МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн байнгын хорооноос 2020 оны улсын төсвийн тодотголтой холбоотой ажлын хэсгүүд байгууллаа
2020.08.18
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн байнгын хорооноос 2020 оны улсын төсвийн тодотголтой холбоотой ажлын хэсгүүд байгууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.18) хуралдаан 11 цаг 48 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр хүрэлцэн ирсэн гишүүн; хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл; хуралдаан тасалсан гишүүн гэсэн дарааллаар танилцуулахаар хуульчилсны дагуу Байнгын хорооны дарга Б.Жавхлан ирцийг танилцуулсан.

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.10, 8.10.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан Үндэсний Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Төсвийн байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар танилцууллаа.

Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн талаар: Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 164 тайлан нэгтгэгдсэнээс 119 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 41 байгууллагад аудитын түүвэрт хамрагдан, 4 байгууллагад итгэл үзүүлжээ. Санал, дүгнэлт гаргасан 119 байгууллагаас 103 байгууллагад зөрчилгүй, 8 байгууллагад хязгаарлалттай, төсөл хөтөлбөрийн 8 нэгжид аудит хийжээ. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 705.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 225.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 131.1 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 185.6 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 176 зөвлөмж өгсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд дараах асуудлуудад зөвлөмжийг хүргүүлсэн байна. Санхүүгийн тайлагналтай холбоотой: Санхүүгийн нэгтгэсэн тайланд урт хугацаатай хөрөнгө оруулалт 46 тэрбум, төрийн өмч 6.5 тэрбум, хуримтлагдсан үр дүн 39.5 тэрбум төгрөгийн дүнтэй 8 данс нэгтгэгдсэн ба эдгээр дансны хөрөнгийн дүн шат шатны төсөв захирагчийн санхүүгийн тайланд нэгтгэгдэхгүй, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шууд нэгтгэгдэж байна гэлээ. Харъяа төрийн өмчийн хувьцаат компаниуд болон бусад оруулсан хөрөнгө оруулалтыг харъяалах төсөв захирагчийн санхүүгийн тайланд тайлагнаж, баталгаажуулж байх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэлээ. Дамжуулан зээлтэй холбоотой: гадаад зээлээс дамжуулан зээлдүүлсэн 4 төсөл арга хэмжээний 102.1 тэрбум төгрөгийг эдийн засгийн ангилалд зөрүүлэн дотоод зээлийн эргэж төлөгдөх зээлийн эдийн засгийн ангилалд тайлагнасан нь нийт эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх 11 төсөл арга хэмжээний санхүүжилт, гүйцэтгэлээр 239.9 тэрбум төгрөг байгаа ба батлагдсан төсвөөс 118.9 тэрбум төгрөгөөр хэтэрсэн. Зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээлийн эх үүсвэрээс Зээлийн батлан даалтын санд дамжуулан зээлдүүлсэн 58.6 сая ам.долларын гэрээг төгрөгөөр байгуулж, 6.3 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний алдагдал хүлээжээ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг мөрдөж ажиллах, дамжуулах зээлийн гэрээг тухай зээлийн нөхцөлтэй уялдуулан, төсөвт аливаа төлбөрийн нэмэлт дарамт учруулахгүй байх зарчмыг баримтлан байгуулах нь зүйтэй гэв.

Төсөл хөтөлбөрийн нэгжтэй холбоотойгоор, дууссан төслийн 146.5 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, 179.8 тэрбум төгрөгийн нийт хөрөнгийн дүнтэй үйл ажиллагаа, чиг үүргийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй, статус нь нарийн тодорхойлогдоогүй 2 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна. Үүнээс 15.9 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, авлагын тооцоо нийлсэн акттай 5.1 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа гэв. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэгч нэгж нь анхан шатны баримтын бүрдэл дутуу, үндсэн хөрөнгө, бараа материалыг бараа үйлчилгээний зардлаас бэлтгэж зориулалт бус зардал гаргасан байна. Дууссан төслийн хаалтын санхүүгийн тайлан гарган, хөрөнгө эх үүсвэрийг хууль журмын дагуу шилжүүлж ажиллаж байх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж байх шаардлагатай гэв.

