https 201
А.Отгончимэг: УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг хүний эрхийн сургалтад хамруулдаг болох чухал
2021.04.19
Хүний эрх

А.Отгончимэг: УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг хүний эрхийн сургалтад хамруулдаг болох чухал

Сэтгүүлч Д.Азжаргал

Цар тахлын хөл хорионы үед удирдах албан тушаалтнууд хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байна, гүйцэтгэх шатны ажилчдын энэ талын мэдлэг хомс байна гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөж байна. Мөн үүний улмаас цөөнгүй иргэд амь насаа алдсан тохиолдол ч гарсныг сануулж буй. Хүн бүрд хүний эрхийн боловсрол яагаад чухал талаар Монголын "Эмнести Интернэшнл"-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Отгончимэгтэй ярилцлаа.

-Хүний эрх гэдгийг нэг удаагийн ярилцлагаар тайлбарлах боломжгүй байх. Энэ тухай ярихын тулд эхлээд юуг ойлгосон байх ёстой вэ?

-Хүн болж төрснийхөө хувьд заяасан эдлэх ёстой эрх, эрх чөлөө бол хүний эрх юм. Хүний эрхийг дотор нь иргэний, улс төрийн,эдийн засгийн, нийгмийн, соёлын гэж ангилдаг ч хүний эрх нь хүн бүрд дэлхийн хаана ч адилхан эдлэх ёстой түгээмэл, аль нэг эрхийг нь илүү дээгүүр эдлэх ёстой гэж эрэмбэлж болохгүй, эсвэл аль нэг эрхийг нь салгах боломжгүй. Нэг эрхийг нь зөрчихөд нөгөө эрх нь зөрчигдөх харилцан хамааралтай байдаг. Хувь хүн бүр ялгаатай байдлаасаа үл хамааран адил тэгш эрхтэй.

-Хүний эрхийг зөрчих гэж ямар үйлдлийг хэлэх вэ. Энэ эрхийг хуульд яаж баталгаажуулсан байдаг вэ?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар заасан эрхүүд олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажсан. Үүнийг улс орнууд хүлээн зөвшөөрч нэгдсэн бол дотоодын хуульдаа тусгаж, иргэдийнхээ эрхийг хангах, хамгаалах, дэмжих үүрэг хүлээдэг. Төр энэ үүргээ биелүүлэхгүй байвал хүний эрхийн зөрчил болно.

Хүний эрхийн боловсрол хэн нэгэн эрх мэдэл, давуу байдлаараа хүний эрх зөрчихийг зогсоож чадах хүчтэй зэвсэг юм.

Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус харьцахыг хориглосон байхад тус пактын нэмэлт протоколд эрүүдэн шүүхийг хянах хараат бус механизмыг улс орнууд бүрдүүлсэн байх ёстой гэж тусгасан. Монгол улс эдгээр олон улсын гэрээнд нэгдсэн тул дотоодын хууль тогтоомждоо тодорхой тусган хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хорих байранд эрүүдэн шүүсэн тухай шуугиан дэгдэж, асуудлыг шийдэж чадахгүй байгаа төр энэ үүргээ биелүүлэхгүй байгааг харуулж байна. Эрүүдэн шүүсэн алба хаагчийг мөрдөн шалгаж хариуцлага тооцох, хохирогчийг хамгаалах хуулийн заалтаа устгаад бүтцээ алга болгож, одоогийн энэ хэргээс ч хүнд хэргүүд гарсаар, гэмт этгээдүүд ял шийтгэлгүй өнгөрсөөр байгаа нь ноцтой асуудал юм.

УИХ, УДИРДАХ АЛБАНД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ШАЛГУУР ХЭРЭГТЭЙ

2017 онд Coady олон улсын хүрээлэнд суралцаж, хөгжлийн манлайллын хөтөлбөрийн диплом гардав.

-Хүний эрхийн мэдлэг, боловсрол гэдэгт ямар ойлголтууд багтах вэ?

-Эдлэх ёстой эрхээ мэдэхгүйгээс эрхийг нь зөрчиж байгааг мэдэхгүй хохирох явдал хаа сайгүй байна.

Харин

  • би ямар эрх эрхтэй вэ?
  • миний эрхийг хуулиар хэрхэн баталгаажуулсан бэ?
  • эрхээ яаж хамгаалах ёстой вэ? гэдгийг мэддэг бол бусдын эрхийг ч зөрчихгүй.

