Б.Алтантуяа: Газар чөлөөлөлтөөс үүдэлтэй дарамт, хохиролыг давж чадалгүй есөн иргэн НАС БАРСАН
“Эмнести интэрнэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2018.08.08
Хүний эрх

Б.Алтантуяа: Газар чөлөөлөлтөөс үүдэлтэй дарамт, хохиролыг давж чадалгүй есөн иргэн НАС БАРСАН

“Эх сурвалж” агентлаг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор “Эмнести интэрнэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяаг урилаа. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийж буй газар чөлөөлөлтийн ажил иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, хохирол учруулж буй баримтуудыг бид энэхүү ярилцлагаараа дэлгэж байна. 



ESA— “Эмнести Интернэшнл” байгууллагад нийслэлийн газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэдийн болон, иргэдийн эрхийг хамгаалагчдын эрхийг зөрчсөн гомдол, мэдээлэл хэчнээнийг бүртгэж авсан бэ?

 — Хүний эрхийн байгууллагуудын баримталдаг нэг түгээмэл зарчим бол бид хэдэн гомдол хүлээж авав, хэчнээн хүний эрх зөрчигдсөн гэдэгт ач холбогдол өгдөггүй. Харин нэг хүний эрх зөрчигдсөн ч энэ нь бүгдэд хамаатай асуудал гэж үздэг.

“Эмнести Интернэшнл” байгууллагын хувьд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад хүний  эрх зөрчигдөж байгаа талаар багагүй гомдол, мэдээллийг хүлээн аваад байна.

Хөгжлийн төлөөх бодлого, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж буй хууль, журам, хэрэгжилт  хангалтгүй байгааг бид  судалгаагаар гаргаж ирсэн. Судалгаандаа үндэслэн “Төр үүргээ мэд, биелүүл” кампанит ажлаа эхлүүлсэн. Яагаад гэхээр, дээрх судалгаанаас үзэхэд төр үүргээ биелүүлж, иргэдийн эрхийг бүрэн хуульчлан баталгаажуулаагүй, батлан гаргасан хууль эрх зүйн актууд нь өөр хоорондоо зөрчилдсөн заалтуудтай байна. Иймээс иргэдийн эрх зөрчигдөж, өмч хөрөнгөнөөсөө салаад зогсохгүй орох оронгүй болж, түрээсийн байр, ах дүү, хамаатан садныдаа амьдрахаас аргагүйд хүрч, бүр зарим нь гудамжинд гарсан. Тиймээс манай байгууллагыг зорин ирэх дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байна. Иргэдийн гомдлыг төр, засаг захиргааны байгууллагуудын зүгээс ч үр дүнтэй, шуурхай шийдвэрлэж өгөлгүй улам бүр хохироож ядуурал руу түлхэж байна. Иргэд арчаагүй муудаа ядуу байгаа биш, харин буруу бодлого, хүнд суртал, төрийн алба хаагчийн мэдлэг, ур чадварын дутмагаас болж хохирон  газар, орон гэр, өмч хөрөнгөгүй болон ядуурч байна. Эрхээ хамгаалж үгээ хэлсэн эдгээр хүмүүст зүй бус шаардлага тавих, үг хэлээр доромжлох, нэр төрийг нь гутаах кампаничилсан үйл ажиллагаа өрнүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагаар далайлган айлгах, эд хөрөнгөд нь халдсан тохиолдол хүртэл гарч байна. Тэглээ гээд гал голомт, алга дарам газрынхаа төлөө дуугарах, тэмцэх энэ хүмүүсийн эр зоригийг мохоож чадахгүй л болов уу.  

ESA—  Нийслэлийн газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэдийн эрхийг илт зөрчиж, бодитоор хохироосон баримтуудаас хамгийн ноцтойг нь танилцуулна уу?

— Бүх л хүний эрхийн зөрчил тухайн хүний эрхэм чанарыг үгүйсгэдгээрээ ноцтой байдаг. Тиймээс их, бага зөрчил гэж байдаггүй. Бидэнд ирж буй гомдол мэдээллээс харахад хот дахин төлөвлөлтийн хүрээнд гарч буй нийтлэг зөрчил нь юу бай ан вэ гэхээр, шаардлагатай мэдээллийг иргэдэд бүрэн гүйцэд өгдөггүй, өөрсөдтэй нь бодитоор зөвлөлдөж, саналыг нь сонсдоггүй, шийдвэр гаргахдаа оролцуулдаггүйд байна. Түүнчлэн зүй бус шаардлага тавих, газар, хөрөнгийг нь шударгаар үнэлэхгүй байх, зохих нөхөн олговрыг олгохгүй байхаас гадна илтээр хуурч мэхэлсэн үйлдлүүд ч бий.

