Д.Сарангэрэл: Эмч, сувилагч нар тангаргаасаа хэрхэвч няцаж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2018.05.18
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Эмч, сувилагч нар тангаргаасаа хэрхэвч няцаж болохгүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-СУВИЛАГЧДЫН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮНЭХЭЭР ГУНДУУ БАЙНА-

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл цалин нэмэгдүүлэх асуудлаар суулт зарлаж байна. Нэг талаас цалин багатай хүмүүсийн бодит шаардлага, нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бага цалинтай хэсгээр дамжуулсан шантааж мэт харагдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Таны асуултаас харахад ч тэр, энэ суултыг харж буй нийгмийн хандлагууд өөр өөр байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд Эрүүл мэндийн үйлдвэрчний байгууллагаас тавьж буй шаардлагыг бодит зүйл гэж хэлнэ. Би хамгийн сүүлд Говь-Алтай аймагт ажилласан. Тэнд жагсаал, цуглаан, суулт алга. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ажиллагсад нь цалин урамшууллаа нэмүүлэх чин хүсэлтэй байна. Хувь сувилагчтай энгийн байдлаар яриа ч үүсгэж үзлээ. “Сайд аа, гар дээрээ хураамжуудаа төлөөд, ядаж 700 мянган төгрөг авдаг болчихмоор байна” гэж байгаа юм. Ингэж чадвал банкны зээлээ төлөөд, ахуй амьдралаа залгуулахад зарцуулах боломж үүснэ гэж учирласан.

Одоо сувилагч 450, ахлагч сувилагч 568 мянган төгрөгийн цалин авч байгаа. Цалин нь тэр чигээрээ банкны өр зээлэнд явдаг. Ажлаа хийгээд л байдаг, цалингаа авч ашиглаж, мэдэрч, асуудлаа шийдэж чаддаггүй. Сувилагчдын бодит нөхцөл байдал үнэхээр гундуу байна. Ийм нөхцөл байдлаа сэтгэлээсээ яриад байхад би Эрүүл мэндийн сайдын хувиар улстөржилт байна гэж хэлж чадахгүй. Цалин мөнгөө голох ёсгүй юм гэж хэлээд суух ам надад үнэхээр алга.

-“Цалин нэмэх боломжгүй, тэвч” гэсэн мессэж хэр зөв бэ?

-Миний нэг хэлэх зүйл юу гэхээр, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 2017 онд төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь үнэн. Үүнийгээ ч олон нийтэд ил тод мэдээлсэн. Олон нийт энэ давж биелсэн  600 тэрбум төгрөгөөрөө цалин нэм. Төсвийн орлого давж биелчихээд байхад яагаад миний амьдрал өөрчлөгдөхгүй, надад юу ч мэдрэгдэхгүй байгаа юм бэ гэж асуудаг.

Асуух нь ч зөв. Энэ давж биелсэн орлого гаднаас авсан бондуудын үндсэн болон хүүгийн төлбөрт явж байна. Бод л доо, 3.4 их наяд төгрөг төлөх шаардлагатай болж байна. Эдгээр төлөлтүүдийг хийхгүй бол ОУВС биднээс нүүрээ буруулчихна. ОУВС биднээс татгалзчихвал Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд итгэл үзүүлэхгүй. Монгол Улс дефольт зарлах эрсдэлтэй тулгарна. Монголын эдийн засаг өвдчихсөн байна. Бид оношоо зөв тавьж, эдийн засгаа эмчлэх чиглэлд анхаарч байна.

Тиймээс ч нэг талаас  монгол хүнийхээ хувьд асуудалд бодитой хандах шаардлага байна. Нөгөө талаас 2014 оноос Засгийн газар цалин огт нэмээгүй. Энэ хугацаанд монгол төгрөгийн ханш асар их уналаа. Ингээд бодоод үзэхээр, эмч, сувилагч нартаа “Улс орны эдийн засаг хүнд байна, тэвч” гэж дахиад хэлэх нэг ам надад алга.

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг энэ онд шууд байдлаар нэмэх боломжтой юу?

