Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын цөм нь монгол хүн байна
2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын цөм нь монгол хүн байна

Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаан 11 цаг 18 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн бодпого төлөвлөлтийн тухай хуулийн 7.4-т “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг Засгийн газар өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэж заасны дагуу “”Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсныг төсөл санаачлагч дурдав.

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байсаар байна. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна.

Энэ бүхнээс үндэслэн дүгнэхэд Монгол Улсын цаащдын ирээдүйн макро эдийн засгийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, мөчлөг сөрсөн, өрийн дарамт болон зардпын өсөлтийн нарийвчлан тооцсон аргачлалаар дунд хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, улмаар урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангасан өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан байх шаардлагатай бөгөөд эдийн засгийн өсөлт хүний хөгжил, дундаж орлоготой иргэдийг тэтгэх цогц бодлогод илүүтэй чиглэх бодит шаардлага тулгарч байна.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төлвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн туүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад "... Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж тус тус заасан.

Дээрх гадаад, дотоод нөхцөл байдал, түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын хүрээнд өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болоод байгааг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлс нь эзэнт гүрнээс өнөөдрийг хүртэлх түүхэн үечлэл, алдаа оноо, үл давтагдах нүүдэлчин соёл, сэтгэлгээ, үнэт зүйлс, хөрвөх чадвартай монгол хүний ирээдүйг төсөөлөх оюун санааны давхцал байх болно. Өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар байх юм.

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын гол цөм нь монгол хүн байж хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Дэлхий нийтийн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын суурь эхлэлтийн цэг нь ногоон хөгжил байх бөгөөд байгаль орчны нөөц бололцоо, газар зүйн байршлын давуу тал дээрээ үндэслэн эдийн засаг, дэд бүтэц, бүс нутгийг хөгжүүлэх явдал юм. Эдийн засгийн хөгжлийн үр дүнд бий болгосон баялгийг хүндээ хүргэж нийгмийн хөгжлийг бий болгоно. Ухамсартай, боловсролтой иргэд ирээдүйд байгаль орчноо зохистой ашигладаг болно гэдгийг тэрбээр онцоллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодпогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Үүнд:

  • 1.Үндэсний нэгдмэл үнэт зүйл-”Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”;
  • 2. Хүний хөгжил-“Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”;
  • 3. Амьдралын чанар ба дундаж давхарга-”Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”;
  • 4. Эдийн засаг-”ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”;
  • 5. Сайн засаглал-Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”;
  • 6. Ногоон хөгжил-“Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана";
  • 7. Амар тайван, аюулгүй нийгэм-”Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”;
  • 8. Бүсчилсэн хөгжил-Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшил:. суурьшлын тогтвортой тогтолцоотой. өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ";
  • 9. Улаанбаатар ба дагуул хот-“Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдэд салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн багтаж ажиллажээ.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино  хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан. Монгол Улсын эдийн засгийн жилд 5 хувийн өсөлттэй байхад энэхүү хөгжлийн бодлого хэрэгжих бодит боломжтой гэж тооцсон тухайгаа төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан, С.Бямбацогт нар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