Иймээс хүний эрхийн боловсрол хэн нэгэн эрх мэдэл, давуу байдлаараа хүний эрх зөрчихийг зогсоож чадах хүчтэй зэвсэг юм. Хүн бүр хүний эрхийн боловсролтой болбол аливаад хүний эрхийн мэдрэмжтэй, асуудлыг олон талаас харж шийдэх чадвартай хүнлэг болно гэдэгт би итгэдэг.

-Мэргэжил эзэмшихээс өмнө хүний эрхийн мэдлэг олгох чухал гэлээ. Тухайлбал, Сэтгүүлчид хэвлэн нийтлэхдээ хүн эрхэд харш ямар алдаатай үг хэллэг хэрэглэж, энэ нь хэрхэн хэвшмэл хандлагыг бэхжүүлж байдаг тухай?

-Хүний эрхийн боловсрол эзэмшсэн хүн гэж хүний эрх, хуулийг мэддэг хэрнээ бусдын эрхийг зөрчдөг, хүчирхийлэл, ялгаварлал, тэгш бус байдлыг дэмждэг хүнийг хэлэхгүй. Мэргэжилдээ сайн, мэдлэгтэй боловч түүнийгээ бусдад хор хохирол учруулахын төлөө ашиглаж байвал тэр эрдэм, боловсролтой хүн биш.

Тухайлбал, маш сайн хүний нөөцийн мэргэжилтэн байлаа гэж бодъё. Ажилтантай ямар гэрээ хийвэл ажилтныхаа эрхийг зөрчиж, халсан ч хуулиар эрхээ хамгаалж чадахгүй байх вэ гэдэг увайгүй удирдлагад таалагдах гэж ажиллавал тэр хүний нөөцийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг хүн биш юм.

Сэтгүүлчид, эмэгтэй УИХ-ын гишүүдийн хувцаслалтын талаар шүүмжлэн, олны анзаараагүйг мэдээлж, олон хүн санал сэтгэгдлээ бичиж байв ч тус мэдээ нь жендэрийн хэвшмэл ойлголтыг улам өдөөдөг. Харин үзэл санаандаа, өдөр тутмын үйлдэлдээ хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг бол хүний эрх зөрчигчдийн талаар нарийн мэдлэг, мэдээлэлтэй бол аливааг шүүмж сэтгэлгээгээр харах хүрээ тэлж, хүссэнээрээ хүний анхаарал, олны хэлэлцүүлгийг өрнүүлж чадна.

-Хүний эрхийн боловсролыг хэрхэн хүртээмжтэй, хүн бүрд багаас нь олгох вэ. Манайд хэрэгжүүлэх боломжтой бусад орны сайн жишгийг дурдвал?

-Хүний эрхийн боловсролыг хүүхэд байхаас нь олгохыг БШУ-ны сайд дэмжиж байгаа тухай мэдээ сонсоод баяртай байна. Хүний эрхийн тухай хичээлийг тусдаа ордог болох хэрэгтэй ч тухайн сургуулийн бүхий л орчинд хүний эрхийг дээдэлдэг хандлага бий болговол илүү өгөөжтэй. Олон улсын туршлагаас үзэхэд тухайн сургуулийн журамд хүний эрх, жендэрийн тэгш байдлын тухай үзэл баримтлалыг суулгасан, түүнийгээ ягштал дагаж мөрддөг, ойлгодог, бүх хичээлээрээ хүний эрхийн тухай ойлголтыг өгөх нь амжилтын үндэс.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо ихсэхийн хэрээр тухайн орны авлигын түвшин буурдаг.

Тухайлбал, математикийн багш дунджийг олох бодлого зохиохдоо сонгуулиар санал өгсөн хүмүүсийн тоог тойрог тус бүрээр дундажтай харьцуулах дасгал ажиллуулангаа сонгох, сонгогдох эрх, сонгуулийн тогтолцооны тухай ойлголтыг өгч болно. Химийн багш мөнгөн усны элементийг үзэхдээ алтны уурхайд мөнгөн усыг хэрхэн ашигладаг, ямар хэмжээтэй алдагдвал хүнд хэрхэн хор учруулж болохыг заадаг, уран зохиолын багш хүний эрхийн тэмцэгчийн түүх зохиолыг заах зэргээр хүн бүрд хүний эрх хамаатай тул бүх хичээлээрээ хүний эрхийн боловсролыг олгож болно.

Мөн ангийн дүрэм журмыг боловсруулахдаа хүний эрхийн зарчмыг тусгаж, хүүхдүүдээр хэлэлцүүлж батлах нь хууль дүрэм хэрхэн батлагддаг тухай ойлголт өгнө. Сурах бичиг болон багш нар жишээ татах, зураг үзүүлэн бэлдэхдээ ээж хоол хийж хувцас угаадаг, аав ажил хийж мөнгө олдог гэх жендэрийн хэвшмэл ойлголтыг бататгахгүй байх нь жендэрийн тэгш байдлыг бий болгоход том хувь нэмэр оруулна.

Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш хүртээмжтэй сурах орчин бий болгож, бүх хүүхэд хамтдаа суралцах нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ашиг тустай биш. Харин ч хүүхэд хүнлэг, бусдын ялгаатай байдлыг ойлгож хүндэлдэг болдог. Бас багш, сурагч, эцэг эхэд сургуулийн бодлого, журам, төлөвлөгөө, төсөв батлах хэрэгжүүлэх, хянах, тайлагнахад оролцох тусам ил тод нээлттэй болж, хөрөнгө мөнгө дутагдалтай бол хамтраад сан байгуулах болон хөрөнгө цуглуулж, шийдвэр гаргагчдад уламжилж, төсвийг батлуулдаг болсон олон жишээ бий.

2017 онд Канадын St Francis Xavier-ийн их сургууль, олон улсын эрдэм шинжилгээний хурал

Тодруулбал, сургууль даяараа бүх орчинд хүний эрхийг дээдэлдэг болно гэсэн үг юм. Миний хэлсэн жишээнүүд хүний эрхийн болон боловсролын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг “Олон нийтийн оролцоот сургууль”, “Хүний эрхэд ээлтэй сургууль” зэрэг хөтөлбөрөөр гаргасан бодит үйлдэл юм. Энэ бүгд бидний нийгэмд дутагдаад буй хүнлэг иргэн бий болгох боловсролын зорилгод хүргэх юм.

-Манай улсад хүний эрхийн мэдлэггүйн улмаас ямар асуудал үүсэж байна вэ. Шийдвэр гаргагчид хүний эрхийн мэдрэмжгүй байх нь ямар эрсдэлд хүргэж байна вэ?

-Эрх баригчид хүний эрхийн мэдрэмжгүй байх нь ямар эрсдэл дагуулдгийг бид сүүлийн үед их харж байна даа. Аливааг ерөнхийд нь нэг л талаас харсан шийдвэр гаргахаар заавал алдаа гардаг. Ковид 19-ийн үед гарсан маш олон муу жишээг иргэд хэлүүлэлтгүй мэднэ.

Тухайлбал,

  • 22-ийн товчоонд машиндаа нас барсан иргэн,
  • хөдөөнөөс ирээд шинжилгээний хариу хүлээгээд цонхны цаанаас 9 настай охиноо харсаар алдсан ээж,
  • аавтайгаа учирлаж гуйгаад ч уулзаж чадахгүй бурхан болгосон охин,
  • ирэх онгоц нь цуцлагдаад олон хоногоор хоолгүй, мөнгөгүй хилийн цаана хоцорсон иргэд,
  • гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хөл хорионд орж зугтах газаргүй амиа хорлосон залуухан ээж гээд харамсалтай хэргүүд гарсан.

Гэнэтийн судалгаагүй шийдвэр гаргаснаас хор уршиг нь тэр дороо гарна. Ойрын энэ мэт асуудлаас бүр өндөр эрсдэл алс холдоо гарч байна. Сургуулийг урт хугацаагаар хааснаас телевиз, ухаалаг утасгүй, ядуу айлын, хөгжлийн бэрхшээлтэй, сүлжээгүй алслагдсан орон нутагт байгаа хүүхдүүд бүтэн хоёр жил сурч боловсрох эрхээ эдлээгүй. Энэ нь амьдралын боломжтой нийгмийн бүлгээс эрс ялгаатай болгож, ялгаварлагдаж, улмаар ирээдүйд ядуу амьдарч мэдэхээр боллоо.

-Хүний эрхийн асуудалд анхаарах нь яагаад хөгжлийн гол үзүүлэлт болдог тухай хэлж өгөхгүй юу?

-Хүний эрхийн асуудлыг анхаарч, жендэрийн эрх тэгш байдлыг хангахуйц бодлоготой байж, ардчилсан оролцоо, авлигагүй, ил тод байдлыг бэхжүүлэх тусам нийгэмд ялгаатай байдал багасаж, тухайн улс илүү хөгждөгийг хүний хөгжил, ил тод байдлын болон жендэрийн тэгш байдлыг индекс харуулдаг. Тухайлбал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо ихсэхийн хэрээр тухайн орны авлигын түвшин буурдаг гэсэн судалгаа бий.