-2019 оны улсын төсөвт цалин нэмэх асуудлыг шийдэж, суулгаад явах нь илүү зөв шийдэл. Тэр хүртэл салбар салбарынхаа хүрээнд байгаа бодит бололцоогоо ашиглаад, цалин урамшууллыг нь нэмээд явах ёстой. Манай салбарын хувьд эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн гэсэн, үйл ажиллагаанаасаа давсан орлоготой. Амралтын өдрөөр төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ явуулах эрхийг нь нээгээд өгчихсөн.

Сангийн сайдын тушаалаар үр ашигтай ажиллаад зарлагаасаа гаргаж чадвал дотооддоо зарцуулах эрх бий болчихсон. Ер нь эрүүл мэндийн байгууллагууд хэмнэлттэй, давсан орлоготой явж ирсэн байдаг. Энэ мөнгөө байгууллагын засвар үйлчилгээ хийх, эмийн өрөө дарах зэргээр бусад зарлагаа нөхөөд явчихдаг. Одоо бид энэ мөнгийг төсвийн жил эхэлтэл зөвхөн ажилчид руу чиглэсэн зардалд зарцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Бидэнд ийм нөөц бололцоо бий.

-ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРТАЛ ЦАЛИН НЭМЭХГҮЙ ГЭДЭГ БАЙР 
СУУРЬТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ-

-Энэ байдлаа суулт хийж байгаа салбарын ажилчдадаа хэлсэн үү?

-Асуудал тавьж байгаа хүмүүсээ зөв мэдээллээр хангах нь хамгийн чухал. Бид холбогдох асуудлаар мэдээлэл өгч байна. Улс орныхоо эдийн засгийг ч үнэн зөвөөр нь тайлагнах ёстой. Монголын ард түмэн ойлгоно. Ер нь эдийн засаг сайжиртал цалин нэмэхгүй гэдэг байр суурьтай би санал нийлэхгүй. Монголын төр тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж шийдэх ёстой. Эдгээр асуудлын эхэнд нийгмийн салбарын ажилчдынхаа цалинг нэмэх асуудал багтана гэж бид боддог.

-Салбарын сайд 2019 он гартал эмнэлгийн байгууллагуудыг дотоод менежментийнхээ хүрээнд хэмнэлтээр бий болсон мөнгөө ажилчид руугаа чиглүүл гэсэн үүрэг албан ёсоор өгсөн. Энэ нь ажил хэрэг болж байгаа юу?

-Би ажлаа аваад л өгсөн. Саяхан өгсөн үүргийнхээ биелэлт, хэрэгжилтийг хянах чиглэлийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргадаа өгсөн байгаа. Эмнэлгүүд хэр хэмнэлттэй ажиллаж чадсан байна. Үр ашгаа зөвхөн ажилчид руугаа чиглүүлж чадаж уу гэдгийг бид хянах юм. Илүү гарсан ашгийг өмнө нь Сангийн яам татаад авчихдаг байдлыг Сангийн сайд халсан гэдгийг би дээр хэлсэн. Ер нь хэмнэлт хэр их үүсгэж чадах нь тухайн эмнэлгийн удирдлагын чадамжаас ихээхэн хамаарч байна.

Удирдлагуудад хамаарах бас нэг асуудал нь эмнэлгийн ажилтнуудтайгаа уулздаг, үгийг нь сонсдог, санал бодлыг нь хүндэтгэдэг байх учиртай. Ийм хандлага дутмаг байгааг манай сувилагчид маш тодорхой илэрхийлсэн. Засгийн газар, УИХ-ын түвшинд зохион байгуулагдсан удаа дараагийн уулзалтуудаар бид нийтдээ 5000 орчим сувилагчийн төлөөлөлтэй уулзлаа, санал бодлыг нь солилцлоо. Тэд асуудлаа яг бодитоор ярьж байгаа юм.

-Нийтлэг байдлаар сувилагчид ямар асуудлыг хөндөв?

