Монголын хамгийн анхны, хамгийн том задгай бассейн эргэн сэргэлээ
2019.08.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монголын хамгийн анхны, хамгийн том задгай бассейн эргэн сэргэлээ

Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хамгийн анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан “Задгай” гэдгээрээ алдартай усан бассейны их засварын ажлыг “Доншень газрын тос Монгол” ХХК –ийн хөрөнгө оруулалтаар “Миний Сайншанд” ХХК гурван сарын дотор сэргээн засах ажлыг чанартай хийж гүйцэтгэжээ.

Ийнхүү Зүүнбаян тосгоны сэргэлт эхэллээ. Зүүнбаянгийн иргэд хуучны сайхан цагаа дурсан суудаг үе өнгөрч ажил амьдрал буцалсан аз жаргалтай он жилүүд урсан ирж байгаад баярлаж энэ бүхний эхлэлийг тавьсан УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайханд улам их амжилтыг хүсэн ерөөж байна.

Анх энэ бассейныг 1952-1967 онд ажиллаж байсан нефтийн үйлдвэрийн ажилтнууд барьжээ. Уртаашаа 50 м, өргөнөөрөө 25 м, гүн нь 4 м, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.50-1,5 м, дотор нь зааны барималтай, томчуудын хэсэгт дээрээс үсрэх тавцантай, тохилог сайхан бүтээн байгуулалт байлаа. Бассейныг тойруулан мод суулган зүлэгжүүлсэн бөгөөд эргэн тойрон сандалтай, хажууд нь хүнсний жижиг мухлаг, цайны газар ч байдаг байв. Бассейны урд хэсэгт цементэлсэн бүжгийн талбайтай, зуны дэлгэр цагт орой бүр бүжиг явуулдаг байжээ.

Монголд усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд Зүүнбаян дахь энэ бассейнд болж, эмэгтэйчүүдээс Зояо буюу Алтантуяа, эрэгтэйчүүдээс Андрей нар улсын аваргаар шалгарч, эхний гурван байрыг Зүүнбаянгийн залуучууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь түүх болон тэмдэглэгджээ.

ШИНЭ МЭДЭЭ