Харъяа газруудад дараах алдаа зөрчил илэрсэн болохыг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулсан. Тухайлбал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 7 төсөл хөтөлбөр, нэгж, Татварын ерөнхий газрын харъяа Багахангай дүүргийн татварын хэлтсийн 2019 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Харъяа байгууллагуудын санхүүгийг аудитаар нийт 161.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 105.9 тэрбум төгрөгийн 83 алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 54.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 173 зөвлөмжийг өгсөн гэлээ. Харъяа байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн дамжуулан зээлийн авлага, өр төлбөрийг санхүүгийн тайланд бүртгэх, тооцоо нийлж баталгаажуулах, барагдуулах, төслийн нэгжүүдийн зарцуулалт, бүртгэл тайлагналыг сайжруулах, санхүүгийн бодлогоор хангаж ажиллах үр дүнг дүгнэж байх шаардлагатай гэдгийг дүгнэлтэд дурджээ.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, Сангийн сайд болон Үндэсний Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга мэдээлэл авлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар аудитын байгууллагын зөвлөмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэх харах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Аудитаар илэрсэн алдаа, дутагдалтай асуудлуудыг хугацаа алдалгүй шийдвэрлэх гарцыг Сангийн яам тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд шийдэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь төсвийн мөнгө биш учраас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, эм эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хуулийн дагуу зарцуулах, бялдаржуулах танхимуудад олгохоор төсөвлөсөн хөрөнгийг зарцуулах чиглэлд ажиллах шаардлагыг С.Одонтуяа гишүүн дэлгэрэнгүй тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Үндэсний Аудитын газар төрийн албаны бүх шатыг хамарч ажилладаг, гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянадаг байх, төрийн албыг чадавхжуулах шаардлагын талаар санал хэлсэн. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг сайтар хянах нь 2020 оны төсвийн тодотголтой холбоотой шийдвэр гаргахад чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хэлж, тодорхой нэгжийн зардлын задаргааны талаарх мэдээллийг хүссэн. Мөн тэрбээр гадаад хөрөнгө оруулалтын Монгол Улс дахь эдийн засгийн үр өгөөж, татварын мэдээлэл, арилжааны банкуудын үйл ажиллагааны үр өгөөжийн талаар анхаарах шаардлагын талаар хэлж, холбогдох мэдээллийг хүссэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан зөвлөмж, дүгнэлтээ бодитой гаргах тал дээр Үндэсний Аудитын газар анхаарах саналыг хэллээ. Ингээд “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны хуралдаанаар баталж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан. Уг хуульд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 74.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тусгасан юм. Корона вирусын халдвар цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учруулж, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Үүний улмаас Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ий хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Баделхан, С.Амарсайхан, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа.

Төсвийн алдагдлыг байгаагаас бага хэмжээгээр тооцож байсан ч корона вирусийн цах тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлого нэлээд хувиар буурсан болохыг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн юм. 2020 оныг хамгийн хүндрэлтэй байна хэмээн тооцоолж байгаа бөгөөд цаашид корона вирусийн эсрэг вакцин гарах, шинжилгээний арга, төрөл нэвтрэх магадлалтай. Бусад улс орны тандалт, хандлагаас харахад ирэх жил 4-5 хувиар өсөх төлөвтэй учир бодит байдал болон ирэх онуудын төлөвийг төсөлд тусгасан гэв. Тодруулбал, 2021 онд эдийн засаг 7.2 хувиар өснө, 2022 онд 4.4 хувиар өснө хэмээн үзсэн байна. Энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлээр инфляцийн түвшин 3.4 хувьтай байгаа бөгөөд төсөлд 3.8 байхаар тооцоо хийсэн гэв. Энэ жилдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.7 их наяд төгрөгөөр, ирэх жил 11.4 их наяд төгрөг, 2022 онд их наяд төгрөгөөр төсөөлсөн нь эдийн засгийн өсөлттэй уялдуулсан тооцоолол болохыг Сангийн сайд тайлбарласан. Ирэх онд 500 сая ам.долларын бондын төлбөр хийгдэх ёстой бөгөөд 100 сая ам.долларыг хуримтлалаас төлж, үлдсэн хэмжээгээр нь бонд гаргах тооцоололтой байгаа аж. Цар тахлын нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн тохиолдолд, дотооддоо алдчихвал өрийн босго нэлээд шахагдах, ихээхэн дарамт үүсгэх эрсдэлтэй гэв. Засгийн газар өрийн асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаар төлөвлөөд буйг тэрбээр энэ дашрамд хэлж байлаа. Өрийн босго 2020 онд 70 хувь, ирэх жилд 60, 2022 онд мөн 60 хувьтай байгаа бөгөөд төсвийн хүрээндээ Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д ирэх жил 58.4, жил тутам 4 пунктээр буулгахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн гишүүдийн тодруулсны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар, концессын талаар, экспортын нөхцөл байдлын талаар тодруулга, мэдээлэл өгсөн юм. Төсвийн алдагдлын санхүүжилтийн талаарх асуултад тэрбээр хариулахдаа, 1.2 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гарахаар тооцоод байгааг хэллээ. Монголбанк банкуудтай холбоотой асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэж, арга хэмжээ аваагүй учраас үүссэн эрсдлийг хариуцан Капитал банк дээр Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний үлдэгдэл болох 240.6 тэрбум төгрөгийг төлүүлэхээр төлөвлөсөн байна.

