Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын төв болно
2019.04.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын төв болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Түүхэн аялал жуулал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр /2019.04.22/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, орон нутгийн төлөөлөл 800 гаруй иргэн оролцов. Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрийг байгуулаад байна. Төслийн хүрээнд Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг 19 сая ам.доллараар, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллараар тус тус хэрэгжүүлэхээр болсныг салбар яамныхан дуулгасан юм. Эдгээр төсөл нь Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр танин мэдэх, сурталчлах боломжийг бүрдүүлэх юм байна.

Манай улсад 270 гаруй тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 34 мянган ажлын байр бий болгожээ. Монгол Улсөнгөрөгч онд анх удаа 529 мянган гадаадын жуулчин хүлээн авч, эдийн засагт 569 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Харин дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын долоон хувь, үйлчилгээний экспортын 30 хувийг бүрдүүлэх болсон байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 2017 онд олон улсад 1.3 тэрбум жуулчин аялж, 1.4 их наяд ам.долларыг зарцуулсан аж. Ази номхон далайн орнуудад 323 сая жуулчин ирж, 390 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх юм. Ирээдүйд буюу 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрэх гэнэ. Эдгээрээс Ази номхон далайн орнуудыг зориг жуулчдын нэмэгдэх төлөвтэй байгаа нь манай оронд ирэх жуулчдын тоо нэмэгдэх боломжтой гэсэн үг.

“Түүхэн аялал жуулал-хөрөнгө оруулалт” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

“Сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг уруу, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцлож байна.Харин бид энэ давуу тал, онцлог байдлаа төрийн бодлогын гадна орхиж, түүх соёлоо олон улсад сурталчлан таниулах, ард олноо соён гэгээрүүлэх, хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь нууц биш юм. Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог нэгсаяд хүргэх, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж буй цаг хугацаанд энэхүү Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой асуудал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид төвийн, баруун, зүүн, хангайн, говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын гурван том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд эхлэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэдгийг онцолсон юм.

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч эхлээд байгаа аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Түүхэн өв соёл ба төрийн бодлого” сэдвээр илтгэл тавьлаа.

Тэрбээр “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эзэн богд Чингис хааны өв, соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Бид Чингис хааныгаа алдаршуулан сурталчлах талаар ямар бодлого гаргаж, юу хийж байгаа билээ гэж эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д Чингис хаан судлалд ихээхэн хэмжээний хөрөнгө, санхүү гарган олон тооны судалгаа хийгдэж байгаа нь цаашид Чингис хааны бүтээсэн үйл хэрэг, өв соёлыг судлах бүхий л ажил БНХАУ-ын ӨМӨЗО-д төвлөрөх магадлалыг бий болгож байна. Мөн БНХАУ-д Чингис хаан, бусад түүхэн их хүмүүс, Монголын эзэнт гүрний үе, нүүдэлчдийн өв соёлтой холбоотой олон тооны хөшөө дурсгал, үзмэр, музей шинээр байгуулагдаж дотоодын болон олон улсын аялал жуулчлалын нэгэн чухал шугам болгож, олон ангит кино, тайз дэлгэцийн бүтээлүүд, ном товхимолууд олноор хэвлэгдэн гарч буй зэрэг нь энэ чиглэлээр биднийг илүү идэвхтэй, санаачилгатай ажиллахыг сануулж буй хэрэг юм.

Чингис хааны өв соёлын хүрээлэн нь дотоод гадаадын эрдэмтэн судлаачдыг Чингис хаан судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа төвлөрүүлэн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, үр дүнг аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүн, сурталчилгаа, урлаг соёлын салбарт үр бүтээлтэй ашиглах, түгээн сурталчлах, Чингис хаан судлалыг зөвхөн түүхийн шинжлэх ухааны хүрээгээр хязгаарлахгүйгээр орчин цагийн олон улсын харилцаа, хууль эрх зүй, улс төр, цэргийн урлаг, ёс суртахуун, худалдаа эдийн засаг, аяллал жуулчлал, соёл урлаг, брэндинг буюу сонгомол бараа бүтээгдэхүүний салбарт тэлэх, тэдгээрийг нэгтгэн зохион байгуулах, бодлого төлөвлөлтөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана” гэлээ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан

“Монголд ирдэг нийт жуулчдын 10 гаруй хувь нь манай улсын түүх соёлыг сонирхож ирдэг. Энэ чиглэлээр 2020 он гэхэд 200 мянга орчим жуулчин ирнэ. Одоо ирж буй жуулчдын нийтлэг аяллын чиглэл нь Улаанбаатар хотоос эхлэлтэй хангай, төвийн бүсэд төвлөрсөн аялал жуулчлалын хэлбэрүүдийг сонгон үйлчлүүлдэг. Энэ чиглэлийн эдийн засгийн үр өгөөжийг бусад бүс нутгууд руу хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Зүүн болон баруун бүс аялал жуулчлалын хангалттай нөөцтэй атлаа аялал жуулчлал сул хөгжиж байна. Дээрх бүсүүдэд ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд аялал жуулчлалын салбараар дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байна. 2018-2019 онуудад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нийт улсын төсвөөс 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Нийт гурван цогцолборыг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингис хааны түүхтэй холбоотой мөн “Нууц товчоо”-д нэр нь гардаг зарим газруудад аялал жуулчлалын цогцолбор барьж байна” гэдгийг онцоллоо.