-Бидэнд цалин урамшууллаас гадна байгууллагын харилцаа маш чухал байдаг гэж хэлцгээсэн. Өвлийн цагаар гадаа цас цэвэрлүүлэх, цонх шал угаалгах зэрэг зараалын ажил их хийлгэдэг. Энэ нь хүйтэнд даарч хөрөхөөс өгсүүлээд өвчтөндөө үйлчлэх цагаас хумсалдаг. Жижүүрт гарахаар эмч нартаа хоол өгчихөөд сувилагчдаа өгдөггүй. Зарим нь эмчдээ арай сайн хоол өгдөг жишээ ч байна. Би энд нийт эмнэлгүүдийг хамруулан хэлсэнгүй. Сувилагчдаа сайн ханддаг эмнэлгийн удирдлагууд ч байна.

Гэхдээ нийтлэг байдлаар сувилагч нарт ийм бэрхшээлүүд тулгарч байна. Чи бод доо. Биднийг зэрэгцээд сууж байтал хоёр өөр хоол авчраад өгвөл ямар вэ. Шууд ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр. Манай сувилагч нарт хүйтэн нойтонд өмсөөд гардаг дулаан цамц ч алга байна. Нийт сувилагчдын 97 хувь нь эмэгтэй. Хүн ёсныхоо үүднээс ч тэр, бид сувилагчдын энэ мэт асуудлыг жижиг гэж орхилгүй шийдэж, анхаарч хэвших учиртай.

-Шийдчихэж болохоор ахуй, харилцааны асуудлууд шиг харагддаг мөртлөө байгууллагын хандлага болоод тогтчихдог нь харамсалтай юм?

-Энэ бүх алдаа дутагдлыг тухайн эмнэлгийн удирдлагууд л засна. Тэд чинь төсвийн ерөнхийлөн захирагч нар. Байгууллагынхаа менежментийг бүрэн хариуцаж байгаа улс. Энэ чиглэлд салбарын сайдын зүгээс тусгайлан үүрэг чиглэл өгсөн байгаа.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН НЬ АЖИЛ МЭРГЭЖЛЭЭ ЗООСНЫ НҮХЭЭР 
ХАРДАГГҮЙ ЦОРЫН ГАНЦ УЛС БОЛ МАНАЙХ-

-Эмч, сувилагчдын цалинг тодорхой байдлаар нэмэхэд ойролцоогоор тэдэн төгрөг хэрэгтэй юм байна гэсэн байдлаар та Засгийн газарт санал хүргүүлсэн үү?

-Байлгүй яах вэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад, бид нэгж ажлын байрны үнэлгээ тогтоосон. Судалгаанд 31 эрүүл мэндийн байгууллагын 2600 орчим ажилтныг оролцуулсан байдаг. Ажилласан жил, ур чадвар, мэргэшил, ажлын байрны ачаалал зэргээс хамаараад нэгж ажилтны цалинг 7-49 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан. Зөвхөн 2019 онд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэхийн тулд 170 тэрбум орчим төгрөгийг цалингийн сан дээр нэмж суулгах шаардлагатай.

-Эрүүл мэндийн яамнаас улс орны эдийн засаг хүнд байна, бодит нөхцөл байдлаа ойлгож, тангарагтаа үнэнч, хүлээцтэй байхыг сануулсан байдлаар уриалга гаргаж болдоггүй юм уу?

-Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байна. Эмч, сувилагчдын цалинд зөвхөн салбарын сайд нь санаа зовоод гүйгээд байгаа юм биш. Засгийн газрын өчигдрийн хурал дээр л гэхэд Ерөнхий сайд өөрөө энэ асуудлыг  хөндөж ярьсан. Байнгын хорооны гишүүд анхаарлаа хандуулж байна. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учраас цалин нэмэх асуудлаар ОУВС-тай тохиролцоонд хүрэх шаардлагатай. Энэ хөтөлбөрөөс гарвал Монгол Улс дампуурлаа зарлах эрсдэл үүснэ.

Засгийн газарт багтан ажиллаж буйнхаа хувьд би үүнийг ойлгох учиртай. Ойлгосноо бас салбартаа ойлгуулах ёстой юм. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тавьж буй шаардлагыг Засгийн газрын хүрээнд ярина. Үүнийгээ ч хэлсэн. Түүнээс биш Эрүүл мэндийн сайд цалин нэмэхгүй гэсэн байр суурь илэрхийлээгүй. Би ийм байр суурьтай байгаад асуудлыг ганцаараа шийдчихгүй. Цалин нэмэхийг дэмжсэн ч би ганцаараа зүтгээд бас амжилтад хүрэхгүй. Зарчмын хувьд бид танхим дотроо байр сууриа нэгтгэж, УИХ-ын түвшинд олонхийн саналаар шийдэх ёстой том асуудал. Тийм учраас сайд нь цалин нэмэхгүй гэж хэлсэн гэх цуурхал тараах хэрэггүй л гэж хэлмээр байна.

