2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Эдийн засаг, Худалдаа

2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Монгол Улсад хоршооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй Хоршоологчдын үндэсний VII чуулганд оролцлоо.

1921 оны хувьсгалын дараа “Ардын харилцан туслалцаа хоршоог”-г 116 гишүүнтэй байгуулж байжээ. Одоо манай улсад 4468 хоршоо, 234633 гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн хөдөлмөрлөж ирсэн нийт хоршоологчдод 100 жилийн ойн баярын мэнд хүргээд Монгол Улсын Засгийн газраас 2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлж, орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр болсныг зарлалаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хоршооллын салбарыг амжилттай хөгжүүлэх нь хүнсний хэрэгцээг бүрэн хангах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чухал хэлбэр юм. Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Ингэснээр эдийн засагт шинэ бүтэц бий болно. Төр бүхнийг хийх биш хоршоодод төрийн зарим ажил үйлчилгээг хуваарилж , хувийн хэвшлээ дэмжинэ. 2021 онд УИХ Хоршооны тухай хуулийг шинэчилж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосон. Хоршоог хөгжүүлж, бизнес хийхэд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Хоршоо гэдэг бол эв нэгдэл гэсэн үг. Монголчууд нэг нэгэндээ дэм болж, зөвхөн би болно гэж харах биш бид болвол миний үйлс бүтнэ гэсэн хандлагыг шинэ зуунд бий болгоход хоршоологчдын нөлөө чухал” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