Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
2019.04.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.07 цагт гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэллээ.

УИХ-ын чуулганаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хууль санаачлагчын илтгэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Манай улс тус холбоонд элссэнээс хойших хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхжуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, С.Бямбацогт, Л.Оюун-эрдэнэ нар байр сууриа илэрхийлэв. Үүний дараа санал хураалт явуулахад гишүүүдийн 52,4 хувийн саналаар батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