-Суулт хийж байгаа хүмүүсийг зориуд байдлаар өдөөн хатгаж, дэвэргэх хандлагын тухайд та юу хэлэх вэ?

-Суулт хийж байгаа хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл байна. Анзаараад байхад суулт хийж байгаа хүмүүсийг салбартай нь ойлголцуулахгүй байх, хурцадмал байдал үүсгэх хандлага надад мэдрэгдсэн. Ер нь Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байна уу. Би  улс төрч, сэтгүүлч хүнийхээ хувьд ингэж л харж байна.

Бид нэгнийхээ зовлонгоор жаргал хийдэггүй ард түмэн. Улс орноо эрсдэлд оруулах том асуудал ярьж байна. Гэхдээ жагсах, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Үүнийг би буруу гэж харахгүй байна. Харин тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарынхныг ажил хаялтад уриалахыг би дэмжихгүй.

-Эрүүл мэндийн салбарынхан маш онцгой албанд хамаардаг?

-Тийм ээ. Тэд хүний эрүүл мэндийн төлөө өөрийн ажлыг зориулах тангараг өргөсөн дайчид. Эмч, сувилагчид тангаргаасаа няцаж болохгүй. Тангаргаасаа няцах нь жирийн иргэний амь насны үнэтэй гэдгийг санах хэрэгтэй. Ажил хяналтын улмаас салбарын хэвийн үйл ажиллагаа доголдож, нялхас, төрж байгаа эмэгтэй, амь нас нь хутганы ир дээр байгаа аваар осолд орсон хүмүүс эндвэл яах вэ. Ерөөсөө л эрүүл мэндийн салбар эрсдэл дээр ажилладаг талбар.

Цаг мөчтэй уралдаж, эмчилгээ явуулдаг онцгой алба юм. Тийм учраас эрүүл мэндийн салбарынхан ямар ч хүнд нөхцөлтэй байсан ажил хаяхыг дэмжихгүй. Тангаргаасаа няцсан, ажил мэргэжлээсээ урвасан үйлдэл болно гэж би бодож байна.

-ЭМЧ, СУВИЛАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ҮСЭЭ ХУСУУЛСАН НЬ 
ЭМЗЭГЛЭХ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН-

-Та хувь хүнийхээ зүгээс итгэл үнэмшлээр ажил хаялт хурц шатандаа орж, салбар эрсдэл хүлээнэ. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээ хэвийн түвшинд авч чадахгүй байдалд хүрнэ гэж харахгүй байна уу?

-Манай эрүүл мэндийн салбарынхан тийм үйлдэл хийхгүй. Хийхгүй юм билээ. Эрүүл мэндийг салбарыг хүн бүр мэддэг. Бүгд л эмнэлэгт ханддаг учраас тэр. Манай эрүүл мэндийн салбарынхан ажил мэргэжлийг зоосны нүхээр хардаггүй цорын ганц улс орон. Хүнийг аваръя, хамгаалъя гэж үздэг. Маш сайнаараа хүнлэг байдлаа хадгалж үлдсэн хэсэг бол эрүүл мэндийн салбарынхан. Монгол хүний хүнд туслах гэсэн чин сэтгэл байдаг.

Энэ сэтгэл хамгийн ихээр манай эрүүл мэндийн салбарынханд байна. Гадаадад энэ салбар ямар байдаг гээч. Эмчид төлбөртэй үзүүлчихээд, зөвлөмжийг нь мартчихсан тул эргээд орохоор хоёр дахь удаагийн үзлэгийн мөнгө нэхдэг. Яг ийм  тогтолцоотой. Гэтэл бод доо. Манайд бол давтан үзлэгээс мөнгө нэхвэл үйлчлүүлэгч шууд саваад унана. Энэ бүхнийг мэддэг. Монгол хүнээ ойлгож, асуудалдаа монголоор ханддаг улс бол манай салбарынхан.

