“Зүй ёс зүй ба хүний эрх” философийн XIII олимпиад боллоо
2021.12.23
Хүний эрх

“Зүй ёс зүй ба хүний эрх” философийн XIII олимпиад боллоо

Философи, Хүний эрхийн уулзварт XIII улсын олимпиадыг “Зүй ёс ба хүний эрх” сэдвийн хүрээнд Монголын Эмнести Интернэшнл, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС хамтран 2021 оны 12-р сарын 5-ны өдөр зохион байгуулж, оюутан залуусын ухааны цэцийг сорилоо.

Хүн төрөлхтний мэдлэг улам бүр тэлж, техник технологийн хэрэглээ нэмэгдэж буйн хэрээр ёс зүй, улс төр, эрх зүйн хувьд шийдэл хүлээсэн олон асуудал тулгарч байна. Тэдгээрийн дотор нийгэм, улс төр, бизнесийн хүрээнд хүний эрхийг хүндэтгэн, зүй ёсыг хангаж ажиллах, шийдвэр гаргах шаардлага үндэсний төдийгүй олон улсын түвшинд гарч ирж байна.

Нийгмийн олон салбарт нийгмийн бүлгүүдийн тэгш бус байдлыг анхаарах, хүний эрхийн зөрчлийг арилгах зэрэг чухал асуудалд философи, хүний эрх үүднээс хандаж, зүй ёсыг эрэлхийлэх хэрэгцээ бидний өмнө байна. Иймээс энэ жилийн Философи, Хүний эрхийн уулзварт XIII олимпиад “Зүй ёс ба хүний эрх” сэдэвт чиглүүлэн оюутан залуусын ухааны цэцийг сориход зориулсан билээ.

Тус уралдааны шагналт байранд “Идэр” Их Сургуулийн “Фемида” баг 4-р байр, МУИС-ийн Wistom баг 3-р байр, ШУТИС-ийн MUST Idea баг 2-р байр, СЭЗИС-ийн “Тэнцвэр” баг ТЭРГҮҮН БАЙР тус тус эзэллээ.

 “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр ШУТИС-ийн оюутан П.Ариунсанаа, “Уран илтгэгч”-ээр МУИС-ийн оюутан Ж.Амар нар тодорч шагнагдсан юм.

Энэ жилийн олимпиадыг цар тахлаас үүдэн цахимаар зохион байгуулсан бөгөөд анх удаа ZOOM болон MOODLE талбарыг хослуулан ашиглалаа. Олимпиадад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 9 их, дээд сургууль болон орон  нутгийн гурван их сургуулийн  багш, оюутнууд оролцсон байна. Энэ нь бид цахим байдлыг давуу болгон олимпиадын цар хүрээ, үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтойг батлан харууллаа.

ШИНЭ МЭДЭЭ