МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цэвэр усаар хангах, цэвэрлэх үйл явцыг улам сайжруулах хууль батлагдлаа
2019.12.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Цэвэр усаар хангах, цэвэрлэх үйл явцыг улам сайжруулах хууль батлагдлаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой 2006 онд анх батлагджээ.

2011 онд хуулийн зүйл заалтыг нэмэдүүлсэн ч өнөөдрийн байдлаар зарим заалт нь хэрэгжихгүй, хангалтгүй байсан учраас дахин нэмэлт орууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар энэхүү Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив.

  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах;
  • Ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох зэрэг шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм.

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

“Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна”

“Усны яам агентлаг гэж байхгүй. Монгол Улсад усны бодлого алдагдсан. Монгол улс жилдээ ямар хэмжээний ус хэрэглэдэг, хилээр давж урсаад гарч байгаа зэргийг мэддэг хүн нэг ч байхгүй. Ганц Улаанбаатар хот биш 21 аймаг 330 гаруй суманд усны асуудал хүнд байгаа. Хөдөө, орон нутгийн иргэдийн ууж хэрэглэж байгаа усанд хяналт байхгүй, чанар шинжилгээ ч байдаггүй. Тиймээс энэ асуудлыг уг хуулиар зохицуулна гэж итгэж байна.”

УИХ-ын гишүүн А.Сүхбат

УИХ-ын гишүүн   Б.Бат-Эрдэнэ

“Одоогийн нөхцөл байдал сумын төв өөрчлөгдсөн нэлээд олон сумдууд усан хангамж дулаан цэвэр бохир усны шугаманд холбогдох иж бүрэн цогц үйлчилгээ авах боломжтой болсон. Энэ асуудлыг дэс дараалалтай цаашид илүү олон сумдад шийдэхгүй бол болохгүй. Улаанбаатар хотод ч гэр хорооллын иргэд цэвэр ундны усаар хангагдаж чадахгүй байгаа. Энэ асуудалд цогцоор нь хандах хэрэгтэй учраас хуулийн төслийг дэмжиж байна. Цэвэр усны эх үүсвэрээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй бүх аймаг сумдад баталгаатай шинжлээд хадгалж, хамгаалж цэгцэлж авах зайлшгүй шаардлага байгаа.”

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм. 

Төв цэвэрлэх байгууламж 

Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй байгальд шууд хаяж, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас

  • хэвийн ажиллагаатай нь 51, 
  • хагас ажиллагаатай нь 27, 
  • огт ажилладаггүй 47 байна. 

Үүнээс үүдэн жилд 120 сая шоометр бохир ус байгальд шууд хаягдаж байгаа ажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, өмчлөл сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийн менежментийг зохицуулах байдал хэрэгжих боломжтой болж байгаа юм. 

Эцсийн дүнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах зэрэг үндсэн эрхийн баталгаа сайжирна.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь баитлах нь зүйтэй гэсэн санал гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа.  

Ц.Соёлмаа

Vip76.mn

ШИНЭ МЭДЭЭ