-Гэхдээ бас тэвчээрт хязгаар бий шүү дээ?

-Гол нь л энэ асуудал. Төр ийм сайхан хандлага, сэтгэл, зүтгэлийг даварч хариулж болохгүй. Асуудлыг нь эрэмбэлээд шийдээд явах учиртай. Тийм учраас Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шаардлагыг шууд биелүүлж чадахгүй юмаа гэхэд хэсэгчлээд шийдэх нь чухал. Үүн дээр янз бүрийн байдлаар бид гарц хайж байна. Төсвөөс танаж болох зардлуудыг харж, хайж байна. Зогсоо зайгүй л ярьж байна.

-Та суулт хийж байгаа хүмүүстэй уулзсан уу?

-Би суулт хийж байгаа улсуудын хажуугаар өнгөрч яах юм бн. Би энэ салбарыг хариуцаж байгаа хүн. Энэ чинь манай салбарын асуудал. Яамны холбогдох албаны хүмүүс энэ чиглэлд ажлын хэсэг байгуулаад, байнга харилцаатай ажиллаж, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Салбарын сайдын хувиар байнга мэдээлэл авч байна. Суулт хийж буй хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Тиймээс эрүүл мэндэд нь зохих байдлаар анхаарах, шаардлагатай тусламж үзүүлэх учиртай. Хүн ёсныхоо үүднээс ч тэр суулт хийж байгаа хүмүүсийг анхаарч үзэх нь чухал зүйл юм.

-Өчигдөр талбай дээрх суултын үеэр эмч, сувилагчдын төлөөлөл үсээ хуслаа. Энэ байдал танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Эмзэглэх сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үйлдэл хэнд ч таатай санагдахгүй. Тэмцлийн олон хэлбэр байдаг. Бид Ардчилсан улс учраас үүнийг буруу, зөв гэж шүүх эрхгүй. Гэхдээ зохимжгүй, таагүй үйлдэл болсон л гэж хэлмээр байна.

.-2019 ОНООС ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД УЛСЫН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ИЖИЛ ТҮВШИНД 
ЭМДС-ГААС САНХҮҮЖИЛТ АВЧ ЭХЭЛНЭ-

-Өмнөх Засгийн газрууд боломжтой, мөнгөтэй үедээ цалингаа нэмэхгүй яасан юм бол гэж танд бодогдож байна уу?

-Ний нуугүй хэлье. Ардчилсан нам засаглаж байх үедээ эрүүл мэндийн салбарын менежментийг зөв болгож тавьсан байдаг. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Ингэж байж зарим нэг төлбөртэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн байдаг. Ингэснээр ЭМД-ыг нь зайлшгүй төлүүлдэг олон улсын жишиг рүү ойртуулсан. Харамсалтай нь, сонгууль, улс төрийн зорилгоор эргээд бүхий л зүйлийг төр даана гэсэн хандлага руу явж эхэлсэн нь салбарын хөгжилд саад тотгор болсон юм байна гэж би дүгнэсэн. Өнөөдрийн хувьд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж болох тэр алтан үеийг ашиглаж чадаагүй нь ч харагддаг.

Одоо энэ хүнд үед салбарыг хувьчлах, үйлчилгээг нь төлбөртэй болгоход ихээхэн хүндрэл үүснэ. Төлбөртэйгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болж, иргэний алтан амь эрсдэх аюул ч тулгарч болно. Гэхдээ бид энэ зам руу явах ёстой юм. Эмнэлгүүд ёроолгүй сав юм байна. Эмнэлгүүдийн хүний нөөц, зардлууд жил бүр өсөлттэй гардаг. 2017-2018 оны төсвийн жилүүдэд даруй 13 хувиар өсчихсөн явж байх жишээтэй. Тэгсэн ч төсөв нь хүрэлцээгүй. Тиймээс ч Эрүүл мэндийн салбарын зардлыг ДНБ-ийхээ 5 хувьд хүргэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн заалт руу алхам алхмаар ахих хэрэгтэй байгаа юм. Одоо улсын эмнэлгүүд төсвөө хангалттай авчихдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас бас мөнгөө авчихдаг учраас өрсөлдөх шаардлага гарахгүй байна.