Уг чуулганд “Таван богд” группын захиарл Ц.Баатарсайхан

“Аялал жуулчлал 20:1” илтгэлийг сонордуулсан юм. Түүний илтгэлд дурдсанаар Монгол Улс руу ирэх агаарын нислэгийн тоог нэмж байж салбарын орлого хоёр дахин өсөх боломжтой гэв. Дэлхийн улс орнуудын ДНБ-ий 10 гаруй хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг. НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын газрын судалгаагаар тухайн улс орон жуулчдын визийг чөлөөлөх эсвэл шууд хил дээр олгодог болсноор жуулчдын тоог хамгийн багадаа 30 хувь нэмэгдүүлж чаддаг гэдгийг онцолсон юм. “Амадеус” системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийснээс БНСУ-аас 21 сая, БНХАУ-аас 13 сая хандалт хийжээ. Монгол Улстай шууд нислэгтэй таван улсын жуулчдын гадагшаа аялсан тоо 341 саяд хүрчээ. Эдгээр жуулчдаас 0.3 хувийг  манай улс хүлээн авахад 2020 онд нэг сая  жуулчин авах боломжтой гэж байв. Газар зүй, цаг агаар, өв соёлын хувьд ижил төстэй Өвөр монголчууд 2020 онд 135 сая жуулчин хүлээх авахаар төлөвлөжээ. Тэдгээрийн 35 сая жуулчныг гадаадаас авах бол бидэнд нэг сая жуулчин авах боломж байгаа гэдгийг онцолсон юм. 2018 онд Монгол Улсад зочилсон нийт 529 мянга 370 жуулчны 263 мянга 490 буюу 49.7 хувь нь агаарын тээврээр ирсэн. Тиймээс 2019 онд нийт нислэгийн суудлын тоог 34.4 хувь өсгөснөөр агаарын тээврээр ирэх жуулчдын тоо 56 хувиар өсөх боломжтой юм байна. Мөн хил нутгийн бүсчилсэн эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалыг  анхаарч хөгжүүлснээр Монгол Улсын 23 боомтоор орж ирэх жуулчдын тоо нэмэгдэх гэнэ. 2018 онд манай улсад дотоодын гурав, гадаадын таван авиа компани тогтмол нислэг үйлдэж байсан. 2019 онд БНСУ-ын агаарын тээвэрлэгч "Аsiana Airlines" авиа компани үйлчилж эхэлснээр, Монголд ирэх суудлын тоо нийтдээ дөрвөн хувиар нэмэгдэнэ. 2020 онд  нийт суудлын тоог 29 хувь нэмэгдүүлэхийн тулд "Turkish Airlines" авиа компанийн нислэгийн давтамжийг том онгоцоор  долоо хоногт долоо удаа нисгэхэд  70 мянган суудал нэмэгдэх аж. "Turkish Airlines" зөвхөн суудлын боломжгүйгээс шалтгаалан жилдээ Монгол Улс руу чиглэсэн 100 мянган зорчигчийн суудлын хүсэлтийг цуцалдаг гэдгий Ц.Баатарсайхан онцолж байв.

Харин Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба

“Дэлхий нийтэд Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймаг гэх нь бүү хэл Монгол Улсыг мэдэхгүй жуулчид их байдаг. Google map дээр ганц ч үг байдаггүй. Өвөр Монголын Ордост Чингис хааны ташуураа унагасан газар гээд тэндээ цогцолбор барьж жилдээ 10 гаруй саяжуулчин хүлээн авч байна. Жуулчид Чингис хааны төрсөн нутагт ирлээ гэхэд нь бид үзүүлж харуулах зүйлтэй байх хэрэгтэй. Энэ бүтээн байгууллатын ажлууд жуулчдыг татахад нэмэр болно. Хэнтий аймагт Чингисийн холбогдолтой газар сум бүрт бий. Тиймээс орчин үеийн баазуудыг бий болгох ёстой. Энэ жилээс нисэх онгоцны буудлаа барьж эхэлнэ. Нисэх онгоцны буудалтай болсноор жуулчдын тоо нэмэгдэнэ” гэдгийг онцолсон юм.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийхээ амлаад байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