Зуу гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөв
2019.05.17
Орон нутгийн хөгжил

Зуу гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөв

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 онд эхэлсэн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн ажлыг 2019 онд үргэлжлүүлэхээр нээлтийн арга хэмжээг тавдугаар сарын 17-нд зохион байгууллаа.

Энэ удаа 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Сайншанд сумын IV, V багт 300 метр хатуу хучилттай авто зам, III багт Иргэдийн хөгжлийн төв, Цэвэрлэх байгууламж, Хамарын хийд хүртэлх 6,8 км авто зам, V багт усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлнэ.

Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө болон хувийн хэвшлийн 38,8 орчим тэрбум 67 бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байсан бол энэ онд улсын болон орон нутгийн 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийхээр төлөвлөжээ.

Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга, Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах суманд хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүдсуманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийх аж.

Бүтээн байгуулалтын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,  аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр болон албаны төлөөлөгчид, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мянган хүний суудалтай соёл, спорт цогцолбор сүндэрлэнэ

Сайншанд сумын хоёрдугаар багийн нутаг “Нарлаг шанд” хорооллын урд дэнж дээр 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолборыг барихаар тендерт "Болор аграмба” ХХК шалгарч тавдугаар сарын 17-ноос ажлаа эхлэв.

Тус компани улсын төсвийн тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх  барилгыг барих бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.Тус цогцолбор нь стандарт спорт заал, бөх, бокс, гимнастик, аэробек, шатар, даам, теннис зэрэг олон төрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд болон үйлчилгээ, оффисын танхимтай.

Дөрөвдүгээр багт 0.3 км авто зам барих ажил эхлэв

Сайншандын дөрөвдүгээр баг буюу төмөр замын сууринд Иргэдийн хөгжлийн төв, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төв баригдаж байна.

Төв замаас зүүн тийш дээрх бүтээн байгуулалт хүртэлх 0,3 км хатуу хучилттай авто замыг шинээр барих ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Дорноговь АЗЗА” ТӨХК барихаар ажлаа эхэлсэн бөгөөд  энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс  чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор  дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлж байна гэж албаныхан онцлов.

Хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн санхүүжилтээр Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өргөн сум руу тавих замыг 2013 оноос эхэлж барьсан ч хөрөнгө санхүүгийн улмаас өнөөг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байсан бол Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг барих санхүүжилтийг  2019 оны төсөвт тусгасан  байна.

Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийн авто зам ашиглалтад орсноор  Дорнын говийг зорих  аялал жуулчлалын урсгал ихсэж, орон нутагт аялал жуулчлалаар олох орлого нэмэгдэх боломжтой.

Бага орлоготой гэр бүлд гэр гардуулав

“Их бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын нээлтийн ёслолын үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын бага орлоготой, өөрийн орон гэргүй долоон гэр бүлд албаныхан өргөө цагаан гэр гардуулав.

Сайншанд сумын I багийн иргэн Б.Ариунбаяр, II багийн иргэн Ц.Болортунгалаг, III багийн иргэн Д.Наранчулуун, IV багийн иргэн Э.Од-Эрдэнэ, V багийн иргэн О.Энхтуяа,М.Цогтбаатар, VII багийн иргэн Ц.Өөдөс нар шинэ гэртэй болов. Дашрамд дурдахад  Дорноговь аймаг 2016 оноос хойш нийт 66 гэрийг бага орлоготой өрхөд гардуулаад байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