Сурах бичигт болон багш нар жишээ татах, зурагт үзүүлэн бэлдэхдээ ээжийг хоол хийж, хувцас угаагаад, аавыг ажил хийж мөнгө олдог зэрэг жендэрийн хэвшмэл ойлголтыг бататгахгүй байх нь жендэрийн эрх тэгш байдлыг бий болгоход том хувь нэмэр юм.

Томоохон корпорацууд ТУЗ-дөө эмэгтэй гишүүдийн тоог тэнцвэртэй байлгахын хэрээр ашиг орлого нь илүү байдгийг ч тогтоосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дүрвэгчдийг нийгэмд тэгш оролцож, ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тусам тухайн орон нутгийн эдийн засаг илүү хөгжиж байгааг би 2017 онд Канадад Көүди олон улсын хүрээлэнд Хөгжлийн манлайллын чиглэлээр суралцаж байхдаа /Антигониш тосгон/харсан.

Манай улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эх хэл нь болох дохионы хэлээр боловсрол олгож, сургууль төгсөхөд дохионы хэлээр тайлбарыг үзээд ЭЕШ-ыг бусад хүүхэдтэй адил түвшинд өгч чадахуйц болговол Монголын 120 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь халамж хүртэгч буюу ажиллах хүчнээс гадуурх хүн амд орохгүй. Өөрсдөө амьдралаа авч явж, татвараа төлөх боломжтой гэж бодож байна.

ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ, ДАВУУ БАЙДЛЫГ ДЭВЭРГЭХГҮЙ, ХҮНИЙ ЭРХИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР ХАНДВАЛ БҮГДЭД ЭЭЛТЭЙ

Хүний эрхийн өдөр

-Хүний эрхийн мэдлэггүйгээс зарим удирдагч ард түмэндээ гологдож, иргэдийг хохироосон шийдвэр гаргаж байна, хүн чанаргүй байна гэх шүүмжлэл Ковид 19-ийн үед их өрнөж байна. Үүний гол шалтгаан юу вэ?

-Санаснаар болдог бол шийдвэр гаргах түвшинд гарч байгаа дарга, гишүүд ажлаа эхлэхдээ хүний эрхийн сургалтад хамрагддаг тогтолцоо бий болоосой. Эрх баригчид хүний эрхийн шалгуураар аливаа шийдвэр гаргахын өмнө үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын өнцгөөс харж шийдсэнээс алдаа гарч байна. Хүний эрхийн мэдрэмжтэй шийдэхэд хэрэг болох Дафина-Лазарус Стювардын энгийн аргыг танилцуулъя. Нэгэн хурал болоход Олон талт байдал, Тэгш байдал, Тэгш хамруулалт, Шудрага ёс гэсэн оролцогчид байжээ.

  • Олон талт байдал “Хэн хэн энэ өрөөнд байна?” гэж асуув.
  • Тэгш байдал “Хэн энд орж ирэх гээд чадахгүй байна вэ? Хэний оролцоо энд дуту байна вэ?” гэв.
  • Тэгш хамруулалт тэгтэл “Бүх хүний санааг сонссон уу? гэж асуухад,
  • Шударга ёс “хэний санал бодлыг олонх биш болохоор анхааралгүй өнгөрч байна вэ?” гэжээ.

Олон талт байдал “Өмнөхөөсөө бид энэ удаа ялгаатай байдлаараа цөөнх болсон ямар бүлэг хүмүүсийг түлхүү оруулж ирсэн бэ?” гэв.

Тэгш байдал “Олонхоороо түрэмгийлэх байдлын эсрэг цөөнхийг оролцуулж байх ямар нөхцөлийг бид бүрдүүлэв?” гэжээ.

Тэгш хамруулалт хариуд нь “Энэ орчин хүн бүр аюулгүй, гадуурхагдахааргүй байна уу?” гэж асууж,

Шударга ёс “Хэн нэгний хүн чанаргүй байдлыг өөгшүүлэх орчин бүрдүүлж заримд таатай, заримд таагүй байдал үүсгэж байгаа юм биш биз? гэж эцэст нь анхаарууллаа.

Үүн шиг хэнийг ч орхигдуулж ялгахгүй, давуу байдлыг дэвэргэхгүй, хүний эрхийн үзэл баримтлалаар ханддаг болоосой гэж хүсэж байна. Хүний эрхийг хамгаалагч байгууллага, зоригтнуудын олон жилийн тэмцлийн үр дүнд “Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг тухай хууль” батлагдсан тул бидний эгнээ улам тэлнэ гэдэгт итгэж байна.

-Хүний эрхийн боловсрол олгоход хувь нэмэр оруулж байгаад баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