-Тэгэхээр өрсөлдөөнийг илүү задгайлж, хувийн эмнэлгүүддээ боломж олгох ёстой юм биш үү?

 -Энэ чиглэлд маш сайн анхаарч байна. Гэхдээ өнөөдөр ч хувийн эмнэлгүүд ЭМДС-гаас мөнгө авч байна. Асуудал юундаа байна гэвэл, хувийн эмнэлгүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа тэр санхүүжилт төрийн эмнэлгүүдээс 50 хувиар бага байгаа юм. Үүнийг л ижил түвшинд аваачих ёстой.  Ингэснээр төрийн нуруун дээрх эрүүл мэндийн салбарын ачаалал эрс буурна.

Эмнэлгүүдийн орны хүрэлцээ муу байна. Уртасгасан цагаар ажиллаж байна, дугаарлалт их байна гэсэн гомдлууд алга болно. Яагаад гэхээр, ачаалал авсан хэрээрээ төрийн өмчийн эмнэлгүүд ЭМДС-гаас санхүүжилт авч байна. Тэгээд үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа. Тиймээс энэ үйлчлүүлэгчийн том орон зайг зохистой байдлаар тэлэх ёстой байгаа юм.

-Энэ нь ЭМДС-гаас гардаг санхүүжилтийг төр, хувийн хэвшил хоёртоо адилхан олгодог болох санаа юу?

-Хувийн эмнэлгүүд төрөөс тоног төхөөрөмж, засварын мөнгө, ажлын байр, барилга шаардахгүй. Бэлэн менежментийн баг үйлчлүүлэгчийг хүлээж байдаг. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь ч байна. Үүнийг бид ашиглах ёстой.  Салбарын сайдын хувьд би үүн дээр хатуу байр сууриа хадгална. Сангийн сайд энэ санаачлагыг дэмжсэн. Засгийн газар ч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Тиймээс 2019 оноос манай хувийн эмнэлгүүд төрийн өмчийн эмнэлгүүдтэй яг ижил байдлаар ЭМДС-гаас санхүүжилт авна.

Би үүнийг эрүүл мэндийн салбарт гарах эрс өөрчлөлт гэж харж байгаа. Чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй хувийн эмнэлгүүдэд үзүүлэх хүсэлтэй иргэд өчнөөн байна. Гэтэл төлбөрийн асуудлаас үүдээд гацаа үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нэг их ухаантай зүйл хийх гээд, дэмий хоосон зүйл мөрөөдөж явахын оронд асуудлаа бодитой хараад, ийм өөрчлөлт хийе гэж байгаа юм.

-Энэ шийдэл төрийн өмчит эмнэлгүүдийн ачааллыг бууруулах чиглэлд яг бодитой өөрчлөлт авчирч чадах уу?

-Би үүнд итгэлтэй байна. Шүдний эмнэлгээр жишээ авъя. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1000 гаруй шүдний мэргэшсэн эмч эмчилгээ явуулах зөвшөөрөлтэй байна. Үүний 760 орчим нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Зах зээлийн жамаараа хувийн салбар ингэж хөгжиж байна. Төр засгаас хувийн хэвшлийн энэ өсөлтийг хөхиүлэн дэмжих ёстой юм. Нэгэнт төр ачааллаа даахгүй байна. Тийм мөртөө бүх ачаагаа өөртөө үүрэх гэж зүтгээд, ард иргэддээ хүссэн үйлчилгээг нь үзүүлж чадахгүй яваад байна. Энэ байдлыг бодлогын хувьд өөрчилье гэж байгаа юм.

Үүнийг ажил хэрэг болгоход шинэ томьёо зохиох хэрэггүй. Шинжлэх ухааны нээлт хийх шаардлага ч гарахгүй. Зүгээр л боломжийг бүгдэд олгоод, хариуд нь төр ачааллаа хөнгөлж, ард иргэдээ бас сэтгэл хангалуун байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахуулдаг болгоё гэж байгаа юм. Ингэж өөрчлөхгүй бол эрүүл мэндийн туслалцаа авч байгаа иргэдийн сэтгэл дундуур. Нөгөө талд хэт ачааллаас үүдээд үйлчилгээ үзүүлж байгаа хэсгийн сэтгэл ч дундуур байна. Энэ чинь тогтолцоо нь буруу явж байгаагийн л шинж.