Тухайлбал иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулаад газар, орон байрыг нь гурав, дөрвөн өдрийн дотор чөлөөлүүлж нүүлгэсэн атлаа гурав, дөрвөн жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлж нөхөх төлбөр болох түрээсийн мөнгөө бүрэн олгоогүй, амласан байраа барих нь битгий хэл шав тавьж, нүх ухаад л орхисон байна. Гэрээний нэг тал Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг төлөөлсөн агентлаг асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж иргэдийг хохиролгүй болгохын оронд улам бүр чирэгдүүлж, хоосон амлалтаар иргэдийг хуурч байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сансар хотхоны 85 өрхийн 106 хүүхэд, 46 өндөр настан бүхий 600 гаруй иргэнээс гадна хүнсний хоёр дэлгүүр, 15 гараашийн газрыг чөлөөлж өгсөн байдаг. Гэтэл 2014 оноос хойш өдийг хүртэл энэ хүмүүс орон гэргүй явж байна. Хотын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гээд шат шатны байгууллагуудад өргөдөл өгч, гомдол санал гаргаад ч тусыг эс олсон. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны зургадугаар сарын 23-ны өдрийг хүртэл ашиглахаар харилцан тохиролцож нэг жилийн хугацаатайгаар түр орон сууцаар хангах гэрээг 64 өрхтэй байгуулсан ч өнөөг хүртэл түр орон сууцаар хангаагүй. Энэ хугацаанд  иргэд  бусдад өр тавьж, айлаас айл дамжин амьдрах зэргээр сэтгэл санаа, эдийн засгийн маш их дарамт, хохирол амсч, улмаар энэ нөхцөл байдлыг давж чадалгүй есөн иргэн нас барсан байдаг. Төрийн байгууллагатайгаа хийсэн гурван талт гэрээтэй энэ иргэд төрд л итгэж газраа чөлөөлсөн. Төрдөө итгэсэн энэ хүмүүс ингэж хохироод үлдэх ёстой гэж үү?   

ESA— Хууль, эрх зүйн орчинд тодорхой ямар, ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна вэ?

 — Хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг бид эсэргүүцээгүй. Гагцхүү олон улсын хэм хэмжээнд нийцсэн, хүний төлөө үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь газар чөлөөлөлтийн бүхий л ажил иргэдэд хүрэхдээ дарамт, чирэгдэл болж байна. Өнөөдөр Монгол Улсад хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж буй хууль журмууд нь үүнд хамрагдсан иргэдийн 80 хувийн эрхийг тодорхой хэмжээнд хамгаалж буй боловч үлдсэн 20 хувийн эрхийг огт хамгаалаагүй буюу тодорхой зохицуулалт санал болголгүй үлдээж байгаа юм. Энэ нь иргэдийг 80 хувь зөвшөөрсөн учир үлдсэн 20 хувийг нь “Танайх хохирч үлдэнэ шүү” гэсэн заналхийлэл, айдаст оруулж байна. Түүнчлэн, гурван талт гэрээний талууд болох төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлэхгүй тохиолдолд төсөл хөтөлбөрийг зөвшөөрч газар, орон байраа чөлөөлсөн иргэдийн эрхийг хамгаалах, түр орон байраар хангах, хариуцлага тооцох, хохиролгүй болгох зэрэг механизм төрийн буюу гэрээний нэг талын үүрэгт байхгүй байна. Түүгээр зогсохгүй, хууль журмуудад гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулна гэсэн боловч “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн бүх хугацаанд гэрээ байгуулах талаар иргэнтэй тохиролцоно” гэсэн нь “Заавал гэрээ байгуулна” гэсэн утгатай байгаа юм.

Монголд зуны улирал нь богионо хугацаанд үргэлжилдэг. Барилга угсралтын ажлыг эрт эхлүүлэхийн тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтын газарт хамрагдсан иргэдэд түр орон байр, зохих дэд бүтэц бүхий өөр газар санал болгох ёстой. Гэтэл зөвхөн бэлэн мөнгө санал болгож газар, орон байраа чөлөөлж нүүхийг шаардах явдал газар авч байгаа. Энэ талаар гомдол гаргасан иргэд манайд хандсара байна. Ийм шахалтаас болж өвлийн улиралд буюу хоёрдугаар сарын дунд гуравдугаар сарын эхээр нүүсэн, мөн цагаан сарын баярын үеэр нүүсэн айлууд ч байна.

