Ж.Эрдэнэбат:  Би залуу хүн. Энэ мэт нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхол байхгүй
2017.09.06
Улстөр

Ж.Эрдэнэбат: Би залуу хүн. Энэ мэт нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхол байхгүй

МАН-ын бүлгийн хүсэлтээр Засгийн газрыг огцруулах тухай хуралдаанд завсарлага авлаа

Өнөөдөр  УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг хэлэлцэж байгаа билээ.

Чуулган өглөөний 11 цаг 45 минутанд эхэлсэн боловч 12 цаг 05 минутанд МАН-ын тусгай хяналтын хороо хуралдах асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авлаа.

Хуралдааны эхэнд

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Би бол залуу хүн. Энэ мэт нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхол байхгүй

"МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргахаас өмнө нийгэмд нэгэн мэдээлэл тархсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан талаархи мэдээлэл ард түмний дунд эргэлзээ, тээнэгэлзээ их төрүүллээ.

Би энэ асуудлыг шийдүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хаалттай байдлаар хэлэлцүүлэхээр 8 сарын 22-ны өдөр албан бичиг өгсөн. Мөн 9 сарын 1-ний өдөр тусгай хяналтын дэд хороонд хүсэлтээ гарган үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж өгөхийг хүссэн.

Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа чагнаж тагнасан гэх асуудлыг эцэслэж, байнгын хороо болон дэд хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна.

Би бол залуу хүн. Энэ мэт нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхол байхгүй." гэсэн юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: МАН-ын бүлэг завсарлага авъя гэсэн санал гаргаж байна"

"Өнөөдөр үүссэн нөхцөл байдал бол манай намын дотоод асуудал гэхээсээ илүү төрийн асуудал болчихоод байна. Ерөнхий сайдын хэлж байгаа саналыг хүндэтгэж үзэх ёстой.

Би тагнасан, чагнасан гэх асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Энэ хоёр хүний хэн нь буруутай нь тодорхойгүй байна. Нэг хэсэг нь дээрээсээ үүрэг өгөөд У.Хүрэлсүхийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн ойлголттой.  Нөгөө хэсэг нь Ерөнхий сайд өөрөө Шадар сайдаа тагнуулдаг, хууль хяналт хүчний байгуулалд өгөөд хүчээр шийдэх гэж оролддог юм байна гэсэн дүр зураг нийгэмд хүрч байна.  

Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Ямар нэгэн байдлаар үнэн зөвөө олох ёстой. Тэр мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргах шаардлагатай.

Энэ хоёр хүн хийгээгүй, төрийн өөр тусгай албад хийсэн бол цаашдаа энэ нийгэмд итгэж амьдрахад хэцүү болж байна.

Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэлх хугацаанд энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авъя гэсэн санал гаргаж байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