-СААД БЭРХШЭЭЛЭЭС АЙГААД, ХАЛ БАЛГҮЙХЭН СУУХ БОДОЛ НАДАД БАЙХГҮЙ-

-Манай том эмнэлгүүдийг дамнаад ихээхэн мөнгө угаалт явагддаг. Үүнийг дагасан лобби, улс төржилтүүд тасардаггүй гэх шүүмжлэл бий. Бодит нөхцөл байдал ийм байхад таны яриад байгаа бодлогын өөрчлөлт яг санасны зоргоор ажил хэрэг болох боломж хэр байгаа бол?

-Асуудлууд байгаа нь үнэн. Таны хэлсэнчлэн, бэлэн бүх зүйлээ аваад л сууж байх сонирхолтой төрийн өмчийн эмнэлгүүдэд энэ шийдвэр таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ том утгаараа бид Монголын ард түмний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай авах асуудлыг ярьж байна. Тиймээс ч  эсэргүүцлүүдийг бид даван туулах учиртай. Гадны  орнуудын туршлага ч ийм. Би нэг их ухаантайдаа үүнийг санал болгочихоогүй. Дэлхий туршаад, бэлэн жороо бидэнд санал болгож байна.

Мэдээж бидэнд тодорхой бэрхшээлүүд тулгарч байна. Гэхдээ л  энэ ажлыг хийж чадна гээд итгэл хүлээчихсэн учраас урагшаа л явна. Саад бэрхшээлээс айгаад, хал балгүйхэн сууж байгаад хоног хугацаа өнгөрөөх бодол надад байхгүй. Ард түмэнтэйгээ шууд харилцаад, хандаад явна. Хийх гэсэн өөрчлөлтүүдээ ч хэлж яриад явна. Бас чиг ард түмэн төр засгаасаа нүүр буруулчихаагүй юм шүү. Бид өөрсдөө л харилцахгүй байгаа юм. Нөхцөл байдлаа ойлгуулж, бид дунд нь байх ёстой.

-Бодлогын хувьд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг иргэд рүү шууд чиглэсэн салбаруудаа эдийн засгаар хэрхэн дэмжих ёстой вэ?

-Эдийн засгийн өсөлт нийгмийн салбараа чирж явдаг. Тиймээс бид зөв бодлого гаргах хэрэгтэй байна. Би Засгийн газар, УИХ-ын түвшинд Эрүүл мэндийн салбарын төлөөлөл болон сууж байгаа хүн. Тиймээс ч би асуудлаа бодит байдлаар ярьж, шаардлагууд тавих үүрэгтэй. Энэ үүргээ ч биелүүлж байна. Биелүүлэх ч ёстой. Энэ үүднээс хувь хүнийхээ хувьд миний илэрхийлж байгаа байр суурь гэвэл “Дэд бүтцээ зогсоо. Зам харгуйгаа тавихаа боль” гэж бүхэлд нь популизм хийхгүй. Гэхдээ тэвчиж болох зардлуудаа бид тэвчих ёстой. Бидэнд боломжууд гарч ирж л таараа.

Одоо нэн тэргүүнд уул уурхайн салбараас орж ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Нэгэн үес би уул уурхайн асуудлаар дуугарахгүй, ихэвчлэн л нийгмийн чиглэлийн асуудалд анхаардаг байлаа. Одоо Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаад ирэхээр том төслүүдээ явуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Үүнийг дэмжиж ажиллах ёстой юм байна гэж харж эхэлсэн. Бид ийм том асуудлуудад өөрсдийнхөө хувийн эрх ашиг, амбицыг хаяж, эв санааны хувьд нэгдэх ёстой юм байна. Ингэж байж бид боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбаруудын үйл ажиллагааг дэмжиж, тодорхой мөнгүүдийг оруулах боломж нээгдэнэ. Ер нь төрийн албан хаагчдын цалинг тодорхой эрэмбээр бид эргэж харах шаардлагатай байна. Энэ чиглэлд хөрөнгө оруулалтуудаа хийгээд, урагшаа явах хэрэгтэй. Нийгмийн салбаруудаа ингэж байж чирнэ. Одоо бол нийгмийн салбарынхны тэсвэр, тэвчээр үнэхээр алдагдчихлаа л гэж би харж байна.

