Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ
2019.10.08
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Дэд бүтцийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармендра Пратхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, Энэтхэг улсаас МУ-д суугаа элчин сайд М.П.Сингх, Дорноговь аймгийн удирдлагууд болон ард иргэд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ.

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна.

Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