Тэгэхээр бид нэн тэргүүнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхэд дагалдан гарч буй журмуудад өөрчлөлт оруулж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн, албадан нүүлгэлтийг бүр мөсөн хориглосон хуулийн хамгаалалтыг яаралтай бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн, нөхөх олговор олгох журмыг батлаагүй байхад нийслэл хот энэ жил  бүтээн байгуулалтын 79 ажил хийхийн тулд газар чөлөөлөлт хийнэ гэж байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна.  

ESA— Улаанбаатар бол хүчирхийлэгч хот гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх цаг нь иржээ.   Өөр олон жишээгээр үүнийг баталж болох байх?

— “Аз жаргалтай Улаанбаатар, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот болно” гээд хотын удирдлагууд их л олон хөгжлийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа байх. Гэвч яг бодит хүн дээр энэ нь яаж тусаж байна вэ. Энэ бол бодох ёстой асуудал. “Гэрт биш орон сууцанд амьдруулна”, “Хуучин байранд биш шинэ сайхан хороололд амьдруулна”, “Утаагүй болгоно” хэмээн хийж буй энэ ажлууд өнөөдөр хүмүүсийн амьдралд бодитоор ямар хөгжил дэвшлийг авчирсан бэ гэдгийг олж харах нь чухал байна. Амьдралаа болгоод өөрсдийгөө аваад явж байсан хүмүүсийг улам сайхан амьдруулна гэж хоёр талт, гурав талт гэрээ хийж, тууз хайчилсан ч орох оронгүй, оочих аягагүй болгоод хаячихаж байгааг юу гэж үзэх вэ? 

Өнөөдөр дахин төлөвлөлтөд орсон эсхүл орно гээд хоёр эсвэл гурав талт гэрээ тэврээд ажил, амьдралаа төлөвлөж, зохицуулах эрхээ хасуулчихсан, хүлээлтийн байдалтай газар, орон байраа чөлөөлөөгүй олон өрх байна. 

Улаанбаатар хотод чамин тансаг барилга байгууламж, үнэтэй машин ихтэй болж байгааг хот хөгжиж байна гэж үзэх үү? Улаанбаатарын иргэн гэсэн мөртлөө цахилгаангүй, дэд бүтэцгүй сумын төвөөс ч дор нөхцөлтэй хороонд амьдарч байгаа иргэн олон байна. Иргэд хөгжлийг хэзээ ч эсэргүүцээгүй, харин ч дэмжиж оролцсоноороо орон гэргүй болж, сэтгэл санаа, эд мөнгөний хохирол амсаж байна шүү дээ.

Хөгжилд чиглэсэн аливаа бодлого, үйл ажиллагаанаас үүдэн хэн ч орон гэргүй болох эсвэл хүний эрхийн бусад зөрчилд өртөж хохирох ёсгүйг баталгаажуулах нь төрийн үүрэг юм. Тиймээс, нэгэнт дахин төлөвлөлтөөс үүдэн орон гэргүй болсон иргэдээ хамгаалах, түр орон байраар хангах, хөндөгдсөн эрхийг нь сэргээх яаралтай арга хэмжээ авах нь төрийн үүрэг болно. Гэвч төр энэ үүргээ мэдэж байна уу, иргэдийн хөндөгдсөн эрхийг сэргээх талаар яаралтай, зохих арга хэмжээ авч байна уу гэдэгт асуудлын гол нь байна. Үнэхээр төр энэ үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх талаар санаачлага тавихгүй байгаа бол эрх нь хөндөгдсөн иргэдийнхээ эрхийг, тэр дундаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг зөрчиж буй хэрэг юм. 

Өнөөдөр гэр бүлүүд хүүхдээ хөтлөөд ярилцаад явах явган хүний зам, талбай  хэр байна вэ, бага насны хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад байгаа зам талбай нь хэр ээлтэй билээ дээ. За тэгээд агаар болоод хөрсний бохирдол, түгжрэл, цэцэрлэг, яслийн хүртээмж гээд наад захын жишээ авахад л танд ямар дүр зураг бууж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэн бүр энэ асуултад өөр өөрийнхөө өнцгөөс хариулаг дээ.

ШИНЭ МЭДЭЭ