Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсан хамрагдсан сурагчидтай сургалтын гэрээ байгууллаа
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс аймгийнхаа сургачдын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт тэтгэлэг авч чадсан 50 гаруй сурагчидтай сургалтын гэрээ байгуулсан байна.
Оюутан залуусыг нутагтаа эзэн сууж, чадварлаг боловсон хүчин болон нутагтаа эргэж ажиллах гол нөхцөлийг тавьсан тус тэтгэлэгт хөтөлбөрөөр шалгарсан 50 оюутныг 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тэтгэлэг, зээлийн шугамаар шийдвэрлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан: “Бид аль болох амьжиргааны түвшинг харгалзаж, эргээд аймаг орон нутагтаа ажиллах хүүхдүүдэд тэтгэлэг олгосон. Тэтгэлэг эзнээ зөв олсон гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ. Мөн тэтгэлэг авсан оюутнуудад хандан: “Та нарын мэдлэгийг хэн ч булааж авахгүй. Та нарын олж авсан мэдлэг боловсрол насан туршийн баялаг. Аймгийнхаа хөгжлийг жолоодох шинэ цагийн эзэд нь та нар шүү. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээсэн юм.
Тус аймгийн нутгийн зөвлөлөөс аймгийн боловсролын салбарт анхаарах ажиллаж, хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэн тодорхой ажлуудыг хийж байна.
- Амьдралынхаа шинэ алхамыг хийж байгаа төгсөгчиддөө ЕЭШ-д амжилт үзүүлэхэд дэмжлэг болгож, "Шинэ алхам" их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага номыг 4 дэх жилдээ гардуулсан.
- Багш нарт урам зориг өгөх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Алтанзул" наадмыг 2 дахь удаа зохион байгуулсан.
- Ерөнхий боловсролын чанарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарыг чадваржуулах, сурагчдын сурлагын чанарыг ахиулах, ЭЕШалгалтад амжилт үзүүлэх зорилгоор "Дорноговийн боловсрол" хэлэлцүүлгийг багш, эцэг эх, сурагчдын дунд зохион байгуулсан.
- Энэхүү хэлэлцүүлэгт боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний үр дүнд нь Дорноговь аймаг ЭЕШалгалтад 21 аймгаас 5-р байранд шалгарсан явдал юм.
- Мөн Нутгийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг 2010 оноос үргэлжилж, энэ хугацаанд нийт 76 хүүхэд хамрагдаад байна.