"Нарны хүүхдүүд-2"-ыг нээлээ
2019.01.22
Орон нутгийн хөгжил

"Нарны хүүхдүүд-2"-ыг нээлээ

Шинэ хувцсаа өмсөж, ээж. аавынхаа гараас хөтөлсөн хүүхдүүд баяртай, хөгжилтэй харагдана. Намар намарт л тойроод өнгөрдөг “азын” сугалаа одоо тэдэнд хэрэггүй болжээ.

Учир нь, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд төрөөс ганц ч төгрөг авалгүй барьсан “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг үүдээ нээж, бяцхан “албатуудаа” угтан авсан юм. 22 000 гаруй хүн амтай 26 дугаар хороонд Улаанчулуутын хогийн цэг байрладаг.

Тэнд буулгасан хаягдлаас өөрт хэрэгтэйгээ, түүхий эд хүлээж авдаг хүмүүст өгч, тав, арван төгрөг болгох боломжтой бүхнийг уралдан түүдэг 400 гаруй иргэн эндээс амьжиргаагаа залгуулдаг. Тэдэнд хүүхдээ цэцэрлэг, сургуульд суралцуулах боломж саяхны хүртэл байгаагүй.

2013 онд “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг хогийн цэгийн зүүн хойд талд байгуулж, 150 хүүхдийг дулаан орчинд сурч, боловсрох нөхцөлөөр хангаад байсан бол “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын “Нямбаатар”, Канад улсын “Вэлүү” сан хамтран байгуулсан энэ цэцэрлэгт тус хороонд амьдарч буй зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургах аж. Эцэг, эхээ даган хог түүн амьдарч буй 300 орчим хүүхэд тэнд бий гэнэ. Тус цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар тэд цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэж буй юм байна.

Улаанчулуутын хогийн цэгт цэцэрлэг байгуулах санаачилгыг гаргасан А.Баасандорж анх хоёр гэр барьж, 30 орчим хүүхдийг хооллож, дулаан орчинд сурч боловсрох нөхцөлөөр нь хангасан бол өдгөө хоёр дахь цэцэрлэгээ ашиглалтад оруулж буй нь энэ.

“Нарны хүүх-дүүд-1” цэцэрлэгийг “Вэлүү” сангийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд 150 хүүхэд хамруулж, 30 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ. Урсгал зардлыг ч тус сангийнхан гаргадаг аж. 30 гаруй ажилтны тал нь хогийн цэгт хөдөлмөр эрхэлж байсан, өрх толгойлсон эмэгтэйчүүд. Харин “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг төр мэдэлдээ авч, урсгал зардлыг нь хариуцах болжээ. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг дүүргийн ЗДГГ-аас томилсон бол бусад ажилд зорилтот бүлгийн иргэдээс хамруулах аж.

А.Баасандорж цэцэрлэгийн хажууд халуун ус, залуучуудад зориулсан сургалтын төв ч байгуулжээ.

Тэрбээр “Би “Харилцааны хөгжил” ТББ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 80 хүүхдэд боловсрол олгохын зэрэгцээ залуучуудад зориулсан сургалтын төв ажиллуулдаг. “Вагнер Ази” компанитай хамтран хогийн цэг дээр ажиллаж байсан 21 залууг сургаж, ажлын байраар хангасан. Тиймээс эл сургалтын төвөө 26 дугаар хороонд буюу хогийн цэгийн хажууд байгуулж, дээрх зарчмаар ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгээ барих зорилгоор оёддын цех байгуулж, хогийн цэг дээр ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байсан нь өдгөө 10 гаруй ажилчинтай болжээ. “Дэлхий даяараа нийлэг уутнаас татгалзаж буй учраас даавуун уут оёж, борлуулахаар шийдсэн” гэж хэлэв.

Ж.Уранмандал

ШИНЭ МЭДЭЭ