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтүүдийг тодорхой хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн хөтөлбөрийн зээлийг 2.3 их наяд хэмээн тооцсон бөгөөд одоогийн байдлаар 299 сая ам.долларыг авсан байна. ЖАЙКА-гаас 280 орчим сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар гээд нийт 2.3 их наядын зээлийг авахаар гэрээ хэлцэлүүд хийгдчихсэн байгааг болохыг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ. Мөн Тогтворжуулалтын сангийн мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ашиглах хууль эрх зүйн орчинтой учраас 150 тэрбум төгрөгийг ашиглах бололцоотой гэж тооцсон гэв. Ийм байдлаар бонд гаргахгүйгээр алдагдлыг санхүүжүүлэх тооцооллыг хийсэн талаар тэрбээр тайлбар мэдээлэл өгсөн юм.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Амарсайхан нар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг он дамнуулан төсөвлөх, тодорхой гүйцэтгэлтэй ажлуудын санхүүжилтийг тодотголын хүрээнд хасчихаар өртөг, зардал эрс нэмэгдэх гээд байгааг сануулж хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хүний хөгжлийн асуудалд анхаарал хандуулахгүй, төсөв хөрөнгө зарцуулахгүй байгааг шүүмжилсэн бол Б.Чойжилсүрэн гишүүн энэ оны нэгдсэн төсвийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг, ДНБ-ий 12.5 хувьд хүрсэн буюу түүхэн дээд хэмжээнд хүрч буйг анхаарууллаа. Үүнээс үүдэн олон улсын санхүүгийн зах зээл дээр үүсэх сөрөг нөлөөллийг тооцох, өрийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах шаардлагын талаар санууллаа. Тиймээс гишүүд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулахад анхаарах шаардлагатайг гэв. Экспортыг огцом нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг саналыг Б.Чойжилсүрэн гишүүн хэлж байлаа.

Эдийн засгийн чиглэлийн салбарын сайд нарт үүрэг, чиглэл өгсөн бодлогын баримт бичиг батлах шаардлагатай гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Зөвхөн Сангийн яам төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь хангалтгүй, эдийн засгийн чиглэлийн салбар бүр биеэ даасан бодлоготой, экспортыг нэмэгдүүлдэг, валют оруулж ирдэг, зарим санхүүжилтээ өөрсдөө шийддэг, харъяа төрийн өмчит компаниудынх нь тайлан, баланс зохистой байгаад, олон улсын зах дээрээс санхүүжилт босгох чадвартай, эргэн төлөлтөө хийдэг байхаар шахаж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах бололцоотой газруудын хүн хүч, хөрөнгийн асуудлыг шийдээд тэдгээрийг шахаж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь 81.8 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж 19 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэв. Үүнд цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийн багц арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа ч цаашид цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж болзошгүй байгааг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих аж. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх…” хэмээн заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн зарим заалтын дагаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулж, сургууль орчинд худалдаа эрхлэгчид болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд боломж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуульд заасан тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх асуудлыг Засгийн газар журмаар зохицуулдаг байх зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа тодорхойгүй байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тодорхой чадавх бүрдэж, нөхцөл байдал сайжрах хүртэл хугацаанд Ирээдүй өв сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагаар дамжуулж эрсдэлгүй удирдах зохицуулалтыг Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн төлбөрийн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж, банкны жилийн зардлын өсөлтөд нөлөөлж байгааг харгалзан, мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газрын харъяа байгууллага хоорондын чиг үүргийн шилжилттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан болохыг Сангийн сайд танилцуулсан.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Сангийн яам болон эрх бүхий байгууллага бүх нөөц бололцоогоо дайчлан хуваарилалт хийн, шийдвэр гаргадаг боловч хэрэгжилтийг хянаж байх нь зүйтэй гээд Төсвийн байнгын хорооноос энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулах санал хэллээ. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь 54.5 хувийн саналаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсгүүд байгууллаа

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулсан. Санал хураалтад Улсын Их Хурлын 12 гишүүн оролцож, 10 нь буюу 83.3 хувийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар ажиллах юм. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Энэхүү Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Баделхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар ажиллахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