МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Авто замын салбарт хариуцлагыг чангатгана
УИХ-ын гишүүн, Зам, Тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ
2018.05.02
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Авто замын салбарт хариуцлагыг чангатгана

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн экспертүүдийн байр суурийг хүргэдэг билээ. Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто Замчдын холбоотой  хамтран шинэчлэн баталсан “Авто замын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хөндөж байна. Авто замын тухай хууль 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн билээ.

Ингээд Зам, Тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс хуулийг дагаж гарах журмууд хэзээ батлагдах талаар тодрууллаа.

-Авто замын тухай хуулийн шинэчлэл өнгөрсөн 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж гарах журмууд хэзээ батлагдах вэ?

Хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг Манай яамны Авто замын газар журмуудаа боловсруулаад, яам батална. Үүний дагуу журмууд боловсрогдоод, эхнээсээ гарч байна. Тухайлбал, Өнгөрсөн 7 хоногт гэхэд нэг журмыг бид хэлэлцсэн. Энд өмнө нь байсан журмуудад өөрчлөлт хийх тухай асуудал байгаа. Нэмэлтээр шинэ ганц нэг журам л гарах юм.

-4 сарын 15 -аас авто замын салбарын барилгын ажлууд эхэлдэг. Энэ журмууд нь батлагдаагүй байгаа нь салбарын ажилд нөлөөлөх үү?

-Нөлөөлөхгүй ээ. Өмнө нь мөрдөж байсан журмаараа явах боломжтой. Энэ байгаа журмууддаа өөрчлөлт оруулж алдаа гарч байгаа хэсгүүд дээрээ зохицуулалтаа сайжруулж, хариуцлагаа чангатгаж өгч байгаа гэсэн үг. Зураг төсөл хийгдэхээс эхлээд замын барилга ашиглалтад орох хүртэлх аль хэсэгт ямар доголдол гараад байна. Тэр хэсгийн хариуцлагыг чангатгая л гэж байгаа. Зураг төсөл алдаатай байгаа бол тэр хэсэгт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцъё. Хэрэв үүнийг хүлээж авсан төрийн албан хаагч хариуцлага алдаж, лоббид өртсөн бол Төрийн албан хаагчийнхаа хуулийн дагуу хариуцлага тооцъё гэж байгаа.

-Салбарынхан хуулийг шинэчлэлд "ам" сайтай байна. Та харин энэ хуулийн онцлогийг юу гэж хэлэх вэ?

-Өмнө нь хаягдсан байсан заалтуудыг бид оруулж өгсөн. Гол нь хариуцлагын заалтуудыг л сайтар суулгасан. Хамгийн том хариуцлагын заалт бол баталгаат хугацаа 1 жил байсныг 3 жил  болгосон. Хоёрдугаарт, хөндлөнгийн хяналт хийж байгаа байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Шулуухан хэлэхэд, нэг нь замаа хулхитаж барьж байхад нөгөө нь харсаар байж, гарын үсэг зурдаг. Гэтэл хянагч байгууллагын энэ актыг нь үндэслэж барилгын ажлыг хүлээж авдаг. Тиймээс хяналтын байгууллага хариуцлагыг хуваалцаж, үүрч байхаар тусгасан.

-Сая Авто замын салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөний үр дүнг та юу гэж хэлэх вэ?

Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш буюу зургаан жилийн дараа, "Авто замын чанар-үр ашиг" сэдвийн дор зохион байгуулсан. Энэ зөвлөгөөний гол ач холбогдол нь гүйцэтгэгч байгууллагууд, хяналтын байгууллагууд нөгөө талдаа төрийн байгууллагууд бүгд хамтарч суугаад алдаа оноогоо, нүүр нүүрэнд дээрээ ярилцахад байсан. Зөвлөгөөн дээр миний бие бүтэн суусан. Бүх гомдол, саналыг сонссон. Яамны боловсон хүчний чадвар, хүнд суртал гэх мэт асуудлаар алдаа, оноогоо зүйлсийг хэлж байна. Нөгөө талаасаа гүйцэтгэгч байгууллагууд хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх, чанар стандартаа барих зэрэг алдаа, оноог ч ярилаа. Хаа хаанаа, бүх үе шатны ажлын хариуцлагыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг ярилцаж, ойлголцож авсан.

ШИНЭ МЭДЭЭ