Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав
2019.10.24
Зам, Тээвэр

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцсан ажлаа танилцуулж, “…энэ ондоо багтан Зүүбаянгаас эхлэн 50 км төмөр замыг тавьж дуусгахаар ажиллаж байгаа” гэдгээ хэллээ.

Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй төрийн байгууллага болон хувийн компаниуд өвлийн улирал харгалзахгүйгээр суурийн далангийн болон дээд бүтцийн бэлдэц хийх, карьер гаргах зэрэг ажлуудаа гүйцэтгэж, гуравдугаар сарын эхэн гэхэд доод бүтцийн ажилдаа шуурхайлан орохоор төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаатай холбогдуулан зохих байгууллагууд уялдаа холбоогоо улам сайжруулж, зарим яамд тулгарсан асуудлыг нь түргэн шуурхай шийдвэрлэхээр болсон юм.

 

Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд 30 орчим аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа бөгөөд 414 км урт технологийн замаа тавьж дуусгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан болон О.Содбилэг нарын гишүүд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