-Та ажлаа аваад хагас жил боллоо. Анх ажлаа авахад салбарын талаар ерөнхий төсөөлөл байсан байх. Ажлаа авлаа, магадгүй нөхцөл байдал өөр байсан байж болох. Гэхдээ яг хувь хүнийхээ үүднээс ингэж л ажиллана гэсэн төсөөлөлдөө хүрч ажиллаж чадаж байна  уу?

-Нэгдүгээрт, би энэ салбарыг огт мэддэггүй байсан гэж хэлэхгүй. Бүгд л бид эмч дээр очдог, ийм л хүмүүс. Энэ салбарт Монголын шилдэг, зөв хүмүүс ажилладаг. Ийм байдал нь намайг ажлаа явуулахад хамгийн том хөшүүрэг болдог. Хоёрдугаарт, миний мэргэжлийн бус байдал давуу тал маань болсон. Эхэндээ би үүнийгээ надад дутуу байгаа зүйл гэж харсан. Гэхдээ үгүй юм байна. Жишээ авахад, салбарын сайдаар эмч хүн томилогдлоо гэхэд салбарын найз нөхөд, оюутан ангийнхан, хамтран ажиллагсад гэхчилэн маш их хүрээллээ дагуулах шаардлага үүсдэг.

Ийм байсаар ч ирсэн юм билээ. Надад эрүүл мэндийн салбарт тэрийгээ, энийгээ татчихмаар байна гэсэн хүн байхгүй. Энэ нь давуу тал болсон. Ганц хоёр удаа тариа хийлгэх сувилагчаас өөр юм алга. Надад аль нэг эмнэлгийн даргыг томилох амбиц алга. Хувийн эмнэлэг байхгүй учир ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. Надад юу байна гээч? Энэ салбарт ахиц дэвшил гаргачих юмсан. Тулгамдаад байгаа асуудлуудыг шат дараатай шийдчих юмсан. Иргэд нь сэтгэл ханамжтай байдлаар үйлчлүүлдэг болгочих юмсан. Ажилтнууд нь урам зоригтой байгаасай гэсэн чин хүсэл байна. Ингээд сэтгэл гаргаад ажиллахаар тодорхой ахиуцууд гардаг юм байна.

-Тухайлбал?

-Би салбарын сайд болонгуутаа таван үндсэн чиглэл барьж ажиллана гэсэн байр сууриа эмнэлгийн дарга, яамны бүтэц, ажилласан газрууддаа хэлж, яриад явсан. Эдгээр таван чиглэлд,

НЭГДҮГЭЭРТ: Эмнэлгийн бие даасан байдлыг хангах, удирдлагууд нь чөлөөтэй ажиллах боломж бүрдүүлэх,

ХОЁРДУГААРТ: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын боловсролд анхаарах,

ГУРАВДУГААРТ: Монголын ард түмнийг урьдчилан сэргийлэх үзлэгт нэгдсэн байдлаар хамруулж хэвших,

ДӨРӨВДҮГЭЭРТ: Эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь нэгдсэн цахим мэдээллийн сантай болгох,

ТАВДУГААРТ: Нийгмийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарах зорилтууд тавьсан.

Гол нь бид энэ бүхнийг нэр зүүсэн, ажил хийсэн төдийхнөөр харагдахаар хийж болохгүй. Энэ таван зорилтыг яг бодит байдлаар нь ажил хэрэг болгох, цаашдаа урт хугацаанд тогтвортой, удаан хэрэгжих хууль эрх зүйн орчныг нь бий болгож өгөхийн төлөө ажиллаж байна. Мэдээж эмнэлгийн царцаагдсан барилгууд зэрэг маш олон дэд асуудлууд бий. Эдгээрийг шийдээд, зохих журмаар нь урагшлуулахын төлөө ажиллаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

ШИНЭ МЭДЭЭ