр байгаагийн нотолгоо гэж Ерөнхий сайд үзэж байна.

Томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, эрсдэлийг зохих төвшинд  хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон. Аливаа хамтын ажиллагаа хоёр талын эрх ашигт нийцэх ёстой. Гэхдээ ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг сануулав.

Төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд наалдахгүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандлаа. Энэ нь уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой. Үүнийг засахад хөрөнгө оруулагчдын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэрээр хэлэв.

 Хөрөнгө оруулагчдын чуулганыг сүүлийн 10 гаруй жил тогтмол зохион байгуулж ирсэн ч бодитой үр дүн бага байгаа учир цаашид ярьж чуулахаас илүү хамтарч хийдэг, бүтээдэг болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уриалж “Засгийн газар хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно” гэлээ.

Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт мягмар гарагт өндөрлөнө

ШИНЭ МЭДЭЭ